Айдас

1984 оны хавар дунд сургуулийн аравдугаар анги төгсөх хэсэг хөвгүүн Польшийн “Панорама” хэмээх сэтгүүлээс “AIDS” гэсэн гарчигтай нийтлэлийг чадан ядан орчуулж, уншаад бусдадаа ингэж ярьж, тайлбарлаж өгч байлаа. “Америкийн нэг том дарга хачин янзын өвчин тусжээ. AIDS гэдэг нэртэй тэр өвчнийг үүсгэгч нь сармагчинд байдаг. Гэхдээ “унтсан” тохиолдолд л халддаг гэнэ. AIDS туссан хүн үхэхээс өөр замгүй” хэмээхэд ангийнхан нь гайхаж, “Капиталист орны хүмүүс чинь ямар сонин, аймаар юм бэ” гэж бөөн шуугиан, инээдэм болж билээ. Латин үсэг, англи хэл гэдгийг хумигдмал хүрээнд л заадаг, гадарладаг байсан тухайн цаг үеийн сургуулийн хүүхдүүдэд тэр нийтлэлийн гарчгийн таван үсэг хамгийн содон байв. Тиймдээ ч “AIDS” гэдгийг шууд “айдас” хэмээн “хөрвүүлэн” ойлгож, аймаар өвчний тухай анх мэдэж авсан юм. Үүнээс найман жилийн дараа буюу 1992 онд өнөөх айдас Монголд “хүрээд ирсэн”. Камерун “сармагчинтай наадсан” монгол эмэгтэйд халдсан AIDS өнөөдөр манай нийгэмд жинхэнэ айдас болоод байна.

 Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүд бэлгийн замын халдварт өвчин тусах тохиолдол сүүлийн жилүүдэд өссөн. 12-15 насны хүүхдүүд аль эрт бэлгийн хавьталд орчихсон, жирэмсэн болчихсон тэр ч бүү хэл, бэлгийн замын 2-3 өвчнөөр өвчилчихсөн байна. Тиймээс 18 нас хүрээд бэлгийн хавьталд орох, анхны бэлгийн хавьтлаа хойшлуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгч буй.

Монгол Улсад 281 хүн дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчинтэй байгаа талаар мэргэжлийнхэн хэд хоногийн өмнө мэдээлсэн. Харин ДЭМБ-ынхны танадалт, судалгаагаар энэ тоо 800 гарах гэнэ. Тус байгууллагын шинжээчид “Монгол Улс ДОХ-той хүмүүсийнхээ 35 хувийг л оношилж, илрүүлсэн” гэж байна. Гурван сая хүн амтай улсын хувьд энэ бол үнэндээ аймшигтай гамшиг. Хүний дархлааны тогтолцоонд нөлөөлдөг вирусээр үүсгэгддэг эл өвчнийг анх 1981 онд Америкт илрүүлэн (1969 онд Америкийн биеэ үнэлэгч нэг эмэгтэйгээс илэрсэн жигтэй вирус ДОХ-ынх байсныг хожим баталсан байдаг) бүртгэснээс хойш өнөөдрийг хүртэл олон сая хүний амийг авч оджээ. Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдварын сүүлчийн үе шат болох ДОХ өвчний улмаас дэлхийн хэмжээнд жилд дунджаар таван сая гаруй хүн амиа алдаж, 1.7 сая гаруй хүн эл вирусийн халдвар авдаг талаар ЮНЭЙДС (UNAIDS) буюу НҮБ-ын ДОХ-той тэмцэх хөтөлбөрийн тайланд дурджээ. Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа ч өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд эл өвчнийг хазаарлах эм бэлдмэл, тарилга гаргаж чадахгүй байгаа нь үүсгэгч вирусийнх нь хувьсах (мутац) чадвартай холбоотой гэдэг. Өнгөрсөн зун Америкийн эрдэмтэд ХДХВ-ийн халдвартай хулганын генийг засварлах аргаар илааршуулсан талаараа мэдээлж байсан. Энэ нь хүний дархлааг туйлдуулж, “сордог” вирусийг дарах боломж байгааг харуулж, сая сая хүний сэтгэлд гэгээ татуулсан. Гэхдээ эм бэлдмэл бүтээтэл дахин хэчнээн хүн АЙДАС-т идүүлэхийг таашгүй.

