Албан тушаалтны ар гэрийнхнийг ч “ацан шалаанд” оруулах уу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн албан хаагч, тэдний гэр бүлийнхнийг оффшор данстай байхыг хориглож буй энэхүү төслийн талаар санал, дүгнэлт боловсруулсан ажлын хэсгээс өмнөх хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналуудыг тусган, зарчмын зөрүүтэй зургаан томьёолол бэлтгэж, тэдгээрийн хүрээнд санал хураах байсан ч уг хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлууллаа.

Энэ хугацаанд ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт дахин бэлтгэж санал, дүгнэлтээ танилцуулах юм. Тус хуралдаанд гишүүд болон албаны хүмүүс дараах байр суурь илэрхийллээ.

Гишүүн О.Батнасан: -Уг хуулийг энэ чигээр нь баталбал гэм буруутай этгээдийн ар гэр, төрөл төрөгсдөд Үндсэн хуулийн заалтыг үндэслэн ял зэм оноохгүй гэж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд нь яриад байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “албан тушаалтан эхнэр, хүүхдийнхээ нэрээр мөнгө нуувал хохь чинь шүү” гээд байдаг.

Энд ямар нэг зарчмын зөрүү байна уу. Ер нь албан тушаалтан ар гэрийнхнийхээ нэрээр баахан мөнгө авч үлдчихээд, би л буруутай гээд зогсож байх юм уу. Үндсэн хуулийн тэр заалт энэ хуулийн агуулгад таарч байгаа юм уу. Олон улсын жишиг нь ямар байдаг юм бэ. АТГ-аас 38 мянган төрийн албан хаагчаас мэдүүлэг авдгийг болиулахгүй юм уу?

Б.Энхбаяр (Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд): -Гадаад улсад мөнгө, хөрөнгө байршуулахыг хориглохдоо гэр бүлийн гишүүдэд нь халдаан, өргөжүүлэх нь Үндсэн хуулийн 16.14-ийг зөрчиж байна гэж Засгийн газраас үзсэн. Уг асуудлаар УИХ-ын Тамгын газрын байр суурийг сонсох нь зүйтэй байх.

Ер нь Үндсэн хуулийн томьёолол нь “ял зэмлэл” гэж бий. Зэмлэл гэдэг нь ёс суртахууны хариуцлага, гэм буруу, хориглосон санкцыг илэрхийлдэг. Таслалтайгаар “ял” гэж байсан бол таны хэлсэнчлэн зөвхөн Эрүүгийн хуульд заасан үйлчлэлээр хязгаарлагдана гэж ойлгож болно. Нөгөө талаар албан тушаалтан гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр гэмт хэргийн шинжтэй мөнгөн хөрөнгө байршуулах зэргийг Эрүүгийн хуулийн дагуу шалгаж, шүүхийн өмнө аваачих бүрэн боломжтой.

Үүнээс гадна төрийн албанд ажиллаж буй хүний хүүхэд аль нэг улсад сурч байхдаа тус улсад данстай байсныхаа төлөө тэр хүн ажлаасаа халагдах ёстой юу гэсэн асуулт тавьж болох юм. Төрөл садан нь хаана сурч байгааг тухайн хүн зарим талаар мэдэх боломжгүй байж болох. Манай 140 мянган иргэн гадаадад хууль ёсоор оршин сууж байгаа шүү дээ.

Өөрөөр хэлбэл, мэдээгүйнх нь төлөө албан тушаалтанд хариуцлага ногдуулах боломжийг хуулиар нээж өгөх нь Үндсэн хуультай харшилж байна гэж үзсэн. Ер нь олон улсад гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүмүүст нь гадаад улсад данс нээхийг хориглосон зохицуулалт байдаггүй юм билээ. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг хүмүүс өөрийн болон гэр бүлийн, хамаарал бүхий этгээдийн нэр дээрх данс, мөнгөн хөрөнгийг одоогийн хуулиар ч мэдүүлэх үүрэгтэй.

