Алжирын нэг сая гаруй иргэн жагсжээ

Алжирын нийслэлд болсон, тус улсын Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд нэг сая гаруй хүн оролцжээ. Жагсагчид Төрийн тэргүүн, 82 настай Абдельазиз Бутефликийг ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа нэрээ дэвшүүлэхгүй байхыг шаардсаныг “Al watan” сонин мэдээлсэн байна. Өнгөрсөн сарын 24-нөөс Швейцарын Женев хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтэй түүнийг улс орноо удирдах үүргээ гүйцэтгэж чадахгүй хэмээн жагсагчид урьдын адил мэдэгджээ.

Жагсаал тайван болсон хэдий ч хэв журам сахиулахын тулд цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн жижүүрлэж, төрийн байгууллагууд, гадаадын ЭСЯ-ны барилгуудыг хамгаалалтдаа авчээ. Аюулгүй байдлын үүднээс метро, цахилгаан автобусны хөдөлгөөнийг ч түр зогсоосон гэнэ. Сүмүүдийн хамба лам нар хуулийн хүрээнд тайван жагсаал хийхийг иргэддээ уриалж байлаа.

ГУДАМЖ, ТАГТ, ДЭЭВЭР Ч ДҮҮРЭН БАЙВ

Жагсагчид хотын төвийг дүүргэж, эрх баригчдаа, тухайлбал, “Үндэсний чөлөөлөх фронт” нам, Засгийн газар, Ерөнхийлөгчөө эсэргүүцсэн уриа, лоозон барьсан байлаа. Эмэгтэйчүүд, хүүхэд жагсагчид дунд цөөнгүй байсан гэнэ. Гудамжинд гараагүй нь орон сууцныхаа тагт, бүр дээвэр дээрээс эсэргүүцлийн ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Нийгмийн сүлжээнүүд хэдхэн цагийн дотор цагаан, ногоон, улаан өнгийн төрийн далбаатай жагсагчдын олон мянган гэрэл зургаар дүүрсэн аж.

“Тав дахь хугацаа гэж байхгүй! Хаант улс биш! Бутефлик, огцор! Чөлөөлт, ардчилсан Алжирын төлөө” хэмээн жагсагчид хашхирч байв. “Ард түмэн эрх баригч дэглэмийг унагахыг хүсэж байна!” гэсэн Арабын хаврын үеийн лоозонг ч эндээс сонсож болохоор байжээ. “А.Бутефлик сонгуульд оролцохоо өнгөрсөн сард мэдэгдсэнээс хойш эсэргүүцлийн урьд өмнө байгаагүй том ажиллагаа Алжирт боллоо. Хүмүүс эхлээд одоогийн Ерөнхийлөгчөө эсэргүүцэж байсан бол одоо улс төрийн тогтолцоог бүхэлд нь халахыг шаардав” хэмээн “Al watan” сонинд тэмдэглэсэн байна.

“ХУЛГАЙЧ НАР МАНАЙ УЛСЫГ ИДЛЭЭ!”

Алжир даяар өрнөсөн жагсаалын үеэр онц ноцтой хэрэг явдал гараагүй гэнэ. Цагдаагийнхан улайрсан идэвхтнүүдийг намжаахын тулд хаяа нулимс асгаруулагч хий болон хүч хэрэглэжээ. “Хулгайч нар манай улсыг идлээ!”, “Авлигаас татгалзъя!”, “Ард түмэн Бутефликийг ч, Саидыг ч (Ерөнхийлөгчийн төрсөн дүү нарын нэг, Алжирын дотоод бодлогод хамгийн нөлөө бүхий хүн) хүсэхгүй байна!” хэмээн жагсагчид хашхирч байв.

Жагсаалыг сөрөг хүчний намууд, тухайлбал, “Социалист хүчнүүдийн фронт” болон “Энх тайвны төлөө нийгмийн хөдөлгөөн”-ий исламын шашинтнууд дэмжсэн нь хүрээ нь тэлж буйг илтгэжээ. Урьд нь Үндэсний өмгөөлөгчдийн коллегийн холбооны гишүүд, Алжирын хотуудын ажилчны болон боловсролын байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлүүд жагсагчдыг дэмжсэн юм.

Эсэргүүцлийн ажиллагааг эх оронч ёслолын шинжтэй болгож, мөн олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан алжирчууд хөгжмийн зэвсэг, гоёлын хувцастай жагссан байна. “Нийслэлд болон бусад хэд хэдэн хотод жагсагчид эсэргүүцлийн ажиллагаагаа дууссаны дараа хүмүүсийн тарьсан хогийг цэвэрлэн, эх орондоо санаа тавьдаг, улс орноо гэсэн чин сэтгэл, ухамсартайгаа харууллаа” гэж “Alg24” цахим хуудсанд мэдээлжээ.

“АЛЖИР БОЛ СИРИ БИШ”

Олныг хамарсан жагсаалын үеэр “Алжир бол Сири биш” гэсэн уриаг олонтоо хэлж байв. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн эсэргүүцлийн ажиллагааг Ерөнхий сайд Ахмед Уяхья тайлбарлахдаа хэлсэн үгэнд жагсагчид ийн хариулсан аж. “Иргэд цагдаа нарт сарнай бэлэглэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Сирид бүх зүйл сарнайгаар эхэлснийг сануулмаар байна” хэмээн Засгийн газрын тэргүүн нь анхааруулахдаа өнөөг хүртэл үргэлжилж буй Сирийн зэвсэгт мөргөлдөөн 2011 онд эхэлснийг тэмдэглэжээ.

Жагсагчдын олонх нь Ерөнхий сайдынхаа хэлсэн үгийг нийгмийг айлгах гэсэн санаархал хэмээн үзсэн байна. Сирийн үйл явдал улс оронд нь давтагдахгүй гэдэгт Алжирын улстөрч, нийтлэлчид итгэлтэй байна. Тэдний үзэж буйгаар “Алжирчууд илүү нягт ард түмэн. Сириэс ялгаатай нь угсаатны болон шашны ялгаа байдаггүй”.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)