Албан тушаалаараа олсон мэдээллийг “алт” болгох гэж улайрдгийг нь болиулъя

Төрийн “гал тогоо”-ны ажилтай зууралдаж асан, өдгөө энэ л албыг хашиж яваа хоёр нөхөр нэг мэдээллийг ил болгохыг шаардах боллоо. Тэр нь ҮАБЗ-ийн 2018 оны 3321 тоот зөвлөмж. Үүнийг 2018 оны зургадугаар сарын 14- нд ҮАБЗ-ийн хуралдаанаас гаргасан бөгөөд уг зөвлөмжид үндэслэн Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 73 дугаар тогтоолыг УИХ 14 хоногийн дараа баталсан байдаг.

Л.Оюун-Эрдэнэ: -Сонгууль дөхөөд ирэхээр хүмүүс мэдэн будилж эхэллээ. Мэддэгээ мэдэхгүй гэж, зориуд мушгин гуйвуулж байна. Үндсэндээ Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улмаар төмөр замын дэд бүтэцтэй холбоотой төслүүдийг урагшлуулахыг ҮАБЗ зөвлөмжөөр үүрэг болгосон. ҮАБЗ-ийн Ажлын албатай хамгийн ойр ажилладаг хүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар хоёр жил гаруй ажилласан. Энэ хугацаанд уг зөвлөмжийг үнэхээр буруу гэж бодсон юм бол засахгүй яасан юм бэ. Зүүнбаянгийн төмөр замын төслийг урагшлуулахад Ерөнхийлөгч улс төрийн манлайлал үзүүлэн ажиллаж байгаа. Үүнийг санхүүжүүлэх олон арга хэмжээний нэг нь энэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа ярьсан зүйлээ АН-ын даргын зөвлөх болсныхоо дараа өөрөөр ярьж, төрийн нууцтай холбоотой асуудлыг хөндөж, мэдээгүй мэтээр “улс төр” хийж байна. УИХ-ын дага байхдаа ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой шийдвэр гаргах гэж байсныг мэдээгүй гэдэг. Ийм байх боломжгүй. Төрийн албыг иймэрхүү байдлаар залгуулах ёсгүй.

З.Энхболд: -Би ҮАБЗ-ийн саналын эрхгүй гишүүн байсан. Тэр үед миний ярьсан бүх зүйл хуралдааны тэмдэглэлд бий. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “З.Энхболд дарга энэ төслийг дэмжиж байсан” гэж ярьсан байна лээ. Нэгдүгээрт, би дэмжээгүй. Хоёрдугаарт, зөвхөн миний хэлснийг биш, тэмдэглэлийг бүхэлд нь ил болгоорой. Тэгэхээр уур амьсгал ойлгогдоно. Юуны тухай ярьсан, хэн, ямар саналтай байсан нь шууд харагдана. Л.Оюун-Эрдэнэ ч хэлж байгаа. Би ч хэлж байна. Тэр нууцлаад байгаа тэмдэглэлээ өнөө маргаашгүй ил болго. Нуух юм байхгүй. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн 6.1-т заасан, нийт монголчуудын өмчийг зарах тухай яриад байгаа юм. З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэх шиг. Миний өмнөөс битгий тайлбар хий.

А.Гансүх: -ҮАБЗ нь төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчин, тагнуул, цагдаагийн байгууллага зэрэг тусгай албаны үйл ажиллагаатай холбоотой онц чухал асуудлыг шийдвэрлэж байдаг учраас бараг бүх зөвлөмж нь нууц, маш нууц зэрэглэлтэй гардаг. Ил зөвлөмж их цөөхөн гарна даа. Төрийн нууц гэж байдаг биз дээ. Үүнд гайхах юм байхгүй. Тавантолгойн ордтой холбоотой зөвлөмжийг шаардлагатай болоод нууцалсан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу л нууцад авсан. Төр нууцтай байх ёстойг дахин хэлье. Тус зөвлөмжийг батлах хуралдаанд З.Энхболд дарга байсан.