...Х.Нямбаатар: -Мэдүүлэг гаргаж байгаа 38 мянган төрийн албан хаагчийг хавтгайд нь хамруулахаа больё гэсэн. Зөвхөн яамны газрын даргаас дээш, улсын зарим үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлагууд, төрийн өндөр албан тушаалтнуудыг хамруулахаар ярьсан. Энд яриад байгаа хоёр жагсаалтыг тусад нь гаргахаас өөр аргагүй. Ер нь урьдчилсан мэдүүлэг өгдөг албан тушаалтны жагсаалтыг эргэж харахгүй бол аль нэг газар мэргэжилтнээр ороход хүртэл мэдүүлэг авдаг АТГ ачааллаа даахгүй байгаа. Эсвэл энэ хуулиар албан тушаалтнуудыг нэг бүрчлэн тоочих хэрэгтэй...

З.Баасанням (АТГ-ын Тамгын хэлтсийн дарга): -АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг ажлын арав хоногт багтаан хянадаг.

О.Батнасан: -Битгий худлаа яриад бай.

Гишүүн Ц.Нямдорж: -Хийж чадна л гээд байсан. Бие даасан хуулийн хэлбэрээр оруулж ирэх болов уу гэж горьдож байлаа. Оруулаад ирсэн төсөл, ажлын хэсгийн саналын аль алийг нь харахад энэ хууль урагш явахгүй ээ. Эхлээд оффшор бүс гэдгээ ойлго. Эрүүгийн шинжтэй зүйлийг Монголын хуулийн байгууллага шалгана л гээд байх юм.

Оффшор бүс гэдэг чинь Монголын байтугай хүн төрөлхтний гар хүрэхээргүй газар. Тэндээс мэдээлэл гаргаж авах ямар ч бололцоогүй. Үүгээрээ ч оффшор бүсийнхэн хөлждөг. Монголын хуулийнхны гар Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулагт хүрдэг юм. Үүнээс цааш Эрх зүйн туслалцааны гэрээгүй бол ажиллах бололцоогүй. Манайх 15 оронтой л ийм гэрээтэй байх.

Оффшор бүстэй улс орнууд угаасаа ийм гэрээ байгуулдаггүй. Та нар эдгээрийг хараагүй байна. 15 их наяд ам.доллар хилийн гадна нууж байна л гэх юм. Нөгөө талаас төрийн албанд томилогдож байгаа хүмүүсийн гэр бүлийг энэ хуульд хамруулахгүй гэж буй нь хэрэг дээрээ өөртөө бус, гэр бүлийнхээ хүмүүсийн нэр дээр хадгалуулж болно гэсэн үг байна шүү дээ. Ийм хууль гаргаад ямар хэрэгтэй юм. Ажлын хэсэг дахин ажилламаар байна. О.Батнасангийн зөв.

Б.Энхбаяр: -Чухамхүү хариуцлага тооцоход л энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа. Оффшор бүсээс мэдээлэл олж авах нь түвэгтэй. Гэхдээ олон улсын туршлагаас харахад биднээс үл хамаарч мэдээллүүд ил болж байна. Оффшор данс нээснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн тохиолдол ч гарсан. Харин тэр тохиолдолд тухайн албан тушаалтантай хуулийн хариуцлага ярих боломжгүй байсан. Оффшор данс нээхийг хуулиар хориглоогүй байсан гэсэн үг.

Тухайн хүн ёс зүйн хариуцлага хүлээгээд өөрөө албан тушаалаас чөлөөлөгдөж болох ч бас тэгэхгүй байж болох хуулийн орчин байгаад буй. Үүнийг нь хуулиар хориглочихвол албан тушаалтныг ажлаас чөлөөлөх хүртэл хариуцлага ногдуулах гээд байгаа юм.

Ц.Нямдорж: -Ерөнхий яриад байна. Оффшортой холбоотой баримт илрээд байгаа нь хүчтэй улсуудын тусгай албадын үйл ажиллагаатай холбоотой болохоос Монголынхтой хамаагүй. Мөн хакердах замаар мэдээллийг ил болгож байгаа. С.Баярцогтын оффшор данс илрэхэд том орнуудын тусгай ажиллагаанд өртөж дээ гэж ойлгож байсан. Монголын нөхцөлд тодорхой байх хэрэгтэй.

