“Аймаг, сумдыг танил болтлоо харсан таван зургаар төсөөлөхгүй”

хүрээлэн төсөл

“Хүрээлэн” төслийн хос багана, хоёр дахиа БАЛДОРЖ гран при шагналтан болсон сэтгүүлч М.Буянбадрах, гэрэл зурагчин У.Ганбаяр нартай уншигчдаа уулзуулъя. Сэтгүүл зүйн дээд шагнал гэж салбарынхан үнэлэх болсон тус шалгаруулалт, шагналд хоёр дахиа тэргүүлсэн тэд ийнхүү ярьж байна.

-Салбарынхан та хоёрын хэн нь хэн болохыг сайн мэднэ. Өргөн олон түмэнд өөрсдийгөө танилцуулах уу?

У.Г: -Намайг Уртнасангийн Ганбаяр гэдэг. Аав минь инженер. Хүмүүс аавыг баримтат киноны Уртнасан гуайтай андуурч их асууна. Дуран шагайж зогсдог болохоор түүний хүү, аавтайгаа адил ийм ажилд дурласан нөхөр юм болов уу гэж боддог байх.

Улсын гэрэл зургийн газар гэж байхад лаборантаар ажиллаж эхэлснээр энэ ажил, урлагт дурлаж, мэргэжил эзэмшсэн. Пионер байхдаа Пионерийн ордны дугуйланд явдаг байлаа. Өнөөдрийн ажлын гараа тэндээс эхтэй. Манай улсад энэ чиглэлээр сургадаг их, дээд сургууль байдаггүй байсан болохоор Улсын гэрэл зургийн газраас гадаадын хуваарь олдож магадгүй гэж бодож очсон юм. Тэгтэл нийгэм бужигнаж эхлээд, би хаашаа ч яваагүй, гэхдээ зураг авсаар өдий хүрлээ.

-СУИС гэрэл зурагчны анги нээсэн байна лээ.

-Тийм, мэдсэн. Маш гоё лаборатори, тоног төхөөрөмжтэй юм билээ. Сурах ийм орчин мөрөөдөл минь байсан даа. Одоо энэ ангид элсэж, оюутан болдог юм бил үү (хөхрөв).

-Яагаад болохгүй гэж. Сурахад насны хязгаар байх биш.

-Ажлаа хийсэн нь дээр байх. Бидэнд эхлүүлсэн, үр дүнд хүргэх төслүүд байна. Гэрэл зурагчид маш олон, янз бүрийн чиглэлд мэргэшсэн байдаг. Аль аль нь гоё ч, би сүүлийн жилүүдэд байгаль, тэр дундаа шувуунд гүнзгий татагдаад байгаа. Ийм үед М.Буянбадрахтайгаа таарч, Монгол орныхоо байгаль, ан амьтан, жигүүртэн шувууд, ургамал, хорхой шавжны ертөнцөөр аялж, бүр тэр ертөнцөд амьдарч, бүтээлүүд төрүүлбэл сайхан аа гэж бодож явдгаа хэлэхэд найз маань дуртайяа хүлээж аваад, “Хамтарч ажиллая, телевизийн нэвтрүүлгүүд хийе, контент болгож, өөр өөр хувилбарын бүтээл гаргая” гэсэн. Тэр өдрөөс хойш зургаан жилийг ардаа орхилоо. Гайгүй ээ, санаснаараа зүтгэж л байна.

М.Б: -Би Улаанхуаран дахь 53 дугаар дунд сургууль төгссөн. Сэтгүүл мэргэжилтэй. МУИС-ийн сэтгүүл зүйн анги төгссөн. “Улаанбаатар” гэж өдөр тутмын сонин байлаа. Эрхлэгч нь Ү.Хүрэлбаатар. Тэндээс оюутан байхаасаа хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Дээхнэ үед ингэж хэлдэг байсан, тийм ээ. Дараа нь найзуудтайгаа хамтарч хувийн сонин эрхэлдэг болох гэж үзсэн. “Ардын сонин” цөөхөн дугаар гаргаад больсон. Үндсэндээ дампуурсан. Хоёр зууны заагаар 1999 онд Алтай ах, талийгч Авираа ах нартай уулзаж, “FM-107 JAAG”-ийг худалдаж авч, их сургуулийн нэг ангийн найз, одоо Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатартайгаа хамт дөрөв, таван жил ажиллуулсан.

