Айзек азимов: Хүн төрөлхтнийг аврах ганц зам бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах

Та аль ч төрлийн ном уншдаг бай хамаагүй, Айзек Азимов (1920-1992)-ын аль нэг бүтээлийг уншиж байсан, үгүйдээ л түүний нэрийг дуулсан нь дамжиггүй. Уран сэтгэмжит зохиол, шинжлэх ухааны зөгнөлт өгүүлэл, хялбаршуулсан тайлбар, хүүхдийн ном, хими, физик, астрономи, математик, биологи, түүхийн ухааны гарын авлага, дэлгэрэнгүй толь гээд түүнд бичиж туурвиагүй, сонирхон судлаагүй төрөл, оюун ухаанаа сориогүй шинжлэх ухааны талбар гэж бараг нэг ч үгүй.

Оросын еврей гэр бүлд төрж, найман настайдаа Америкийн иргэн болсон А.Азимов нийт 500 гаруй бүтээл туурвиж, эрин үеийнхээ “гарамгай тайлбарлагч” гэгдсэн сод ухаантан билээ. Түүний хүн төрөлхтний ирээдүй хийгээд шинжлэх ухааны хөгжлийг зөгнөсөн олон арван ярилцлага, тэмдэглэлээс Америкийн нэрт сэтгүүлч Билл Моейрсийн “Бүтээлч санааны ертөнц” нэвтрүүлэгт 1988 онд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Шашин номын зарим улс таныг ад зэтгэрийн амилсан дүр гэдэг. Та шашин шүтлэгтэй тэгж их дайсагнадаг хүн үү?

-Үгүй дээ. Би аль ч шашны дайсан биш. Соёлт нийгмийн ямар ч хүн өөрийн сонгосон замаар, итгэл бишрэлээ даган амьдрах бүрэн эрхтэй гэдэгт би хөдөлбөргүй итгэдэг. Харин хүний итгэл үнэмшлийг улс гүрний бодлогоор, эсвэл дэлхий нийтийн хандлагаар зохицуулан журамлахыг л эсэргүүцдэг юм. Америкчууд бид ЗХУ дэлхий дахиныг эзэлж, коммунист үзэлтэй болгох нь гэдэг дээ. Гэтэл үнэн хэрэгтээ бид ч мөн ялгаагүй, бүх дэлхийг өөрсөдтэйгөө адилхан ардчилсан тогтолцоотой болгох гэж улайрч байна.

Үүний адил бүх дэлхийг христийн юм уу, исламын, эсвэл иудейн шүтлэгээр бүрэн шашинжуулах гэвэл юу болох вэ? Магадгүй намайг хувьслын онолд итгэдэг учраас тэд надад дургүйцдэг байх. Би хүн болгоныг байгалийн хувьсал, хөгжлийн явцыг үнэн зөв гэдэгт итгээсэй гэж хүсдэг ч тэднийг албадах биш, өөрсдөөр нь судлуулахыг илүүд үзнэ. Гэтэл сүм хийдийнхэн дэлхий ертөнцийг бурхан бүтээсэн гэсэн шашны сургаалыг суурь боловсролын тогтолцоонд бүхэл бүтэн хөтөлбөр болгон тусгахаар улайрдаг шүү дээ.

Энэ бол боломжгүй зүйл. Учир нь бурхан ертөнцийг бүтээсэн гэж зүтгэх нь шинжлэх ухаанч хандлага биш юм. Тэд иймэрхүү сургаал номлолоо шашны хичээл, эсвэл тусгай сургалтаар зааж болно. Хэрэв намайг хувьслын онолын талаар бүх сургууль, сүм хийдэд заана гэвэл тэд яаж хүлээж авах вэ? Ерөөс аливаа үзлийг туйлын үнэн, анхнаасаа хувиршгүй, хөдөлбөргүй гэж бодох нь, тэр тусмаа өөрийн үзэл санаанд нийцгүй зүйлийг худал хуурмаг гэдэгт итгэх нь хэчнээн шившигтэй билээ. Александрия хотыг эзэлсэн исламын шашинтнуудын түүхийг санаж байгаа биз дээ? Хотын номын санг хэрхэх талаар асуусан цэргүүддээ Омар “Коран сударт бичигдсэн зүйлсийг улиглан давтсан ном судрууд байвал бидэнд хэрэггүй, зүгээр хая.