Үүнээс гадна Хууль зүйн байнгын хороо уг хууль үйлчлэх хүмүүсийн жагсаалт гаргах нь. Уг жагсаалтаар эрүүгийн хэргийн субъектын харьяалал тогтооно гэж юу яриад байгаа юм. Ийм албан тушаалтнуудад ийм асуудал гарч ирвэл ингэж шийднэ гэж хоёрдмол утгагүй, цогц зүйл оруулж ирэхгүй бол цааш явахгүй. Би хэрэгжүүлэх талаас нь л харж байна. Ер нь төслөө татаж аваад дахин боловсруул. Тал хуудас цаас бариад цааш явахгүй шүү. Энэ бол дэндүү эмзэг, хүнд сэдэв.

Гишүүн Ш.Раднаасэд: -Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт гэж бий. Гэтэл дахин ямар жагсаалт батлах гээд байна вэ. Оффшор бүсэд бүртгэлтэй манай хэчнээн төрийн албан хаагч байна вэ?

Б.Энхбаяр: -Төрийн байгууллага, олон нийтийн аль аль нь оффшор дансны талаар адил мэдээлэлтэй байгаа. Панамын баримтуудын хүрээнд илэрсэн 44 хүн бий. Үүнээс арав орчим нь төрд ажиллаж байгаа. Байнгын хорооноос гаргах хоёр жагсаалтыг нэг томьёололд оруулж болно.

Х.Нямбаатар (Ажлын хэсгийн ахлагч): -Олон улсын туршлагыг нэлээд судлахад энэ харилцааг маш олон янзаар зохицуулдаг юм байна. Тухайлбал, Франц тэргүүтэй Европын улс орон Ил тод байдлын хууль гэж батлан, 7000 орчим албан тушаалтны жагсаалт гаргаж байна. Тэд өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий этгээдийн хөрөнгө, орлогыг тайлагнадаг.

Үүнийг нь тусгай комисс татварын албатай хамтран, орлого, зарлагынх нь зөрүүг хянах замаар зохицуулдаг. Судалсан арав гаруй орноос хамгийн сонгодог зохицуулалттай нь Франц юм шиг санагдсан. Төрийн албанд ажиллаж байгаа хэний ч гэр бүл, хамаарал бүхий этгээд нь бизнес эрхэлж болно.

Гагцхүү ил тод байх ёстой. 7000 хүний жагсаалтад 20 мянгаас дээш ажилтантай улсын үйлдвэрийн газрын дарга, захирлаас авахуулаад 100 мянгаас дээш хүн амтай хотын удирдлага, сайд, парламентын гишүүн зэрэг албан тушаалтныг хамруулсан.

Энэ төслийн хүрээнд жагсаалт батлахдаа мэдүүлэг гаргаж байгаа 38 мянган төрийн албан хаагчийг хавтгайд нь хамруулахаа больё гэсэн. Зөвхөн яамны газрын даргаас дээш, улсын зарим үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлагууд, төрийн өндөр албан тушаалтнуудыг хамруулахаар ярьсан. Энд яриад байгаа хоёр жагсаалтыг тусад нь гаргахаас өөр аргагүй.

Ер нь урьдчилсан мэдүүлэг өгдөг албан тушаалтны жагсаалтыг эргэж харахгүй бол аль нэг газар мэргэжилтнээр ороход хүртэл мэдүүлэг авдаг АТГ ачааллаа даахгүй байгаа. Эсвэл энэ хуулиар албан тушаалтнуудыг нэг бүрчлэн тоочих хэрэгтэй. 

АНУ зөвхөн Канадтай оффшорын талаар мэдээлэл солилцох гэж 60 төрлийн эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. 1988 онд байгуулсан Татварын талаар харилцан мэдээлэл солилцох конвенцод одоогоор 74 орон нэгджээ. Энэ бол ийм төрлийн мэдээлэл олж авах гол арга. Гэхдээ манайх үүнд нэгдэх нь ашигтай юу гэдгийг бодох ёстой. Манай улсад орж ирж байгаа нийт хөрөнгө оруулалтын 85 хувь нь оффшор бүсийнх учраас хөрөнгө оруулалтын урсгал яах бол гэдгийг сайтар тооцох ёстой.