Дараа нь шоу хийдэг хүн болж, шөнийн амьдралтай хэсэг явлаа. Мэдээллийн орчин үеийн хэрэгсэлтэй болох гэж 24tsag.mn сайт нээж, нэлээд хугацаанд ажиллуулж байгаад зарсан. Түүнээс хойш бараг арваад жил болж дээ. Дундуур нь телевизийн төслүүд дээр ажилласан. Габи бид хоёр “MN 25 дугаар суваг” телевизэд ч нэвтрүүлэг өгдөг байлаа. Манай “Хүрээлэн” төслийн анхны багийн гишүүн, У.Ганбаяр анх уулзахад нь цуг ирж байсан Г.Батнягт гэж мундаг зураглаач ах байдаг юм. Бид хамт “Дэлхийн монгол айл” гэж, дэлхийгээр тархан суурьшсан монголчуудын тухай нэвтрүүлэг хийж байлаа.

-Үздэг байсан. Төвөдийн айл их сонирхолтой санагдаж билээ.

-Тухайн үед үзэгчдэд нэлээд хүрдэг байсан. Түүний дараа “Хүрээлэн” төслөө эхлүүлсэн дээ.

-Хөлбөмбөгийн холбооны А.Ганбаатартай их сургуульд нэг ангид сурч байсан юм байна. Ажил үйлсээрээ олны танил болсон бусдыгаа танилцуулаач.

-Манай анги газар газрын “галзуу”, “солиотой” хүн олонтой. Нөхөд минь намайг ингэж тодотголоо гэж уурлахгүй. Их онцлог анги гэж хэлэх гээд байгаа минь энэ. Нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй байдаг, “Аз хур” хэвлэлийн компанийн редактор Б.Бат-Амгалан, “On’off”-ын Т.Нансалмаа, зохиолч Шүүдэрцэцэг, манай ангийн охины жинхэнэ нэр нь Б.Тогтохбаяр юм, Монголын радиогийн программын дарга байна уу даа, Сони хэмээх Сонинчимэг, Дорнодын Д.Цээпилмаа, Хөх хот явлаа гэж ойлгосон, тэгтэл Бээжингийн Олон улсын радиод ажиллаж байгаа бололтой Туул, цөмийн сэдвээр тэмцэж явдаг Ч.Мөнхбаяр гэж нуруулаг залуу, бид “ах хүү” гэдэг, өдөр тутмын сонинд олон жил ажилласан, одоо МонЦаМэ-д тоймч Д.Эрдэнэбат манай ангийнх.

-“Говийн зэрэглээ” киноны клубийн эрхлэгч шиг л цоллож гарлаа.

М.Б: -Гэрэл зургийн мастер Ц.Онон, мөн Ш.Энхбаяр гэж шүлэг сүрхий бичдэг залуу, “Өдрийн сонин”-д олон жил ажилласан, сүүлдээ Засгийн газар, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан З.Оюунбилэг, ОХУ-ын Волгоградын телевизэд ажилладаг Светлана Юричьева гээд олон сайхан сэтгүүлч манай ангийнх. Сонирхуулахад, Ш.Энхбаяр, Г.Мөнхцэцэг, талийгч А.Эрдэнэ-Очир гурав дунд сургуулийн нэг ангийнхан. Сурагч байхдаа номоо хэвлүүлж байсан. Мундаг хүүхдүүдтэй анги байгаа биз. Тэд “Бэхийн цэнхэр өдрүүд”-ээр зэрэг гарч ирж байлаа. Өөрийнхөө ангийнхны тухайд мэргэжлээрээ, чиглэлдээ идэвхтэй ажиллаж байгааг нь нэр дурдлаа. Тэр олон 30-аад хүнийг бүгдийг нь хэлэлтэй биш, багтах ч үгүй. Ер нь бол тухайн үедээ нэлээд хөдөлгөөнтэй, хурлаар донгодуулах зэрэг арга хэмжээ авхуулж байсан нөхөд нь бичээд, сурвалжлаад явж байгаа харагддаг.

