Алданги нэрээр ахиу хүү төлөх ёсгүй

Нэг танил минь “Оч санхүүгийн групп” (нэрийг нь өөрчлөв) нэртэй байгууллагаас автомашинаа барьцаалан таван сая төгрөгийн зээл авчээ. Зээл нь сарын 3.8 хувийн хүүтэй, зургаан сарын хугацаатай. Түүнд зээлийн эргэн төлөлтийг хүснэгтээр үзүүлсэн бөгөөд хүү болон үндсэн зээлээс төлөх дүнг нийлүүлж, сар бүр ижил хэмжээтэй төлөхөөр заасан аж. Хүү болон зээл төлөх аргачлалыг төдийлөн анзаарахгүй гарын үсэг зуран, зээл авчихсан байв.

Хүүг нь тооцохдоо сар бүр үндсэн зээлээс буюу анхны авсан таван сая төгрөгөөс бодож байсныг удалгүй мэдсэн юм. Мөн зээлээ сар бүрийн сүүлийн өдрийн, үдийн 12.00 цагаас өмнө төлөх ёстой бөгөөд тухайн цагаас оройтуулбал хугацаа хэтэрсэнд тооцно гэжээ. Ингэснээр хугацаандаа зээлээ төлөөгүйн алданги буюу үндсэн зээлийн 0.5 хувьтай тэнцэх мөнгийг, хугацаа хэтрүүлсэн хоног бүр төлөхөөр заажээ. Найз маань зээлэндээ сар бүр нэг сая гаруй төгрөг төлж байсан нь санхүүгийн дарамтад оруулсан тул зээлдүүлэгч талтай маргаан үүсгэсэн юм.

Зээлийн хүүг тогтмол үндсэн зээлээс бодож авч болох, эсэх мөн алданги нэрээр өрийн дарамт үүсгэж буй талаар Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), шүүхэд гомдол гаргажээ. Харин уг маргаан дээрх байгууллагуудын шийдвэрлэх асуудал биш байсан гэв. Учир нь санхүүгийн групп гэсэн боловч энгийн нэг барьцаалан зээлдүүлэх газар байсан нь хуулийн дагуу СЗХ үйл ажиллагаанд нь оролцох боломжгүй болжээ.

Улмаар зээлийн хүүгийн хэмжээ, хүү тооцох аргачлал, алданги буюу хугацаандаа зээлээ төлөөгүйгээс үүдэн нэмэгдүүлсэн хүү төлж буй талаар холбогдох байгууллагууд зохицуулалт хийх боломжгүй болсон. Ингээд таван сая төгрөгийг зургаан сарын хугацаатай зээлсэн иргэн хүү, алдангийн хамт долоон сая гаруй төгрөг төлснөөр маргаан эцэслэсэн тухай ярилаа.

Дээрх шиг тохиолдол цөөнгүй гардаг ч санхүүгийн хэрэгцээгээ Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоодоос (ХЗХ) “залгуулагсад” олон. Учир нь арилжааны банкны шалгуур өндөр, зээл авахад бүрдүүлэх бичиг баримт олон, барьцаа хөрөнгийн хэмжээ хангалтгүй зэргээс шалтгаалдаг гэнэ. ББСБ-аас хоёр дахь удаагаа зээл авсан Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Уранчимэг “ББСБ нь иргэдийн барьцаа хөрөнгийг банкнаас өндрөөр үнэлж, түргэн шуурхай үйлчилдэг.


...Улмаар зээлийн хүүгийн хэмжээ, хүү тооцох аргачлал, алданги буюу хугацаандаа зээлээ төлөөгүйгээс үүдэн нэмэгдүүлсэн хүү төлж буй талаар холбогдох байгууллагууд зохицуулалт хийх, хариуцлага тооцох боломжгүй болсон. Ингээд таван сая төгрөгийг зургаан сарын хугацаатай зээлсэн иргэн хүү, алдангийн хамт долоон сая гаруй төгрөг төлснөөр маргаан эцэслэсэн тухай ярилаа...


Жилийн хүү нь банкныхаас 1.5-2 дахин өндөр боловч арилжааны банкны шаардлага хангаагүй хүмүүс сонгохоос өөр аргагүй. Нэг ББСБ-аар олон удаа үйлчлүүлбэл хүү буурах нөхцөлтэй. Одоохондоо тэдгээр байгууллагаас санхүүгийн хэрэгцээгээ хангаад, бизнесийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж байна” гэлээ.

Манай улсад энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх нь буюу 90.9 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлдэг гэжээ. Тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар өсчээ. Хөрөнгийн нэмэгдлийн 74.1 хувийг зээлийн өсөлт бүрдүүлж буй юм. Түүнчлэн 291 ХЗХ ажиллаж буй бөгөөд гишүүдийнх нь тоо өнгөрсөн оныхоос 20.7 хувиар нэмэгдсэн байна.

Салбарын нийт орлого 37.4 хувиар өсөж 19.3 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшин гэнэ. Мөн хот, хөдөөд нийт 1300 гаруй барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан бус тоо бий. Дээрх байгууллагуудын хөрөнгө өсөхийн хэрээр тэдгээрээр үйлчлүүлж буй иргэдийн тоо, авсан зээлийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үг.

