Албан тушаалын хэргийн холбогдогч М.Тулгыг мөнгө тараасан үндэслэлээр шалгаж эхлэв

УИХ-ын өнгөрсөн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан Мижидийн Тулга энэ удаа нийслэлийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдлөө. Гэвч Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан “Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлээр түүнийг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр энэ сарын 13-нд хүн бүрт 100 мянган төгрөгөөр тооцон 25-50 сая төгрөг тарааж байхад нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн иргэдийн мэдээллээр очиж хураан авсан юм байна. М.Тулга өмнө нь иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор сонгогчдыг дайлсан гэх гомдол цагдаагийн байгууллагад ирсний дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан аж. Харин өнгөрсөн мягмар гарагт мөнгө тараасан гэх үйлдлийг нь нотлох баримт болсон мөнгөнийх нь хамтаар ТЕГ-т шилжүүлснийг эх сурвалжууд батлав.

М.Тулгын хувьд эрүүгийн хэргийг нь шүүх эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй байхад УИХ-д ч, нийслэлийн ИТХ-д ч нэр дэвшсэн яллагдагч нарын нэг юм. Түүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зун товлоод байсан ч Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэнээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. Тэрбээр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж 2011, 2012 онд хийх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)