Айдсаар биднийг удирдсаар л байх уу

Бид ямар нийгэмд амьдраад байна вэ? Уг нь 1992 онд баталсан шинэ Үндсэн хуульдаа эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго хэмээн зарлан тунхагласан. Өдгөө 27 дахь жилтэйгээ золгож, таван Ерөнхийлөгч, зургаан Их хурлын нүүр үзээд байна. 27 жил гэдэг богино боловч Үндсэн хуульдаа зарлан тунхагласан хүмүүнлэг, иргэний, нийгмээ байгуулж чаддаггүй юм гэхэд ийм нийгэм байдаг юм байна гэж ойлгоход хангалттай хугацаа. Гэвч бид байгуулах нь бүү хэл, ойлголгүй ийм хугацааг ардаа орхиж, харин ч эсрэгээрээ “айдас хүйдэс”-тэй нийгмийг өөрсдөө ч мэдэлгүй бий болгочихлоо.

Нийгэм даяар айдас нэвчин тархаж, сэтгэл хөдлөлөөр сүлэгдэн, биднийг хэрхэн “удирдаж” байгааг бүрэн дүүрэн ойлгомоор байна. “Хэрэв түүхчид энэ цаг үеийг нэг үгээр тодорхойлох хэрэг гарвал “айдас” гэдэг үгийг сонгох нь гарцаагүй” хэмээн “Нью-Йорк таймс” сонинд Дэвид Брүүкс нийтэлснийг сэтгүүлч Ж.Тэгшжаргал орчуулан хүргэсэн нь санамсаргүй зүйл биш бөгөөд анзааралгүй орхиж боломгүй.

Хэрэв та анзаарч байгаа бол өдөрт таныг болон үр хүүхдийг тань айдаст автуулсан мэдээ хамгийн багадаа нэгийг заавал сонсоно. Үүнээс болж хэдэн хүн сэтгэл санааны хямралд орж, тэр тусмаа хойч ирээдүй болсон хүүхэд, багачууд эх орондоо, төр, засагтаа, ирээдүйдээ итгэх итгэлгүй, гялайж гялтайх хүсэл мөрөөдөлгүй, тэмүүлэл зорилгогүй болж буйг анзаарах нь бүү хэл санаагаа чилээдэг төрийн түшээ байхгүй гэдэгт мөрий тавихад ч бэлэн байна.

...Өглөө хичээлдээ явсан бяцхан охин ор сураггүй алга боллоо. Замын хөдөлгөөнд оролцож явсан автомашины дээрээс тоосго унаж хүн гэмтлээ, ажлын байрандаа ажлаа хийж байсан дөрвөн иргэн амиа алдлаа, барилгын төдөн давхраас унаж амиа хорлолоо, мансууруулах бодис тээвэрлэж явсан иргэдийг баривчиллаа, хар тамхинд донтогчдын тоо өсөж, хэрэглэгчид нь залуужиж байна, ДОХ-той төд дэх иргэн бүртгэгдлээ, түймэр гарлаа, дөрөвхөн настай хүүг эцэг нь гурав хоног тамлан зовоож, зодсоны улмаас долоо найман удаа хагалгаанд оров, элэгний хорт хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүлж байна, гудамжинд иргэн буудуулжээ, цахилгаан шат унасны улмаас амиа алдлаа, төрийн албан хаагчид ажлын цагаар албан өрөөндөө архидан согтуурсны улмаас нэгийнхээ амийг хөнөөв, төрийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдлоо. Хар мэдээний жагсаалт ийн цуварч байна. Энэ бол нийгэмд буй бодит айдас.

Нарийн царигийн төмөр зам тавивал нэг хөршөөс, бүдүүн царигийн төмөр замтай болбол нөгөө хөршийн хараат болно, Ардын намынхан муухай, 60 тэрбумаар төрийн эрхийг хууль бусаар авсан, Ардчилсан намынхан бүр муухай бондын мөнгийг идсэн. Цаашлаад УИХ-ын эрхэм гишүүд нь бид “шившиг”-ийн хөндийг туулж явна, шударга бусын “хонгил” байдаг юм байна, би үүдэнд нь очлоо, ороод гарлаа гэж “хиймэл” айдсыг өдөр тутам түгээнэ.

Сэтгэл эмзэглэж, зүрх зүссэн ийм “хар” мэдээг сонин, сэтгүүл нь тэргүүн нүүрэндээ, радио, телевиз нь оргил цагаараа, сайтууд хамгийн сайн гэх, аль болох нүдэнд өртөх байрлалдаа “Газар дээрээс нь”, “Шууд”, “Live” гэхчлэн уралдан мэдээлж буйгаа юман чинээ бодохгүй, бахархалтайгаар нийгэмд түгээх нь бүр айдас дагуулна. Үүнийгээ сэтгүүл зүй хэмээн ойлгож, эрх, үүргээ умартсан, мөнгө, эрх ашгийн төлөө ажилладаг мэргэжлийн бус “сүрэг” хөгжиж буй нь тун харамсалтай.

Ямар ч ёс зүйгүй, камер, микрофон бариад Төрийн ордонд түшээдийн араас хөөцөлдөн гүйлдсэн бүхэл бүтэн “хүн сүрэг” үүсээд байна, энэ салбарт. Ямар ч мэргэжлийн шүүлтүүргүй мэдээлэл түгээж, нийгмийн сэтгэл зүйг бохирдуулж, түүнийгээ орчин үеийн сэтгүүл зүй гэж хөөрцөглөн, нийгмээ, хойч ирээдүйгээ айдас хүйдсээр “тэжээж” байна. Манай нийгэм бодит бөгөөд хиймэл айдас хүйдэст нэвт автжээ. Соён гэгээрүүлэх үүрэгтэй, нийгмийн түүчээлэгч сэтгүүлчид маань үүнд хамгийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь эмгэнэл.

Сэтгүүл зүй нь мэдээлэл түгээх, мэдлэг олгох, бодит байдлыг тусгах, нийгэм системийг бүхэлд нь ойлгож таних, удирдахад тустай мэдээ мэдээллийг дамжуулах, хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох хэрэгсэл байх, олон түмний санаа бодлыг алив цогц асуудлаар төлөвшүүлэх нийтлэг үүрэгтэй. Аль болох бодит үнэнд нийцүүлэх, шуурхай хүртээмжтэй байх, ил тод, олон ургальч үзлийг эрхэмлэх, хүнлэг энэрэнгүйг дээдлэх, улс үндэстний эрх ашиг, хувь хүний эрх чөлөөг адил тэгш үзэх, дээдлэх түгээмэл зарчимтай.

Нийтлэг үүрэг, түгээмэл зарчмаа мөрдлөг болгон ёс зүйтэй, мэргэжлийн хэм хэмжээгээ баримталдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөнгүй байгааг үгүйсгэх аргагүй. Үнэн гэдэг харьцангуй. Гэхдээ л үнэнд, бодит байдалд аль болох бүхий л боломжит байдлаараа ойртуулахын төлөө нойр хоол, ар гэр, амьдрал ахуйгаа умартан, ажил мэргэжилдээ сэтгэл зүрхээ өгсөн сэтгүүлчид цөөнгүй. Тийм сэтгүүлчид улам олон болоосой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)