Коран сударт буй бүхэнтэй сөргөлдсөн юм уу, тэдгээрийг үгүйсгэсэн ном бол шууд шатаа” гэж хэлдэг шүү дээ. Харамсалтай нь, орчин цагт ч Омар шиг бодолтой сэтгэгчид байна. Тэд “Библийн судар” хэмээх ганц номд ертөнцийн бүх үнэн багтсан гэж боддог нь тоогүй.

-Шинжлэх ухаан, шашин шүтлэг гэсэн хоёр туйлд бат зогсдог хүмүүсийн дунд энгийн харилцаа үүсэх боломж бий юү?

-Их сүсэг бишрэлтэй хэр нь шинжлэх ухааны маш нарийн, гарамгай сайн ажил хийсэн эрдэмтэн, судлаач олон бий. Тэд шашин шүтлэгээ эрдмийн ажилтайгаа хольж хутгаагүй. Тэд ойлгомжгүй, ярвигтай зүйлтэй таараад “Энэ бол гарцаагүй бурхны бүтээл” гээд зогсож байгаагүй нь мэдээж. Шинжлэх ухаан бол байгалийн хуулийг таньж мэдсэн хүний оюун санаанаас урган гарах зүйл гэдгийг эрдэмтэй хүн ойлгодог. Шашныг мөн өөрийнх нь хүрч чадах хязгаараас хамаагүй дээр орших, тайлбарлахын аргагүй хүч гэдгийг ч мэднэ.

Бурхан үнэхээр байдгийг батлах шинжлэх ухааны нотолгоо гараад ирж гэмээнэ бидэнд түүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт байхгүй. Харин шашны фундаменталистууд байгалийн хувьсал, шалгарал болсныг нотлох баримт олдлоо гэхэд хүлээн зөвшөөрөх үү? Бурхны үгтэй тэрсэлдсэн байна гээд бас л дайсагнаж таарна.

-Тэд бурхан үгүй бол хүн бүр хүссэнээ хийнэ, юм бүхнийг хүлээн зөвшөөрнө гэхээс айдаг байх.

-Хүн шашин номгүй л бол сайн, мууг ялгаж чадахгүй тийм дорой амьтан гэж үү? Хүн зөвхөн диваажинд очихоо бодож л ёс суртахуунаа гээдэггүй хэрэг үү? Хүнийг там, диваажингаар айлгаж, аливаа суртал номыг сохроор шүтэхэд хүргэнэ гэдэг надад доромжлол шиг санагддаг. Энэ бол хүн төрөлхтнийг басамжилсан хэрэг. Хүн гээч амьтан зөвхөн сайн сайхныг хүссэндээ хүний зэрэгтэй амьдарч, сэтгэлийн дуудлагаар сайн үйл бүтээж болохгүй хэрэг үү? Би л хувьдаа хүн үхсэний дараа түүнээс юу ч үлддэггүй гэдэгт бат итгэдэг.

Гэхдээ тэглээ гээд үүрэг хариуцлага, ял шийтгэлээс айдаггүй юм биш. Тамд очихгүй юм чинь гээд би хүн алж, хүрээ талж, хүчин, дээрэм үйлдсэнгүй. Ухамсартай, хүнлэг байхад шашин шүтлэг огт хамаагүй. Харин ч эсрэгээрээ ихэд шашинжсан, мухар сүсэгтэй нийгэмд гэмт хэрэг их гардаг. Ялын дээд хэмжээ авсан, цаазлуулахаа хүлээж байгаа гэмт этгээдүүдээс “Бурханд итгэдэг үү?” гэж асуухад “Итгэдэг” гэж л хариулна шүү дээ.

-Шинжлэх ухаанд ёс суртахууны хэм хэмжээ хавьгүй өндөр байдаг шиг санагддаг.

-Маргаангүй. Эрдэмтэн, судлаач хүн өмнө нь хэчнээн гайхамшигтай нээлт хийсэн байлаа ч өрөөлийн бүтээлийг хуулбарласан юм уу, бусдыг хууран мэхэлсэн нь илэрвэл тэр хүний шинжлэх ухааны салбар дахь нэр хүнд шавар шавхайтай хутгалдаж, эрдэм номын амьдрал нь тэр чигтээ дуусна. Шинжлэх ухааны амин чухал ганц зорилго нь үнэнийг олох, үнэнийг мэдээлэх. Тиймээс өчүүхэн жижиг зүйл дээр ч хуумгай хандаж болохгүй. Шинжлэх ухаанаас бусад бараг бүх салбарт бусдыг залилсан атлаа тахин шүтэгдэх тохиолдол байдаг.