Б.Бат-Амгалан, Т.Нансалмаа бид гуравт сургуулиас айхавтар арга хэмжээ авах тухай бичиг хананд өлгөөстэй байхаар нь Хүрлээ эрхлэгч далдуур хуулж авч хаясан гэдэг. Гэх мэтчилэн зүгээр байдаггүй, дотроосоо шатах гэх юм уу, дүрэлзэж явдаг байсан хэд нь өнөө болтол тэр л янзаараа элдэв юм сонирхож, хөөж явах шиг санагддаг.

У.Г: -Би гэрэл зурагчин Ц.Онон, өмнөх Ерөнхийлөгчийн зурагчнаар хэсэг ажилласан Элбэгзаяа хоёрыг сайн мэднэ. Хүүхэд байхдаа “Пионерийн үнэн” сонинд авсан зурагнуудаа хэвлүүлчихдэг байсан юм.

М.Б: -Тухайн үедээ одууд байлаа шүү дээ. Манай ангийнхны онцлог бий. МУИС сэтгүүл зүйн нэг л ангитай байв. Андуураагүй бол 1984 онд байх, сэтгүүлч Цогзаяабаатар, Цэнддоо ах гэсэн оюутнуудтай ангийг төгсгөөд хэдэн жил энэ мэргэжлээр элсэлт аваагүй гэдэг.

-Тухайн үеийн хүний нөөцийн бодлого байх нь?

М.Б: -Тийм байх. Хэсэг завсарлуулсны дараа нээсэн ангид орж ирсэн нөхөд нь бид хэд.

-Сэтгүүлч болохыг ихэд хүссэн, бараг ангаж, цангасан хүүхдүүд элсэж дээ.

М.Б: -Тийм болохоор ах хүү шиг ахмад, над шиг “мангар” пацаан энэ тэр холилдоод орчихгүй юу. Манай ангийн хамгийн залуу, хамгийн ахмад хоорондоо 10 насны зөрүүтэй байлаа. Танай сонин “Нэг ангийнхан” гэдэг буландаа материал бэлтгэсэн ч болохоор.

-Хүчирхэг анги байжээ. Тэр эрчээрээ дор бүрнээ сонгосон чиглэлдээ эргэлт буцалтгүй зүтгэсээр байгааг харж байна. Одоо та хоёрын хамтарч ажилладаг “Хүрээлэн” төслийн эргэн тойронд ярья. Үзэгчид танай нэвтрүүлгийг алгасалгүй үздэг болохоор дахин дахин яриулаад яах вэ. Очоогүй аймаг, сум байхгүй гэсэн. Хэдэн удаа очсон ч уйдахгүй, очих болгондоо шинэ юм нээх, магадгүй одоо ч болов эргэж очоод үлдээснээ буулгаад ирье гэхээр ямар нутаг хаа байна вэ?

У.Г: -Буцаж очиж зураг авч, нэвтрүүлэг хийх сэн гэх шунал бидний хувьд хязгааргүй юм. Дахиж очмоор нутаг, нуга зөндөө. Ан амьтан, шувуудын зураг авах онцлогтой. Амьтад нэг газраа байж байхгүй. Улирал бүрт өөр, өөр байршилд шилжчихсэн байдаг. Тэгэх бүрт нь очмоор байдаг. Хоёулаа, гурвуулаа, олуулаа байхад зан байдлыг нь харуулсан зураг авмаар. Ер нь нэг газарт тодорхой зорилготой очлоо гэхэд хүлээж хүлээж сая нэг юм ганц зураг авна. Хоол олж идэхээр тэмцэлдэж байхад нь, амьтан барьж байхад нь, үгүй бол ороо, үржлийнх нь үеэр гэхчлэн. Маш сонирхолтой шүү дээ.