Бие махбодын хамгаалалтын тогтолцоог ганхуулдаг ХДХВ-ийн халдвар авах эрсдэл өнөөдөр нийгмийн аль ч давхаргынханд байгаа. Монгол Улсын гадаад харилцаа өргөжсөн. Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт хүрдэг болсон. Эх нутагтаа ч олон хэлийнхнийг хүлээн авч байна. Гэхдээ энэ бүхэн ДОХ тусах эрсдэл гэсэн үг биш л дээ. Хамгийн гол нь хилийн дээсэнд бус, хормойн дээсэнд л асуудал бийг сануулах гэсэн юм. ДОХ бол ихэнхдээ “хормойгоор” халдварладаг айдас юм. Тиймээс гэр бүлийн ариун харилцааг эрхэмлэснээр АЙДАС-аас хол байх боломжтой. Хэрэв “хэрэг тарьсан” бол, хайртай хүн тань итгэл эвдсэн бол ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд заавал хамрагдахыг сануулъя. Улсын хэмжээнд ийм шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг. Хүмүүс ДОХ-ын эм бэлдмэл байхгүй учраас ХДХВ-ийн халдвар авсан л бол үхнэ гэсэн буруу ойлголттой байдаг. Эл вирусийн халдварыг эрт үед нь илрүүлбэл эмчилгээнд хамрагдах боломжтой. Вирус тээгч, эмчилгээнд хамрагдсанаар 20, 30, 40 жил амьдарч байгаа жишээ дэлхийд

олон бий. ХДХВ-ийн халдвар авсан анхны монгол эмэгтэй өдгөө ч амьд байгаа нь үүний нэг илрэл. Өөрөөр хэлбэл, ДОХ-ыг төгс анагаах арга хараахан байхгүй ч тодорхой түвшинд эмчилдэг болсон. Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд үсрэнгүй дэвшил гарч байгааг ДЭМБ-аас мэдээлдэг. Тиймээс л халдварыг даамжруулж, өвчин болж томрохоос нь өмнө илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг уриалаад байгаа хэрэг.

ХДХВ-ийн халдвар, ДОХ-оос урьдчилан сэргийлэхэд олон нийтийн хүч чухал гэдгийг Америкийн эрдэмтэн Филипп Леми уриалжээ. Нэгэн үед хүн төрөлхтөн томуу, хумхаа зэрэг өвчний улмаас үй олноороо нас барж байсан ч аюулыг дарж чадсан, өдгөө урьдчилан сэргийлж чадаж байна. Эдгээр нь ДОХ-той харьцуулахад ноцтой асуудал биш гэсэн ч цагтаа хамгийн аюултайд тооцогдож байв. Эл өвчнийг ялан дийлэхэд хувь хүний оролцооноос эхлээд нийгмийн цогц давлагаа, мэдээлэл чухал байсныг тэрбээр онцлоод ХДХВ-ийн халдварыг нийгмийн өөрчлөлтөөр зогсоох ёстой гэж үзэж байна. Түүний хэлээд буй тэр хүч нь олон нийтийг хамарсан мэдээлэл, суртал ухуулга, зөв хандлагад уриалах явдал юм. ДОХ бол дэлхий нийтийн зовлон учраас хамтын хүчин чармайлтаар л эл айдсаас салах учиртайг НҮБ сануулдаг. Тиймээс иргэд бид дор бүртээ энэ аргаар мэдээллийг цогцоор нь түгээж, ДОХ-ын аюулыг цаг үргэлж сэрэмжлүүлж, нийгмийг ариун ёс журамтай байлгахад анхаарахын зэрэгцээ гэр бүл салалт, хүчирхийлэл, аливаа өвчлөл, бэлгийн замын халдварт өвчний тархалтыг сааруулж, зогсооход төр, засгийн зохистой бодлого хэрэгтэй байна. Залуучуудынхаа, иргэдийнхээ эдийн засгийг бэхжүүлэхэд анхаарахгүй бол ядуурлаас үүдэлтэй муу муухай бүхэн, тэр дундаа АЙДАС зэрэг халдвар газар авч байгааг улс удирдаж буй хүмүүст дуулгая.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Өөр өвчний учир эмнэлэгт хандаад ХДХВ-ийн тээгч гэдгээ мэдсэн нь ч бий 

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Амарзаяагаас манай улс дахь ДОХ-ын өвчлөл болон ХДХВ-ийн халдварын тархалт, өвчтөнүүдэд үзүүлж буй эмчилгээ,үйлчилгээ, тулгарч буй бэрхшээлийн талаар тодрууллаа.