Улмаар Засгийн газар дээрх тогтоол, зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрийг долдугаар сарын 9-нд гаргасан. Харин одоо эдгээр баримт бичиг зөв, эсвэл буруу, хүчингүй болгох ёстой юу, хойшид мөрдөж, хэрэгжүүлэх үү гэсэн их маргаан өрнөж байна. Тэгвэл ҮАБЗ-ийн тэр зөвлөмжийг ил болгох ёстой юу. Ер нь ил болгохыг шаардах эрх хийгээд ёс зүй бий юү. Бараг хоёр жилийн өмнө ҮАБЗ хэлэлцэж, өдгөө гаргасан шийдвэр, зөвлөмжийнх нь дагуу Засгийн газраас хийж, хэрэгжүүлэх гэж байгаа ажлыг эсэргүүцэж буй З.Энхболдын (Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх) үндэслэл, шалтгаан тун тодорхой. “ҮАБЗ-ийн хуралдаанд ярьж, танилцуулснаасаа тэс өөр зүйл хийх гээд байна. Тэгээд ч би анхнаасаа үүний эсрэг байр суурьтай байсан, дэмжээгүй” гээд, үүнийгээ нотлохын тулд тухайн хуралдааны үеэр хэн, юу ярьсныг ил болгохыг шаардах болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 7-нд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд албан бичиг хүргүүлж, 2018 оны 3321 тоот зөвлөмжийг Төрийн болон албаны нууцын тухай хууль, Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын холбогдох заалтын дагуу ил болгохыг хүсэв. Үнэндээ уг мэдээллийг ил болгох гэсэн тэдний зорилго нь өөр. Бие биенээ үгүйсгэсэн, эсрэг тэсрэг байр сууриа ҮАБЗ-ийн баримт бичгээр нотлохыг зорьж буй нь энэ. Харин ҮАБЗ тэр тэмдэглэлийг ил болгоогүй л байна. Хэдийгээр нарийн бичгийн дарга нь “Тавантолгойтой холбоотой зөвлөмжийг нууцаас гаргах, эсэхийг хуулийн дагуу ҮАБЗ-ийн гишүүд хэлэлцэн шийдэх байх” гэсэн ч хэдийн 10 гаруй хоног өнгөрөв.

Нарийн бичгийн дарга А.Гансүхийн хэлсэнчлэн ҮАБЗ-ийн бараг бүх зөвлөмж нууц байдаг. Төрийн болон албаны нууцын тухай хуульд “төрийн нууц” гэж Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд аюул занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг тодорхойлсон бөгөөд үүнд ҮАБЗ-өөр хэлэлцсэн асуудлууд хамаарахаар буй юм. Улмаар зэрэглэлээс хамааран 10-30 жилийн хугацаанд холбогдох мэдээллийг нууцалдаг. Үүнийг АН-ын даргын зөвлөх З.Энхболд сайн мэдэж байгаа. Тэрбээр нэгэн цагт ҮАБЗ-ийн бүрэн эрхт гишүүн байсан. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх зөвлөмжийг ил болгохыг шаардахдаа Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1-ийг үндэслэл болгосон. Үүнд нууцыг ил болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд “нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон” хэмээн заасны дагуу хүсэлтээ тавьсан бололтой. Нэг нь “хэрүүл” хийхэд нөгөө нь нууцаас гаргах хүсэлт тавьж, хүзүү холбох хэрэг юун. Үнэндээ тэдний хэн хэн нь эл мэдээллийг ил болгохгүй, хуулиар хамгаалагдсаныг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас ийн шаардаж, улстөржиж байна.