-Олны хорхой хүртэл нэр зааж онцлох газар байна уу?

М.Б: -Бид өнгөрсөн наймдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ажилласан юм. Сар гаруй болсон. Баян-Өлгий аймагт өмнө нь гурван удаа очсон ч, Цэнгэл сумын нутаг, Ховд голын эх, Хоромдогийн голд очоод гайхан биширч дууссан. Диваажин тэнд байна аа. Тэндхийн олзоороо Ховд голын тухай нэвтрүүлэг бэлтгэж өвөл цацна. Ирсэн хойно зүүдэнд үзэгдээд байлаа. Гэрийнхэндээ, найз нөхдөдөө ярихад “Хөөх, тийм гоё газар юм уу” гээд байсан. Зураг авдаггүй надад тийм сайхан санагдаж байгаа юм чинь гэрэл зураг авдаг, дүрс бичдэг манайханд бол бүр илүү тансаг мэдрэмж төрсөн байх. 

Монгол орон маань өргөн уудам. Хүн болгон аймаг, сум бүрээр аялаад байдаггүй шүү дээ. Тиймдээ ч тэр байх, аймаг, сумдыг нэг, цаад тал нь танил болтлоо харсан хэдхэн зургаар төсөөлж, ойлгодог. Гэтэл тэдгээрийн цаана очиж үзмээр, хармаар маш олон гайхамшигтай тогтоц, байгалийн үзэсгэлэнт орчин байдаг. Хөвсгөл аймаг гэхэд зөвхөн Хөвсгөл нуур биш, Баян-Өлгий гэхэд ердөө Алтай Таван Богд болон Хурган, Хотон нуур бус. Дундговь аймаг гэхэд зөвхөн Цагаан суварга, Их газрын чулуу биш, Архангайн нэрийн хуудас нь өнөөх л Тайхар чулуу, Тэрхийн цагаан нуур гэвэл андуурал. Цаашлах тусам гайхамшгийг нээнэ. Сая нэр дурдсан газрууд бол аялал жуулчлалд маш чухал л даа. Харин эх орноо таньж мэдэх монголчуудад бол түүнээс цаадах нь хэрэгтэй.

Өнгөрсөн зун зорьж очиход Увс аймгийн Ховд сумын нутаг дахь Олон нуурын хөндийд цаг агаар тааруу байлаа. Хоёр өдөр ёстой “гасалсан”. Өмнөх, хойдох зураг нь гоё хэрнээ, яг тэнд олигтой зураг гарахааргүй бүүдгэр байсан нь эрх тасрах мэт онцгүй мэдрэмж төрж байлаа.

У.Г:- 2014 оны намар бид хандгайн зураг авахаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дахь Дэлгэрмөрний эх, Улаан тайга руу мордсон юм. Буянаагийн аавынх Баянзүрх сумынх болохоор найз маань өмнө нь олон удаа очиж байсан юм билээ. Гэтэл зун ажлаар очоод байхдаа “Би нутгаа ерөөсөө мэддэггүй юм байна” гэж дуугарсан. Тэр тухайгаа яриач.

М.Б: -Түрүүн нэг аймаг, нэг сум ганцхан брэнд гэж үзүүлэх үзэсгэлэнт газартай гэж ярьсанчлан манай сумынхан Уширын хүрхрээ гэж сумын төвийн хажууханд байдаг газарт зочдоо тосдог, болздог, хорхгоо хийдэг, үдэн гаргадаг юм. Газрын ойрыг боддог ч байх. Гэтэл жаахан цаашлахад ямар гээчийн баян хангай, гайхамшиг угтдаг гэх вэ. Цаашаа машинаар явах боломжгүй. 2014 онд явахдаа морь унаад Дэлгэр мөрний эх ороход ийм газар энэ сумд байсан юм уу, ер нь хорвоо дээр ийм газар орон байдаг гэж үү гэхээр гоё байсан. Үнэхээр үгээр илэрхийлэх аргагүй.