Зээл авсан иргэдийн тоо ихэссэн нь өртэй хүмүүсийг олшруулж, иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл ямар нэг байдлаар хохирсон иргэн хаана, хэнд хандах ёстой вэ. ББСБ болон ХЗХ-дын хөрөнгө зузаарч, санхүүгийн нөхцөл, байдал сэргэх нь эдийн засагт ямар өгөөжтэй бол.

Банкнаас бусад санхүүгийн байгууллагын өсөлт, хөгжил нь зах зээлд тэдгээрийн орон зай хэр томорсныг харуулж буй. Эрэлт их байгаа тул байгууллагын хөрөнгө нэмэгдэж, тухайн салбараар үйлчлүүлэгчийн тоо, зээлийн хэмжээ ихэссэн гэсэн үг. Мөн тэдгээрийн тусламжтай иргэд санхүүгийн хэрэгцээгээ хангах боломж бүрдэж буй нь эдийн засагт эерэг дүн үзүүлдэг гэнэ. Арилжааны банкуудтай харьцуулахад зээлийн хүү өндөр байдаг нь банкны шаардлагад нийцээгүй зээлдэгчийн эрсдэлийг тооцдогтой холбоотой.

Аль ч улсын санхүүгийн зах зээл дэх банкнаас бусад санхүүгийн байгууллагын дотоод үйл ажиллагаа, тэдгээрийн зах зээлд эзлэх хувь болон зээлийн хүүгийнх нь хэмжээг төрөөс зохицуулах боломжгүй аж. Харин тухайн байгууллагууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу, өөрийн болон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчиж буй, эсэхийг СЗХ хянадаг байна. Түүнчлэн иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ санхүүгийн групп, зээлийн төв гэх мэт ямар ч нэртэй байсан СЗХ-нд бүртгэлтэй, ББСБ, ХЗХ мөн, эсэхийг нягтлах ёстой гэнэ.

Барьцаалан зээлдүүлэх газар, хувиараа мөнгө зээлдүүлэгчтэй харьцахдаа зээлийн гэрээг сайтар судлах хэрэгтэй бөгөөд нэгэнт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үйлчлүүлэгчийн буруу болдог байна. Нэг үгээр хэлбэл, ломбардууд хэт өндөр хүү төлүүлэх, барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлж, цөөн хоногоор зээл олгох нь тэдний “эрхийн” асуудал тул иргэд өөрийн санхүүгийн чадамж, эрсдэлээ тооцон үйлчлүүлэх ёстой аж.

ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаанд төрөөс хэрхэн зохицуулалт хийдэг талаар СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын бодлогын газрын ахлах референт Н.Оюунчимэг “ББСБ, ХЗХ нь өөрсдийн хөрөнгөөр, үйлчлүүлэгчтэй тохиролцон, гэрээ байгуулснаар үйл ажиллагаа явуулдаг тул бид тэдний ажилд оролцох эрхгүй. Тэдгээрийн олгож буй зээл, зээлийн хүүгийн хэмжээ, барьцаа хөрөнгийн үнэлгээ зэрэг нь тухайн байгууллагын дотоод журмаар шийдэгдэнэ.

Бид тэдгээр байгууллагад олгож буй зээлийнхээ захиран зарцуулалтыг тэмдэглэх, шалгах үүрэг өгдөг. Одоогийн байдлаар нийт зээлийн 60-65 хувийг бизнесийн зориулалттай олгосон гэсэн нь тэр хэрээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буй болов уу. Оны эхний хагас жилийн байдлаар ББСБ-уудын жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр буурч 3.4 хувь болсон. Мөн ХЗХ-дын гишүүдийн тоо болон хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн нь энэ салбар сэргэж, иргэдийн итгэл нэмэгдэж буйн илэрхийлэл” гэсэн юм.

Дээрх салбаруудаар үйлчлүүлэгч иргэдээс ирсэн санал, гомдол, тэдгээрийг шийдвэрлэсэн байдлын талаар СЗХ-ны Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах, хянан шалгах хэлтсийн ахлах хянан шалгагч А.Авир “Оны эхний хагас жилийн байдлаар ББСБ-уудын үйл ажиллагаатай холбоотой 29, ХЗХ-дынхтой холбоотой найман өргөдөл, гомдол ирсэн. Үүнээс есөн өргөдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, нэгийг нь хуулийн хугацаанд хянаж байна. Бусад өргөдөл, гомдлыг СЗХ-ны эрх, үүргийн дагуу шийдвэрлэлээ.

Гомдлын ихэнхийг зээлийн мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулах, хүүг буруу тооцсон болон зээлийн гэрээний маргаан эзэлж байна. Мөн хугацаандаа зээлээ төлөөгүй иргэдийн төлөх дүн дээр алданги нэрээр ахиу хүү тооцон авдаг байдлыг өнгөрсөн онд халуулсан. Иргэд алдангид дурын хүү төлөх ёсгүй бөгөөд хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд, журмын дагуу нэмэгдэл хүү төлж болно гэж заасан.

Тэр хүүгийн хэмжээ үндсэн хүүнд төлөх дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Иргэдэд хандаж хэлэхэд манайд бүртгэлтэй, албан ёсны зөвшөөрөлтэй, аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлсэн тохиолдолд тэдгээртэй холбоотой маргааныг бид хуульд заасан эрхийн дагуу шийдвэрлэх бололцоотой” гэлээ.


С.Цэрэндулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)