Албан тушаалаа урвуулан ашиглаж 74.9 сая төгрөг хувьдаа завшжээ

Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсын нөөцийг шамшигдуулсан Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, сэргээн босголтын газрын дарга Д.Батсайхан нарт холбогдох үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газар шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэхэд бэлэн болоод байна. Үүнээс өмнө улсын нөөцийг хувьдаа завшсан гурван ч хэргийг тус газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгасныг шүүх шийдвэрлэсэн билээ. Улсын нөөц гэдэг нь наанадаж ямар нэгэн гамшиг, ослын үед, цаанадаж дайны цагт хүн амд учрах эдийн засгийн бэрхшээлийг даван туулахад зориулагдсан бараа, материалын нөөц бөгөөд цөвүүн цагт ашиглахаар нөөцөлсөн тэдгээр бараа, бүтээгдэхүүнүүд шуналт хүслийн галд шатан үгүйрсээр байгааг дараах үйлдлүүд нотолж байна. 
Д.Батсайхан нь “Баяржавхлан” ХХК-ийн захирал Ц.Мэндбаяр, “Бооцын тариа” ХХК-ийн захирал С.Баатар нарын ОХУ-аас оруулж ирсэн 936.6 тонн улаан буудайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж импортын улаан буудай гэдгийг мэдсээр байж Монголд үйлдвэрлэсэн мэтээр улсын нөөцөд авсан гэнэ. Тэд бүлэглэж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хууль бусаар буудайн урамшуулалд 74.9 сая төгрөгийг авч ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулжээ. Энэ гэмт хэргийг гарахад хэд хэдэн нөхцөл, шалтгаан нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзэж байна. Тэрээр энэ тухай мэдэгдлийг Шадар сайд М.Энхболдод илгээжээ.
2008 оны дотоодын ургацаас 100 мянган тонн хүнсний буудайг худалдан авч, Монгол Улсыг хөгжүүлэх санд буудайн нөөц хэлбэрээр байршуулахаар УИХ 42 дугаар тогтоол гаргасан билээ. Харин Д.Батсайхан тэрхүү тогтоолыг зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглаж дотоодын ургацаас бус Ц.Мэндбаярын импортолсон 936.6 тонн улаан буудайг Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарт авах шийдвэр гаргажээ. Ингэхдээ Засгийн газраас гаргасан журмыг илт зөрчиж, мөнөөх улаан буудайг хүлээн авах албан ёсны зөвшөөрөл, чанар, стандартын шаардлага хангасан тухай мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтгүйгээр улсын нөөцөд бүртгүүлсэн байна. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой төр, засгийн бодлого, үйл ажиллагааг хэн нэгэн албан тушаалтан хувийн үзэмжээр өөртөө ашиг хонжоо үүсгэн урвуугаар хэрэгжүүлсэн нь энэ. Д.Батсайхан дээрх хууль бус шийдвэрийг гаргахдаа орос улаан буудайг “Бооцын тариа”, “Шивээт хайрхан” компаниудын нэрээр нийлүүлэн, тооцоо нийлсэн баримтыг тус хоёр компанийн нэр дээр үйлдэж олгуулжээ. Энэ нь Ц.Мэндбаяр нарыг хуурамч бичиг баримт ашиглан улсаас 74.9 сая төгрөг авч ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хууль бус шийдвэр, хуурамч бичиг баримтууд хэрхэн салбарын сайдын болоод Засгийн газрын босгыг даван тэр дагуу урамшуулал олгохоор шийдвэрлэсэн бэ гэдэг асуудал гарна. Улсын нөөцөд улаан буудай худалдан авах гэрээ нь хэлбэрийн төдий байдаг, гэрээний хэрэгжилтэд тавих хяналт сул, шат шатны албан тушаалтнууд илт хууль бус шийдвэрийг хүлээн авч гүйцэтгэсэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны Газар тариалан, техник технологийн хэлтэс урамшуулал хүссэн материалыг хянаж шалгаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болохыг нь илрүүлж чадаагүй, яг энэ чиглэлээр хариуцсан албан тушаалтан байхгүй, урамшуулал олгох журмын талаар ямар ч ойлголтгүй ажилтны эмхэлсэн материалыг дээд шатны албан тушаалтнууд хяналгүйгээр сайдын тушаал гаргуулсан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнөөх материалыг аанай л хяналгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурлын тэмдэглэлгүйгээр Сангийн яаманд санхүүжилтийг олгох хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн байх ажээ. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн жилийн эцсийн тайлан мэдээг үнэн зөв гаргасан эсэх талаар хянаж шалгадаггүй нь энэ гэмт хэргийг гарахад нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзэж байна.
Улсын нөөцийн хөрөнгийг ашиг хонжоо хайсан зарим нөхдүүд өөрсдийн дураар захиран зарцуулж байгаа нь хонины хашааг чоноор мануулахын үлгэрийг санагдуулаад байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр дээр дурдсан шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авах ёстой юм. Энэ тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9, 23 дугаар зүйлд албан тушаалтны хүлээх үүргийн талаар тодорхой заасан байдаг.
Яг одоо Засгийн газар малчдад туслах аян өрнүүлээд байгаа, үүний зэрэгцээ ар хударгаар нь цөвүүн цагт хэрэглэхээр хураасан улсын нөөцийг нэр бүхий албан тушаалтнууд амин хувьдаа завшиж байгаа үйлдлүүдийг дахин гаргуулахгүй байх талаар Шадар сайд М.Энхболд анхаарлаа хандуулах цаг болжээ. Чононд хонь хадгалуулсан орчин цагийн үлгэрийг Та л жаргааж чадна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)