Ц.Нямдорж: -Тэгвэл тэр Францынхаа жишээгээр хий л дээ. Залхуурах хэрэггүй.

Х.Нямбаатар: -Залхуураагүй ээ. Бид олон удаа хуралдсан. Манайх маш олон албан тушаалтнаас нэг хэлбэрээр мэдүүлэг аваад хэвшчихсэн. Үнэндээ тухайн албан тушаалтан, гэр бүл, хамаарал бүхий этгээдийн хөрөнгө, татвар төлөлтийг хоёр талаас нь мөргүүлж, мухарлах байдлаар хянах ёстой.

Ираны Ерөнхийлөгч асан Ахмадинежад сайдаар томилох хүмүүсийн тухайн үеийн хөрөнгө, орлогыг ил болгоод ажлаа өгөхдөө хөрөнгийнх нь хэмжээ үүнтэй нийцэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан юм билээ. Зарим талаар энэ хуулийг батлахтай хамт уучлал зарлаач гэх хандлага байгаа.

Нуусан мөнгөө Монголд оруулж ирвэл өршөөх болзолт хугацаа зарлах ёстой юу гэдгийг бодох л хэрэг. Өнгөрсөн жил баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар уучлал үзүүлсэн гэж ойлгож байгаа.

Гишүүн Б.Дэлгэрсайхан: -“Оффшор” гээч зүйл Монголд моод болж байна. Бизнес хийж байсан хүний хувьд Монголын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь оффшор бүсээс орж ирдгийг дахин хэлье. Ингэх ч учиртай. Цаашид ч ийм л байх биз. Оффшор дансыг мангас шиг ойлгоод байвал манайд хөрөнгө оруулалт ирэхгүй.

Болгоомжтой хандах ёстой. Манайхан оффшор дансанд мөнгөө хийж байгаа нь Монголд гадаадын банк байхгүйтэй холбоотой. Монголын банкуудад итгэхгүй байна шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтан оффшор данс эзэмших нь байж боломгүй зүйл ч гэлээ урьд нь бизнес хийж байгаад улс төрд орж ирсэн хүмүүс яах ёстой юм бэ. Чи оффшор данстай байсан гэж хандах уу.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар зөвхөн дотоодод нуусан хөрөнгө л ил болсон. Төрийн албан хаагчийн гэр бүл, үр хүүхдийг нь давхар шийтгэсэн юм шиг хууль баталж болохгүй. Төслөө татаж аваад дахин нухацтай оруулж ирэх нь зүйтэй.

Гишүүн Ж.Батзандан: -Оффшор данстай холбоотой харилцааг зохицуулах гэж хэдэн жил маргалдаж байна. Би 2014 онд үүнтэй төстэй төсөл өргөн барьж байхад тухайн үеийн эрх баригчид энэ талаар ямар ч ойлголтгүй байсан. Гишүүн асан Р.Гончигдорж миний төслийг гурван жил дарсан. Панамын баримтууд задарснаар энэ Засгийн газар уг төслийг дахин оруулж ирж байгаа биз.

Дахиж бодъё гэж хугацаа алдах нь утгагүй. Харин одоо оффшор дансанд мөнгөтэй хүмүүс үнэнээ хэлбэл өршөөл үзүүлэх нь зүйтэй. Хулгайлсан мөнгөө битгий гадагш зугтаалга л гэж байгаа юм шүү дээ. Жирийн бизнес эрхлэгчид энэ хууль хамаагүй. Монгол төрд зүтгэж байгаагийнхаа төлөө тодорхой хяналтад орох л ёстой. Орос, “Их 20”-ын орнууд ийм хууль баталчихсан. Манайх л үлдэх нь.