Харин эрдэм номын ертөнцөд тийм боломж байхгүй. Эрдэмтэн, мэргэдийн дунд хэчнээн олон гэгээнтэн байдаг гэж санана. Би нэг жишээ татъя. Голландын эрдэмтэн Хуго Де Фриз, Германы эрдэмтэн Карл Корренс, Австрийн судлаач Эрих Чермак нар тус тусдаа гарал зүйн ухааны талаар судалгаа хийж, гурвуулаа 1900 онд судалгааныхаа дүнг танилцуулсан байдаг. Тэд гурвуулаа генийн судалгааны салбарт өмнө нь хийгдэж байсан бүхнийг нягталж, дахин туршиж, гурвуулаа Грегор Менделийн 1860-аад онд хийсэн генетикийн судалгааг хэчнээн гайхамшигтай нээлт болохыг баталсан.

Шинжлэх ухаанд асар том гавьяа байгуулсан энэ гурван эрдэмтэн гурвуулаа Менделийн ажлыг олон нийтэд таниулж байгаагаа, гарал зүйн ухаанд хийсэн нээлт нь өөрсдөд нь биш зөвхөн Мендельд нэр хүнд авчрахыг бүр анхнаасаа мэдэж байсан. Гэсэн ч Менделийн ажлыг үнэн зөв болохыг батлахын тулд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн байгаа юм. Миний мэдэхээр эдний лав хоёр нь тун хэцүү амьдралтай байсан юм шүү. Өөр бусад салбарт ийм шударга үйлс байх бараг боломжгүй.

-Удахгүй тангаргаа өргөх АНУ-ын шинэ Ерөнхийлөгч “Ноён Азимов, би Америкийн ард түмэнд нэг чухал зүйл ойлгуулж, сануулмаар байна. Би юун тухай ярих вэ?” гэж танаас асуувал та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Дэлхий дахинд нүүрлээд байгаа аюул ослын талаар л санал бодлоо хэлэх байх даа. Хөрс шороо, агаар мандал, далай тэнгист үүссэн бохирдол бол бүх дэлхийн асуудал, озоны давхарга цоорсон нь хүн төрөлхтөнд бодитоор нүүрлэж буй аюул. Аль ч улс орон энэ бүхэнтэй ганцаараа тэмцээд нэмэргүй. Одоогийн экологийн доройтол бол урьд өмнө байгаль дэлхийд заналхийлж байсан бүх л аюул гамшгаас хамгийн хөнөөлтэй нь.

Хэрэв үүнд анхаарал хандуулж, байгаль хамгаалахад илүү мөнгө зарцуулбал дайн байлдаанд зориулах хөрөнгө мөнгө танагдах сайн талтай. Хуучин цагт хүмүүс ирээдүйн тухай бодож тэгтэл санаагаа чилээдэггүй байсан. Харин одоо бол, юм бүхэн маш хурдан өөрчлөгдөж байгаа энэ үед бид санаагаа зовоох зайлшгүй хэрэгтэй байна. Америкчууд юм бүхнийг чадна гэдэг бодлоосоо бас салах хэрэгтэй. Нэг талаар бид хэт их амжилтад хүрснээсээ болж, шинжлэх ухааны талбарт тэргүүлэгч байр сууриа алдаж эхлээд байна.

-Та хүн амын хэт өсөлтийг аюултай үзэгдэл гэж хэлж байсан. Хэрэв дэлхийн хүн ам одоогийнхоо эрчээр, жил тутам хоёр хувиар өсөөд байвал цаашдаа юу болох бол?

-Дэлхийн хүн ам одоо таван тэрбум давчихлаа. Энэ хурдаараа өсвөл 2000 он гэхэд лав 6.5 тэрбумд хүрнэ. Экологийн одоогийн дүр зургаас харахад таван тэрбум гэдэг ч байгаль дэлхийд ахадсан тоо. Би өмнө нь ч хэлж байсан. Хүн төрөлхтнийг аврах ганц зам бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах. Хэрэв эмэгтэй хүн хүссэн аль ч салбартаа эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллавал, орчин нөхцөл нь бүрнээ хангагдвал хүүхэд төрүүлээд гэртээ суугаад байхгүй, өөрийгөө ч аливаа шударга бус зүйлээс хамгаалах чадалтай болно.