-Манай улсад ДОХ-ын өвчлөл, ХДХВ-ийн халдвар ямар түвшинд байна, тархалтыг нь бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манайд одоогоор ДОХ-оор өвчилсөн амьд сэрүүн хүн байхгүй. Харин ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс бий. Халдвар тээгчдийн нэг хүнд ногдох дүн 0.01-ээс бага буюу бага тархалттай ангилалд ордог. Анх 1992 онд уг өвчин бүртгэгдсэнээс хойш бид НҮБ, ДЭМБ болон “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр багагүй ажил хийж, вирусийн тархалтыг төдийлөн өсгөхгүйгээр барьж чадаж буй гэж ойлгож болно. Одоогийн байдлаар өрхийн эмнэлэг бүрт ХДХВ, тэмбүү өвчний хурдавчилсан оношлуур хийдэг. Энэ нь богино хугацаанд сэжигтэй тохиолдлыг бүртгэн, дараагийн шатны эмнэлэг рүү илгээнэ гэсэн үг. Энэ мэтээр халдварт өвчний тархалтыг оношлох, тухай бүрт нь арга хэмжээ авах ажлыг тасралтгүй, илүү боловсронгуй байдлаар явуулж байна.

-ХДХВ-ийн вирусийн тархалт багатай орны тоонд ордог юм байна. Гэтэл жил ирэх бүр БЗХӨ-өөр өвчлөгсдийн тоо өсөж буй нь ХДХВ-ийн вирусээр өвчлөх магадлалыг ихэсгэж буйтай санал нийлэх үү?

-Тийм ээ. Бэлгийн замын халдвараар дамждаг тэмбүү, бусад өвчнөөр өвчлөгсдийн тоо буурахгүй, улам өсөх хандлагатай байгаа нь үнэн. Энэ нь иргэдийн дунд бэлгийн эрүүл мэндийн боловсрол муу, амьдралын замбараагүй хэв маяг, архидан согтуурах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тиймээс холбогдох байгууллагууд нь албадан болон сайн дурын байдлаар иргэдийг БЗХӨ-ий хурдавчилсан илрүүлгийн, жирэмсэн эхчүүдийг төрөх хүртэлх хугацаанд 2-3 удаа бүрэн шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулдаг. Гэхдээ ХДХВ-ийн халдвар тээгчдийн 80 хувийг ижил хүйстнээ сонирхогч залуус эзэлж буй нь тодорхой хүрээнд өвчлөл зонхилж, тэр бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлснээр тархалтыг барих боломж байгааг илэрхийлж буй хэрэг. Тиймээс ч ХӨСҮТ-ийнхөн зарим төрийн бус байгууллагатай хамтран эрсдэлт бүлэгт зориулсан сургалт, сурталчилгааг идэвхжүүлэн, шинжилгээнд хамруулах хүний тоо, давтамжийг өсгөсөөр байгаа.

-Вирусийн халдвар тээгч 281-ээс гадна хэдэн хүн өвчилсөн байж болох талаар судалгаа бий юү?