Ц.Нямдорж: -Хойшлуулж, цааргалах гээгүй. Бид ердөө л тал хуудас хууль батлах гээд байна. Ингээд баталчихвал энд ярьсан зүйлс ямар ч хариултгүй үлдэх нь. Тиймээс ажлын хэсэг дахин долоо хоног ажиллаад, ядаж ийм ийм албан тушаалтан оффшор бүсэд хөрөнгө байршуулахыг хориглоно, шинээр томилогдсон албан тушаалтан оффшор дансанд мөнгөтэй бол түүнийгээ мэдүүлж, Монгол руугаа татна гэдгээ батлах хэрэгтэй гэх зэргийг тусгамаар байна. Энэ хуудсанд ийм зүйл ер алга. Жагсаалт батлах

 шиг амархан зүйл байхгүй. Аймгийн болон агентлагийн даргаас дээш албан тушаалтан, түүний гэр бүлийнхнийг уг хуульд хамруулчих. Гэр бүлийн гишүүдийг хамруулах, эсэх асуудал Үндсэн хуультай зөрчилдөнө гээд байгааг ойлгохгүй юм. Өндөр албан тушаалд очих гэж байгаа хүн миний хүүхэд ийм бизнес эрхэлдэг, оффшор дансанд төдий хэмжээний зүйл бий гэдгээ мэдүүлэг л дээ.

Одоогийн хуулиар ч бид эхнэр, хүүхдийнхээ хөрөнгө, орлогыг мэдүүлж л байгаа шүү дээ. Тэрнээс ялгаа юу байх вэ. Ажлаасаа буухдаа миний болон гэр бүлийн хөрөнгө ийм боллоо гээд мэдүүлбэл аль алинд нь хохиролгүй. Оффшорт хадгалахыг эхнэр, хүүхдэд нь зөвшөөрвөл ард түмэн ойлгохгүй шүү. Оффшор данс илрүүлэхэд 38 мянган албан хаагчийн мэдүүлэг хэрэггүй.

Гэхдээ оффшор дансны талаар болгоомжтой ярих хэрэгтэй. Энэ бүсээс орж ирэх хөрөнгө оруулалтыг хаах, хориглох тухай яриагүй. Энэ дашрамд хэлэхэд, Английн банкууд муу болоод Дэвид Камерон Панамын оффшорт мөнгө нуусан байж таарах уу. Мөнгөө хилээс гадна хадгалж байгааг Монголын банкны найдвартай, эсэхтэй шууд холбох нь харьцангуй ойлголт. Оффшор дансанд одоо мөнгөтэй хүмүүс энэ хуулийн хүрээнд мэдээлэх хэрэгтэй шүү.

Х.Нямбаатар: -Хууль батлагдвал гурван сарын дотор холбогдох мэдээллээ өгч, өөрчлөх хугацаа олгохоор ярилцсан. Гэхдээ Ц.Нямдорж гишүүн та урьд нь бизнес эрхэлж байсан албан тушаалтан оффшор данстай байж болно гэсэн зохицуулалт оруулж ирэх гээд байгаа юм уу. Бидний хувьд Монгол төрд зүтгэж байгаа л бол оффшор бүсэд байтугай гадаадад нэг ч данс, хадгаламж эзэмших ёсгүй гэж байгаа юм.

Харин хамаарал бүхий этгээд нь тийм данс эзэмшиж болно, гэхдээ тэрийгээ мэдээлээд яв гэдэг зарчим баримталж байгаа. Хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулахад татгалзах зүйл алга. Гэхдээ ажлын хэсгийн түвшинд юуг нь засаж сайжруулах вэ гэдгээ чиглэл болгоорой.

Ж.Батзандан: -Туйлшрах гээд л байна. Төслөө чанартай болгохын тулд хойшлуулах нь бараг зөв болов уу. Миний санаачилсан төслөөс гурван зүйл хаягдаад байна. Эхнэр хүүхэд, хамаарал бүхий этгээдийг нь энэ хуульд хамруулаарай. “Гадаадад” гэж бичвэл туйлширч, утгагүй болох вий. Монголын арилжааны банкуудтай харилцдаггүй олон улс бий. Тэнд бид яах юм бэ. Ер нь гэр бүлийн хүмүүсийг нь хяналтад авахгүй бол хуулийн цоорхой болно. Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц нь шийдэг.