Боловсролгүй, хүссэнээрээ ажил хөдөлмөр эрхлэх мэдэлгүй эмэгтэй хүнд хүүхэд төрүүлж, өсгөхөөс өөр өөрийгөө үнэ цэнтэй байлгах боломж олдохгүй. Энэ нь олон ч судалгаагаар батлагдсан. Эмэгтэй хүний байр суурь хэдий доогуур байна, төрөлт төдий чинээ их байна. Төрөлт хэдий бага байна, эмэгтэйчүүдийн байр суурь, эрх мэдэл тэр хэрээр дээгүүр байна. Эмэгтэй хүн эрчүүдтэй адил эрх эдэлбэл хүүхэд төрүүлэх, үгүйгээ өөрөө шийдэж, хүн амын өсөлт ч огцом буурна. Би хүн амын өсөлтийн талаар ярихдаа ариун цэврийн өрөөгөөр жишээ татах дуртай. Түүнийгээ дахиад ярья.

Угаалгын хоёр өрөөтэй байранд хоёр хүн амьдарч байлаа гэхэд хэн хэн нь хэрэгтэй үедээ бие засаж, хэчнээн ч удаан усанд орж, амарч тухалж болно. Ариун цэвэр сахина гэдэг, наад захын шаардлага хангасан жорлонтой байна гэдэг хүний үндсэн эрх шүү дээ. Би үүнийг бүр Үндсэн хуульд зааж өгөх хэрэгтэй гэж боддог.

Харин ганц угаалгын өрөөтэй байранд 20 хүн амьдарвал юу болох вэ. Тэд бүгдээрээ эрх, эрх чөлөө, хувийн орон зайг эрхэмлэдэг байлаа гээд юу ч хийж чадахгүй. Цагийн нарийн хуваарь гаргаад ч хаалга үүд балбах, хэрэлдэж муудалцах энүүхэнд. Ардчилал гэдэг чухам үүнтэй ижил юм. Хэдий их хүн байна, төдий хэрээр үймж бужигнана, тэр хэрээр эрх чөлөө, шударга ёсны талаар ярилтгүй болно. Улангассан олон цаашлаад хүн ёсыг ч уландаа гишгэнэ.

-Та маш олон төрлөөр хэдэн зуун ном бичсэн хүн. Олон нийтийг тан шиг сурч мэдэх эрмэлзэлтэй болгохын тулд одоогийн боловсролын тогтолцоонд ямар шинэчлэл хийвэл зохилтой вэ?

-Эрт цагт уншиж, бичиж сурна гэдэг зөвхөн ихэс дээдсийн хүүхдүүдэд олддог зол байсан. Энгийн ард бичиг үсэгт тайлагдахыг ямар нэгэн ид ховсын, өөрсдөд нь огт заяагаагүй онцгой чадвар гэж боддог байлаа. Харин бүх нийтээрээ суурь боловсрол эзэмшиж эхэлснээр хүн бүр сурч мэдэх авьяастай нь илэрхий болсон. Үүнтэй нэгэн адил ямар ч хүний бүтээлч чадварыг хөгжүүлж болно. Хэрэв технологийн хөгжлийн ачаар хүн бүр гэртээ компьютертой болчихвол хүссэн үедээ ашиглах мэдээллийн арвин сантай болно гэсэн үг.

Одоо бол суурь боловсролыг бараг албадах шахам эзэмшүүлж байгаа. Гэтэл хүн бүрийн сонирхол, сурах хурд, ой тогтоолт өөр шүү дээ. Харин миний хүсэж, зөгнөж байгаагаар техник сайн хөгжвөл түүхэнд анх удаа мэдээллийн эх сурвалж, мэдээлэл хүртэгч хоёр ямар нэгэн дамжуулагч, зуучлагчгүйгээр шууд харилцах боломжтой болно. Компьютер хувийн сургууль, хувийн багшийн үүрэг гүйцэтгэх юм. Энэ нь зөвхөн хүүхэд, залууст зориулагдсан зүйл биш гэдгийг онцлох хэрэгтэй.

Одоогийн боловсролын тогтолцоонд сурч боловсрох нь зөвхөн залуу насны явдал гэж үздэг маш өрөөсгөл тал бий. Хүн сургуулиа төгсөөд том хүн болчихгүй. Гэтэл хүүхэд болохоор л хичээл номоор шийтгүүлдэг юм шиг, сургуулиа дүүргээгүй л бол хүнийг насанд хүрээгүй мэтээр ярьцгаадаг. Хөгширсөн хойноо сургуульд сурдгаасаа ичдэг хүмүүс ч бий. Угтаа бол хүн эрдэм номд төгс болно, сурч боловсорч дуусна гэж огт байхгүй шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)