Албан бус бүлэг яах вэ, ашиг сонирхлоо ангилж ажиллаарай

Шинэхэн УИХ одоогоор таван лобби (албан бус) бүлэгтэй болоод байна. Ийм албан бус бүлэг цаашид хэд болж нэмэгдэхийг хэлж мэдэхгүй нь. Өнгөрсөн парламент 22 лобби бүлэгтэй байв. Мазаалайг хамгаалахаас авхуулаад шатрын спортыг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэл болон авлигатай тэмцэх, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох гэх мэт сонирхол татахуйц нэр, зорилготой лобби бүлэг байгуулсан. Өмнөх парламентуудын үед ч энэ мэт тодотголтой бүлгүүд байгуулж байснаас гадна инженер, хөгжлийн судлаачид, залуучууд болон хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих, хүн худалдаалахтай тэмцэх гэх зэрэг лобби бүлэг ажиллаж байсан юм.

“Шинэхэн дээрээ сонихон” гэдэг. Тангаргаа өргөөд удаагүй түшээд анхнаасаа идэвхтэй, санаачилгатай ажиллах гэж байгаа нь дуу дуугаа авалцан лобби бүлэг байгуулж буйгаас нь харагдана. Үнэхээр ч сая болж өнгөрсөн ээлжит бус чуулганаар гэхэд л шөнө дүл болтол хуралдсанаа “нүүр ном”-оороо тал талд тайлагнахаас авхуулаад хэлсэн үг, хийсэн ажлаа хэт рекламдах нь зарим талаар шүүмжлэл хүлээсэн. Юутай ч шинэхэн гишүүд маань ирэх дөрвөн жилд энэ эрчээ алдалгүй, сурталчилгааныхаа жин, банг тааруулан, идэвхтэй ажиллавал сайн сан.

Лобби бүлгийн үйл ажиллагааг эрхэм гишүүдийн пиартай зориуд холбосон нь учиртай. Уг нь энэ бол энгийнээр аль нэг асуудлыг “амлан” авч, болохоос болохгүйг нь хүртэл хөөцөлдөж, шийдлийг нь хууль, тогтоолд тусгуулж, ажил хэрэг болгон, эцсийг нь үзэх зорилтот үйл хэрэг л дээ. Жишээ нь, өнгөрсөн парламентад О.Батнасан гишүүн ахлан байгуулсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг дэмжих лобби бүлгийн зорилго нь ердөө л баруун бүсийн ард иргэдийг хямд, найдвартай эрчим хүчээр хангах стратегийн онцгой ач холбогдолтой эл ажлыг цаг алдалгүй эхлүүлэх явдал байсан. 2008 онд хувийн хэвшлийнхэн анх ТЭЗҮ-ийг нь боловсруулснаас тоолбол 10 гаруй жил өнгөрсөн ч төр, засгийн түвшинд ажлын хэсэг байгуулах, санамж бичигт гарын үсэг зурахаас хэтэрсэнгүй. Мэдээж манай хэдэн гишүүн л лобби бүлэг байгуулаад байгаа юм биш. Зөвхөн парламентад ч бус, ер нь лобби бүлгийн үйл ажиллагаа нь олон улсад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, мэргэжлийн түвшинд, хууль, эрх зүйн зохицуулалттайгаар хөгжиж яваа. Харин манайд “шоудаж”, популист маягийн зүйл ярих дуртай улстөрчдийн олны анхааралд өртөх гэсэн арга нь лобби бүлэг байгуулах явдал болчихоод байгаа гэхэд буруудахгүй. Ийм бүлэг байгуулснаа сүржин зарладгаас бус, хийсэн ажил нь даржин голдуу, зарим нь бүр ямар бүлгийн гишүүн гэдгээ ч мартчихсан байх жишээтэй. Өнгөрсөн парламентад байгуулсан лобби бүлгүүдийн хөндсөн асуудлыг өнөөдөр хэрхэн шийдсэн, зорилгодоо хүрсэн, эсэхийг дор бүрнээ тунгаана биз. Иймд өдгөө дөнгөж лобби бүлгийн зохион байгуулалтад орж, ажлаа эхэлж буй гишүүд өнгөрсөн парламентын үлдээсэн жишиг, арга барилаас зайлсхийж, аливаа асуудалд бодитоор хандахыг хүсэж байна.