-Бүх улсад ДЭМБ-аас гаргасан стандартын дагуу, ДОХ-оор өвчилсөн болон ХДХВ-ийн халдвартай байж болох хүний тоог олдог бодолтыг ашигладаг. Энэ нь тухайн улсад халдвар анх бүртгэгдсэн хугацаа, вирус тээгчдийн нас, хүйс, бэлгийн чиг хандлага зэргийг харгалзан тооцдог арга. Эл аргачлалаар манайд нэмээд 590-610 хүн халдвар тээж байх магадлалтай гэсэн дүн бий. Гэхдээ халдвар тээж буй 281 хүн хүлээсэн үүрэгтэй. Тэд нийгэм, олон нийтэд санаатай болон санамсаргүй байдлаар эрүүл мэндийн хохирол учруулахгүй байх, өөрдсөөс нь шалтгаалсан ба үл шалтгаалах эрсдэлт нөхцөлийн талаар үнэн, зөв мэдээлэх, эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах тогтоосон заавар, журам мөрддөг. Мөн халдвар тээгчдийн амьдрал, зан үйл, зуршил, эрсдэл болон шаардлагатай мэдээлэл нь холбогдох албаны хүнд ил байж, тэдэнд хяналт тавьдаг. Тиймээс вирусээр өвчлөгсдийн тоог үнэн, бодит хэмээн ойлгох боломж бий гэсэн үг.

-Манайд ХДХВ-ийн халдварын тархалт өсөх ямар эрсдэлүүд байдаг бол?

-Хүн ам цөөнтэй, иргэдийн дунд эрүүл мэндийн буюу ялангуяа бэлгийн эрүүл мэндийн боловсрол тааруу, сайн дурын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй хүний тоо бага байдаг зэрэг нь эрсдэлт хүчин зүйл мөн. Одоо илэрсэн байгаа ХДХВ-ээр өвчлөгсдийн олонх нь өөр өвчний учир эмнэлэгт хандан, эмчлүүлэх явцдаа вирусийн халдвар авснаа мэдсэн. Энэ нь тун харамсалтай дүр зураг. Мөн ядуурал, архидан согтуурах, бэлгийн олон хавьтагчтай байх, амьдралын замбараагүй хэв маяг нь БЗХӨ тусах, улмаар ХДХВ-ийн вирусээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн наснаас нь эхлүүлэн эрүүл мэндийн хичээлээр бэлгийн эрүүл мэнд, ёс суртахууны талаарх боловсрол олгох хэрэгтэй. Түүнчлэн сайн дурын үзлэг шинжилгээнд бүс нутаг, аж ахуйн нэгж, байгууллага, хэсэг бүлгээр нь хамруулахыг зорих хэрэгтэй болов уу.

-Нэгэнт вирусийн халдвар авсан хүмүүст манайх хэр анхаарал тавьдаг вэ?

-Бид өвчтөнүүдэд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, сүүлийн үеийн эм, бэлдмэлээр хангадаг. Хувь хүний эрхийг нь хүндэтгэн, нууцлалыг сайн түвшинд үйлчилдэг. Мэдээж өвчтөнүүдэд зарцуулах хөрөнгө, өвчний эсрэг хийх сургалт, сурталчилгааны зардлыг Засгийн газар, гадаадын хандивлагчид, сангуудын хөрөнгөөр шийдвэрлэж байгаа. Үүнээс гадна ХДХВ-ийн тархалтын илрүүлгийг сайн дурын болон албадан байдлаар илүү их хүн, өргөн хүрээг хамруулах шаардлага бий. Мөн жирэмсэн эхчүүдэд тавих хяналтыг нэмэгдүүлснээр халдвартай эхээс эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой болох юм. Холбогдох байгууллагууд нь цөөнгүй ажил хийж байна, цаашид ч тасралтгүй, сайжруулах зүйлс олон бий.

-БЗХӨ-ий талаар мэргэшсэн эмч буюу хүний нөөцийн хүрэлцээ ямар байдаг вэ?

-Ийм чиглэлийн эмч нарын олонх нь олон жил ажилласан, удалгүй гавьяаныхаа амралтад гарах дөхсөн. Тиймээс ЭМЯ, “Глобал” сантай хамтран сүүлийн хоёр жилд БЗХӨ-ий мэргэшүүлэх сургалтыг түргэвчилсэн байдлаар буюу 3.5 жилээс багасган, хоёр орчим жилд эзэмшүүлэхээр сургалт зохион байгуулж байна. Мөн алслагдсан аймаг, сумыг халдварт өвчнийг эмчлэх мэргэшсэн эмчтэй болгох, залуу боловсон хүчнийг бэлтгэх талаар авч хэрэгжүүлж буй ажлууд бий. Гэхдээ эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хувьд доголдон, ажиллах хүчний хомсдолд өртөж буйг дурдах хэрэгтэй.