О.Батнасан: -Хямралтай үед гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг анхааралтай тусгах ёстой. Хүн мөнгөндөө хайртай байдаг. Эхнэр хүүхдэдээ л юу юм гэхээс хэн л өөр хүний нэр дээр мөнгөө хадгалуулаад явж байх вэ дээ. Сумдын Засаг дарга нарыг мөн хуульд хамруулах нь зүйтэй байх.

Гишүүн М.Оюунчимэг: -Энэ хуулийг баталбал гадаад ертөнцөөс холбоо тасрах юм шиг ойлгогдох вий. Ямар хүмүүсийг хамруулахаа тодорхой болгох хэрэгтэй. Орон нутгийн дарга нараар их хэмжээний мөнгө дамжиж байгаа гэсэн мэдээлэл гарч буйг анзаарах л хэрэгтэй. Одоо ер нь эхнэр, хүүхдийнхээ нэр дээр мөнгөө хадгалдаг хүн гэж бараг байхгүй биз. Харин ч найз нөхөд, эсвэл ямар нэг бүлэг бий болгоод, түүгээрээ дамжуулан мөнгө угаах явдал гарсаар байгаа шүү дээ.

Гишүүн Д.Ганболд: -Гадаадын банкийг ямар нөхцөлтэйгөөр оруулж ирэхээ тодорхой болгох ёстой. Жагсаалтыг нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй болов уу. Сум, дүүргийн удирдлагыг энэ хуульд хамруулахыг дэмжиж байна.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Хууль хэрэгжүүлэхэд, биелүүлэхэд ч хялбар байх ёстой. Мэдүүлэг гаргадаг хүмүүсийн тоог хумих хэрэгтэй. Хөрөнгө мөнгөтэй холбогддог хүмүүсийг оруулж ирэх ёстой. Нөгөө талаас гишүүд бид олон нийтийн дунд болон өөр хоорондоо зөв нэр томьёогоор ярьмаар байна. Монголчуудын хувьд манайхаас гадна байгаа бүх данс оффшор болчихоод байна.

Оффшор дотроо олон төрөлтэй. Жишээ нь, татвараас зугтаахыг зөвшөөрдөг, хувь хүний нууцыг хадгалдаг улсууд тусдаа. Гэтэл Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргаснаар ямар ч асуудалгүй 89 улс байна. Олон улсын татварын стандарт шаардлага, ил тод байдлыг хангасан учраас тэдгээрт ямар ч хориг тавих шаардлагагүй гэж үзэж байгаа.

Үүнд Япон, Солонгос орсон байдаг. Үлдсэн улс орнуудыг дөрөв ангилсан. “Их-20”-ын Сангийн сайд нар 2009 онд уулзаад уг ангиллыг хийсэн байдаг. Ерөөсөө л олон улсын практик, шаардлагыг хангадаггүй Макао, Хонконг, Хятад зэрэг нэг бүлэг улс байна. Харин олон улсын шаардлагыг хэрэгжүүлнэ гэчихээд тэр бүр хэрэгжүүлдэггүй улсууд гэвэл Наури, Панам зэргийг нэрлэж болно.

Үүний зэрэгцээ мэдээллээ дутуу өгдөг, хувь хүний нууц хадгалж байгаа нэрээр татвар зувчуулах бололцоо гаргаж өгдөг Уругвай, Гватемал, Коста-Рика зэрэг орон бий талаар ангилалд бичсэн байгаа. Бид үүнийг хүртэл харгалзахгүй бол Японд ч юм уу, олон улсын хуулийн дагуу мэдээллийг нь гаргаад өгдөг бүсэд хориг тавих хэрэг байна уу гэдгийг бодолцох хэрэгтэй. Нөгөө талаас улайм цайм мөнгө зувчуулдаг Макаод данстай байхыг нь бүрмөсөн хориглож болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)