Тийм ч болохоор бид явдаг, аялдаг, зураг авч, бичлэг хийдэг. Баг, хамт олон зохион байгуулдаг. У.Ганбаяр Дэлгэр мөрний эхийг гоё гэж байна, би Ховд голын эх орчимд дурласан. Ингээд ярих юм бол барагдахгүй. “Би чамд хайртай” кинонд бил үү “Бид нар чинь хүүхдүүдээ мэддэггүй юм байна даа” гэдэг. Түүн шиг бид бүхэн энэ улсад 50 шахам жил амьдарчихаад юу ч мэддэггүй юм байна. Эх орноо бүхэлд нь бүү хэл нэг сумын тухай ч мэддэггүй.

-Гэтэл Монгол Улс маань 330 гаруй сумтай.

У.Г:-Харин тийм. Зургаан жилд овоо хэдэн км зам туулж, сум үлдээлгүй хөл тавьсан ч үзэж, хараагүй гайхамшиг бол тоолж барахгүй.

-Та бүхний ажлын төлөвлөгөө, очих газрын жагсаалт, дараалал сонирхолтой байдаг болов уу. Хаана очихоо хэдий хэр хугацааны өмнөөс, хэрхэн төлөвлөдөг вэ?

-Бидний ажлын зургийг гаргаж, төлөвлөгөө баталж өгдөг хүчин бий. Тэр бол байгаль, бас амьтан. Энэ жил хойд хөршид түймэртэй байлаа. Түүнээс болж баавгай наашаа орж ирж байна. Энэ үзэгдэл, үйл явц биднийг захирч байна. Тогоруу эрт ирлээ, эрт буцлаа. Ажлын зураг, төлөвлөгөө, график аяндаа гараад ирнэ. Хаагуур вэ гэдгийг бол орон нутгийн ард иргэд, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааныхан, хамгийн гол нь “Хүрээлэн” төсөлтэй хамтарч ажилладаг биологичид хэлдэг. Биднийг хөтөлж, хүчилж, чиглүүлж байдаг хүмүүс бол тэд. Эрдэм, номтой хүмүүс биднийг тоох нь шагналын дээд юм даа. Эхэн үед биднийг төдийлөн ойшоодоггүй байсан нь үнэн. 

Бараг л “Хүүхдийн санаа байх даа, хэдэн дугаар явуулаад, халшраад, залхаад, эсвэл хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод болино доо” гэж бодож байсан юм билээ. Бид бас хааяа алдаа гаргана аа. Телевизийн нэвтрүүлэгт тайлбар бичихдээ амьтны зүйл, зан байдлыг тодорхойлсон үг гэх зэрэгт ганц нэгхэн удаа алдчихаар дургүйцэж байлаа. Энэ нөхөд чадах уу гэж эргэлздэг байсан гэсэн. У.Ганбаяр бол зурагт алдаа гаргахгүй. Баавгай бол баавгай, хандгай бол хандгайг яг л харуулна. Хандгай гэхэд хоёрхон зүйл байдаг. Дорнодынх нь буган буюу Хар мөрний, харин Хэнтийнх нь шивэр гээд ялгачихна. Гэтэл энэ хоёрын тухай 30 минутын турш өгүүлэх текст бичдэг надад мэдэхгүй нь их. Уншина, судална, асууна. Тэгээд тэгээд хааяа алдаа гаргана. Харин одоо бол биологичид маань бидэнд хайртай болсон санагддаг юм.

У.Г:-Тэд тайлбар сэлтэд алдаа гаргахад сэтгэл зовнихоос гадна амьтны зураг авах гэж хаанаас хаа хүртэл хөөж, уулгалж давхиад байх вий, амьдардаг орчноос нь холдуулах вий гэж боддог. Тэдний хэлдгээр бол ан амьтан стрессдүүлэх юм даа.