Үндсэн хуульд зааснаар ҮАБЗ-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлдэг. УИХ-ын дарга, Ерөнхий сайд уг Зөвлөлийн гишүүн. ҮАБЗ тэргүүн, гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээчээс бүрддэг. УИХ-ын дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, парламент дахь нам, эвслийн бүлгийн ахлагч нар үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэ нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага болох ҮАБЗ-ийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцдог. Харин Засгийн газрын гишүүд, тусгай газар, ЗХЖШ-ын дарга нар зөвлөлийн илтгэгч юм. Тэд тус тусын хариуцсан салбар, хүрээндээ үндэсний язгуур ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлуудын талаар судалж зохих илтгэл, санал шийдвэрийн төсөл боловсруулан ҮАБЗ-д оруулж, шийдвэрийг нь эрхэлсэн салбар, хүрээндээ хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг гэсэн үг. 

Шинжээчдийг өндөр мэргэшлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдээс орон тооны болон орон тооны бус журмаар Ерөнхийлөгч томилон ажиллуулдаг. Тэд тодорхой асуудлаар болон ҮАБЗ-ийн шийдвэрийн төслийн талаар шинжилгээ, судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гаргаж, үндэслэлийг нь хариуцах үүрэгтэй. Нарийн бичгийн дарга нь энэ бүх ажлын уялдаа холбоог хангаж, ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих ёстой. Харин үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар ҮАБЗ-ийн бараг бүх хуралдаанд оролцож ирсэн. Төрийн тэргүүний толгойлдог ҮАБЗ-ийн үйл ажиллагаанд түүний “гал тогоо”-г барьдаг, Тамгын газрын дарга нь тодорхой хэмжээгээр оролцож ирснийг үгүйсгэх аргагүй. Харин АН-ын даргын ахлах зөвлөх болсон З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа оролцсон хуралдаан, олж, сонссон нууцын зэрэглэлтэй мэдээллээ цухалзуулж, Тавантолгойг тойрсон хэрүүлийн “түүдэг”-т цучил нэмж явна. Удахгүй болох сонгуулийн улайрсан галыг эл маргаан өрдөхөөс өөр нэмэргүй.

Энэ бол Монголын төр, тэр тусмаа өндөр, дээд суудалд нь байхдаа олж авсан мэдээллээ амин хувьдаа, ойр дотнынхон, нам, бүлэглэлийн эрх ашгийн төлөө зарж, завхруулж, жишиг болгосон нэгэн төрх. Мэдээлэлд ойр давуу талаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд тэргүүтэй албан тушаалтнуудын үйлдлээс зарчмын хувьд ялгаагүй зүйл. Монгол төрийн мэдээлэл, нууц нь албан тушаалтнуудын халаас дамжин, хэрүүлийн алим, улстөржилтийн голомт болж байгаагийн нэн ойрын жишээ энэ. Төрийн алба нь тогтворгүйг хэлэх үү, бодлого, үйл ажиллагааг нь тээж яваа тэр бүх мэдээллийг нууцалж, хамгаалах зарчим алдагдчихаж. Албан тушаалаараа олж авсан мэдээллийг “алт” болгох гэж улайрдгийг нь болиулъя. Угтаа төр, хувийн хэвшил гэлтгүй албан тушаалын шугамаар олж авсан мэдээлэл гэдэг хэн дуртай нь тараадаггүй, хүссэнд нь худалддаггүй капитал юм сан.

Тэгээд ч ҮАБЗ бол аливаа асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Эрх бүхий гурван гишүүн болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь хэлэлцэж, шийдээд, зөвлөмж гаргачихаад байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар тухайн хуралдаанд оролцсон хүн одоо үүнийг дэмжсэн, дэмжээгүй гэж ярих нь илүүц биш гэж үү. Ардчилсан нийгмийн аливаа хамтын шийдвэрт хэн ч хүндэтгэлтэй хандахад суралцах нь өөрцгүй үгүйлэгдэж буй хэрэг. Энэ мэт дэл сул яриа ард түмнийг төөрөгдүүлэхээс цаашгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)