Бүлэг байгуулснаа ингэж ил зарлан лоббидох нэг хэрэг. Тэгвэл хууль батлахыг бизнес аятай сэтгэж, “ажил хэрэг” болгож, далдуур лоббидож гүйх нь бий. Өнгөрсөн парламентад гэхэд л нэр бүхий гишүүд Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр илт ашиг сонирхлын зөрчил гарган оролцсон нь шүүмжлэл дагуулж байв. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж буй тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацааг сунгахаар бизнесмен гэдгээрээ илүү танигдсан гишүүд гүйлдэж байсан. Хүнс, нэхмэл, барилга, газар тариалан болон мал аж ахуй эрхэлж байгаа, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлуулахад ч тэр гишүүн идэвхийлэн оролцсон нь олны анхаарлаас ангид байж чадаагүй. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний чиглэлээр салбар, сүлжээ бүхий бизнес эрхэлж байгаад УИХ-д орж ирсэн эмэгтэй гишүүд ч энэ салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулъя гэх санал гаргаад нийгмээс төдийгүй намын нөхдөөрөө ч нэлээд шүүмжлүүлж байлаа. Оросоос чихэр оруулж ирдэг байсан гишүүн 90 хувийн татварын хөнгөлөлтөд мод үржүүлгийн салбарыг хамруулъя гэж “ногоон” асуудал хөндсөн нь ч “но”-той байж билээ. Нутагтаа нэг бус цэцэрлэгт хүрээлэн байгуулсан гэх түүнийг мод үржүүлгийн салбарт бизнестэй гэх яриа ч тухайн үед гарч байсан. Гэвч Ховдод байтугай, Монгол даяар мод үржүүлгийн салбарт ажиллаж буй ихэнх аж ахуйн нэгж өмнөд хөршөөс бэлэн тарьц авчран дамлан худалддаг талаар иргэд хангалттай шүүмжилсэн.

Шинэ гишүүдэд хандаж хэлэхэд, та бүхний баримтлах ёс зүйн дүрмийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээг тусгасан хэсэгт “УИХ-ын гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа Ёс зүйн дэд хороонд мэдэгдэнэ” гээд заачихсан байгаа. Жишээ нь, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх болбол хувьдаа телевизтэй гэгддэг гишүүд хэлэлцүүлгийн үеэр хэлж ярих, тэр ч бүү хэл хуралдаанд оролцож, санал өгөх ёстой юу гэдгээ ч бодолцох хэрэгтэй гэсэн үг. Өмнө нь яг энэ төслийн хүрээнд тоон телевизийн үндэсний дамжуулах сүлжээг ашиглан орон даяар нэвтрүүлэх өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгийн зохистой тоог тогтоож, тэдгээр телевизүүдэд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг хуульчлахаар ярьж байсан удаатай. Сонирхуулахад, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх үеэр гишүүн Д.Оюунхоролыг санал хураалтад оролцох хэрэггүйг хуралдаан даргалагч хэлж байсан удаатай. Ингэхдээ их, дээд сургуулийн санхүүжилттэй холбоотой асуудлыг хөндөж байсан бөгөөд Д.Оюунхорол нь “Отгонтэнгэр” дээд сургуулиар “овоглодгийн” хувьд санал хураалтад оролцсон тохиолдолд яах аргагүй ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байв.

Өөрөөр хэлбэл, өөрийн тань бизнестэй холбоотой төслийн хажуугаар ядаж дуугүй өнгөрөөрэй, шинэ гишүүд ээ. Албан бус бүлэг байгуулах яах вэ, ашиг сонирхлоо ангилж, эрэмбэлж ажиллаарай гэж хүсэх байна. Саяхан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр гишүүн Ц.Цэрэнпунцаг “Хайгуулын тусгай зөвшөөрөл авдаг, өгдөг журмаа хөнгөвчилж, тодорхой болгох хэрэгтэй. Хайгуулын тусгай зөвшөөрөл өгсөн юм бол орд болгоод ашиглах бололцоог нь Засгийн газраас олгох хэрэгтэй” хэмээсэн нь шүүмжлэл дагуулсан. Уул уурхайн бизнестэй гэгддэг тэрбээр ийм үг хэлэх нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл болохыг зарим нь хэлсэн. Хэдийгээр өнгөрсөн парламентаас үлгэр авах жишиг гээд нэрлэчих зүйл үгүй ч амин хувийн ашиг сонирхлоо адагт тавих соёлыг та бүхэн эхлүүлж яагаад болохгүй билээ.

2016-2020 оны УИХ-д байгуулагдсан лобби бүлгүүд

1. Инновацын үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг

2. Оффшорын эсрэг лобби бүлэг

3. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх лобби бүлэг

4. Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг

6. Мазаалай хамгаалах лобби бүлэг

7. Аж үйлдвэрийг дэмжих лобби бүлэг

8. “Шинэ хөдөө” төслийг дэмжих лобби бүлэг

9. “Элэг бүтэн Монгол” лобби бүлэг

10. Хөрөнгө оруулалтыг дэмжих лобби бүлэг

11. Ус хамгаалах лобби бүлэг

12. Авлигын эсрэг парламентын бүлэг

13. Шатрын спортыг дэмжих лобби бүлэг

14. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг

15. Эмэгтэй гишүүдийн бүлэг

16. Гэр бүлийн тухай болон хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах лобби бүлэг

17. “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг

18. Тогтвортой хөгжлийг дэмжих лобби бүлэг

19. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг дэмжих лобби бүлэг

20. Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөөх лобби бүлэг

21. Утааны эсрэг лобби бүлэг

22. Багш нарыг дэмжих лобби бүлэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)