М.Б:-Тийм ээ, амьтан стрессдүүлэх нь бас л алдаа. Амьтдын араас нь авсан, тоос татуулан үргэн, айж, зугтаж яваа үеийн хойд хөл, бөгс нь гялалзсан зургууд байдгийг анзаарсан уу. Энэ бол амьтдыг стрессдүүлж байгаа хэлбэр. Зүй нь отож, өөдөөс нь харж байгаад зургийг нь авах ёстой юм. Байгаагаа мэдэгдэхгүй, мэдэгдсэн ч аюулгүй гэдгээ мэдүүлж ажиллах ёстой. Тийм орчин бүрдүүлж, дөхөж байж, амьтдын зан байдлыг харуулах хэмжээний зураг авдаг. “Оюутолгой” компанитай хамтраад хулангийн тухай цуврал хийлээ. Манайхны авсан хулангийн планууд ямар гоё вэ. Наашаа ирж байгаа, ус ууж зогсоо, унагаа хөхүүлж буй, тэр бүү хэл хажууханд ороо нь орсон хулангуудын нийллэг болж байгаа үеийн байдлыг ч буулгасан. Гэтэл зарим сонирхогчийн авсан зургуудад ихэнхдээ түрүүн хэлсэнчлэн амьтад тоос татуулан зугтаж явах нь харамсалтай.

У.Г: -Хулан гэдэг амьтан маш хурдтай, өргөн уудам талд дураар давхиж явдаг, их сэжигч гэдгийг харуулахын тулд, өөрсдөө ч харахын тулд тэгж авах нь бас байна л даа. Харин зан байдлыг харуулахын тулд бол аль болох харагдаж үзэгдэхгүй, үймүүлэхгүй байх хэрэгтэй.

-Гадаадын гэрэл зурагчдын бүтээлүүдийг харж байхад ихэвчлэн хажууд нь очоод “Наашаа хараарай” гэж байгаад дарчихсан юм шиг байдаг. Бид багаасаа тийм л зурагнууд харж, танин мэдэж өссөн шүү дээ.

М.Б: -Жишээ нь, Африкт зураг авах амархан юм билээ. Бид “Адуу” төслийнхөө хүрээнд адууны төрөл зүйл, үүсэл гарлын тухай нухацтай материал бэлдэхээр 2017 онд Африкийн Кени улсад очсон юм. Задгай жийптэй, хоёр цаг сафари аялалд яваад л санасан бүх зургаа авчихсан шүү дээ. Хоёр, гурван дугаарт хүрэлцээтэй, 20, 30 зүйлийн амьтны зураг авч амжсанаа гайхаж байлаа. Монголдоо яаж нусаа хацартаа наадаг билээ.

-Яагаад тийм амархан байгаа юм бол?

У.Г:-Хамгааллын үр дүнд амьтад нь өсөж, үржээд олон болчихдог юм байна. Хамгаалагдсан нутаг дэвсгэрт буун дуу гаргадаггүй, хөөж, туугаад байдаггүй. Замын хажууд явж байхад үргэж зугтаад байдаггүй.

М.Б: -Одоо манай Хустайн нуруунд тийм болж байгаа. Тарвага, үнэг, чоно, ямар л амьтан байна, үргэхээ мэддэггүй. Буга, тахь бол яг таван хошуу мал шиг болж байгаа. Ер нь хүн аюул учруулахгүй бол зэрлэг амьтад бараг л таван хошуу мал шиг болно.

У.Г: -Зарим хүн бол амьтад хажууханд нь байхад сонирхолгүй, мал шиг гэдэг. Уг нь бол бүхий л амьтад хажууд байж байвал гоё. Манайхан хийморь лундаагаа сэргээх гэж байгаа нь энэ гэж амьтан харах л юм бол араас нь хөөж, айлгаж бах таваа хангах талтай.

М.Б: -Үнэхээр тийм. Хөдөө хээр амарч, машин барьж яваа хүнд зэрлэг амьтан харагдах л юм бол замаас гарч, хурд нэмдэг. Тэгэхээр өнөөх амьтан түрүүн хэлсэнчлэн стрессдээд, дөрвөлжин юман дотор хоёр хөлтэй амьтан сууж явдаг, тэр хөөдөг гэдгийг мэддэг болчихдог. Тийм рефлекстэй болдог. Дорноговь аймгийн Их нартын байгалийн нөөц газарт аргаль, янгир дурангаар бүү хэл нүдээр харахаар ойрхон явж байдаг. Энэ ч гэсэн хамгааллын үр дүн.

-Тэнд нь аргал, янгир харах аялал зохион байгуулж болмоор юм биш үү?

-Гадаадын зочин судлаачид ирж амрангаа судалгаа хийдэг болсон байна лээ.

-Та хоёрт аялал жуулчлалын бизнес эрхлэх санаа төрж байсан уу?

М.Б: -Санаа бол Билл Гейтс болсон ч болохоор мундахгүй. Хүмүүс хамтаръя гэдэг. Тог тог тог гэсэн дуу гаргадаг нургийн сойр гэж шувуу байдаг юм. Дөнгөж цас хайлмагц, энэ шувууны ороо орох үед ажиглах гэж ирдэг жуулчид байдаг. Эрчүүд нь тог тог тог гэсэн дуу гаргаад л, шүхэрлээд л, өөрсдийгөө гайхуулаад л байна. Шүхэрлэнэ гэдэг нь сүүлээ гоё өргөж, цацраг хэлбэрийн болгохыг хэлж байгаа юм. Эр сойрууд тэгж байх зуур “хүүхнүүд” нь модон дээр суучихсан, өнөө хэдийг ээлж дараалан харна. Тэгж тэгж аль таалагдсан руугаа очно доо. Үүнийг харах гэж Францаас ирдэг групп байдаг.

У.Г: -Энэ шувуу онцлогтой. Ороо, үржлийнхээ үед газар сонгодог. Гоё, наран ээвэр газар хэрэгтэй. Хүний ертөнцөөр бол цэнгэлдэх хүрээлэнтэй байх гэж үзэлцдэг.

М.Б: -Зодолдохын өмнө бөхчүүд шиг дэвнэ, шавна. Сүр хүчийг үзүүлнэ шүү дээ.

-Та хоёрын яриаг сонсоод л баймаар юм. Зургаан жилийн аялал, ажлын үр дүнд та нар өөрсдөө биологич болох дөхөж байгаа бололтой.

М.Б: -Эхэндээ дунд сургуулийн долдугаар ангийн хүүхдийн хэрийн ойлголт, мэдлэгтэй байсан бол одоо дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутантай цэц булаалдахаар болсон байх шүү (инээв).

-Аргагүй “БАЛДОРЖ” шагналын хошой эзэд мөн юм. Шалгаруулалтын дүрмийг өөрчилсөн. Цөөн сэтгүүлч тодруулж, дорвитой шагнадаг болъё гэсэн зарчим баримталж эхэлсэн. Таалагдсан уу?

М.Б: -Таалагдсан. Сэтгүүлчийн хөдөлмөр, зүтгэлийг бодитоор үнэлж чадаж байна. Энэ удаа шалгарч, бүр дээд шагналыг нь хүртэнэ гэж бодоогүй. Гэтэл хоёр дахиа тайзнаа “Хүрээлэн” төслөөрөө овоглуулан нэр дуудуулсандаа итгэхгүй байсан. Шагналын мөнгөө хувааж авч байгаа. Та надаас юунд зарцуулах вэ гэж асууж ч болно. Би л лав хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зориулна. Манайх гурван хүүхэдтэй. “Сайн байлаа, баяр хүргэе” гээд энгэрт нь ямар нэг тэмдэг зүүж өгөөд буулгадаг шалгаруулалт, шагнал зөндөө байдаг шүү дээ. Харин “БАЛДОРЖ” бол бодит, жинхэнэ шагнал.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)