Бэлтгэсэн: С.Цэрэндулам

БАЙР СУУРЬ

ДОХ-той тэмцэхийн тулд эмнэлэг, ТББ-ууд ямар арга хэмжээ авч байгаа болон иргэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хангалттай мэдээлээлтэй эсэхийг тодрууллаа.

Эмчилгээгээ сайн хийлгэвэл хэдэн ч жил амьдрах боломжтой

Б.СОЛОНГО (ХӨСҮТ-ийн БЗДХ-ын тасгийн ахлах их эмч)

-Монгол Улсад энэ оны аравдугаар сарын 30-ны байдлаар ДОХ-ын вирусийн 281 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс 44 хүн нас барсны 72.7 хувь нь энэ өвчнөөс үүдэлтэй. 44 хүний 45.5 хувь нь ДОХ-ын вирусээр өвчилснөөс хойш 12 сарын дотор нас эцэслэсэн. Дээрх 281 тохиолдол бүгд бэлгийн замаар халдсан байдаг. Цус болон эхээс халдвар дамжсан тохиолдол одоогоор манай улсад илрээгүй. 2015-2017 онд бүртгэгдсэн 69 тохиолдлын 49 хувь нь хожуу үедээ илэрсэн байгаа юм. Тиймээс иргэд санамсаргүй байдлаар бэлгийн хавьталд орсон бол шинж тэмдэг илрээгүй байхад нь шинжилгээ өгөх шаардлагатай. Гэвч хүмүүс ичиж, санаа зовсноосоо болж шинжилгээнд хамрагддаггүй. Хэт хожуу үе буюу эмчилгээ авах боломжгүй дөрөвдүгээр шатандаа орсон хойно эмнэлэгт хандаад байна.

20 хүрэхгүй жилийн өмнө уг өвчнийг ямар ч эмчилгээгүй гэдэг байсан. Өдгөө төгс биш боловч вирусийн тархалтыг хязгаарлах болсон тул өвчин туссан ч амьд явах боломж бий. Сүүлийн жилүүдэд ХДХВ халдвартай өндөр настнуудын асуудал ч яригдах болсон. Харин иргэд энэ өвчнийг туссан л бол нас барна гэсэн ойлголттой хэвээр байна. Вирусийн үржлийг дарангуйлдаг эмийг 2013 оноос хойш халдвар авсан хүмүүстээ уулгаж эхэлсэн. Бэлгийн амьдралын идэвхтэй насан дээрээ байгаа залуучууд эрсдэлтэй алхам хийж, санамсаргүй бэлгийн хавьталд орсон бол сайн дураар шинжилгээ өгөх хэрэгтэй. Аймаг, сум дүүргийн эмнэлэгт энэ төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг. Шинжилгээ өгсний дараа эм ууж, эмнэлгийн хяналтад орсон тохиолдолд 6-12 сарын хугацаанд вирус нь тоологдох хэмжээнд буюу 30-аас бага болдог. Тэгэхээр өвчлөл цаашид газар авч, хүндрэхгүй гэсэн үг. 

Уг өвчний эсрэг сургалт, сурталчилгааг эрүүл мэндийн байгууллагаас тогтмол хийдэг. Халдвар авах эрсдэл өндөртэй бүлэг гэж бий. Үүнд ЛГБТ хүмүүс, биеэ үнэлэгч, гэрээсээ хол ажилладаг эрчүүд багтаж байгаа. Тиймээс эдгээр бүлэгт зориулж түлхүү сургалт явуулдаг юм. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүд бэлгийн замын халдварт өвчин тусах тохиолдол сүүлийн жилүүдэд өссөн. 12-15 насны хүүхдүүд аль эрт бэлгийн хавьталд орчихсон, жирэмсэн болчихсон тэр ч бүү хэл, бэлгийн замын 2-3 өвчнөөр өвчилчихсөн байна. Тиймээс 18 нас хүрээд бэлгийн хавьталд орох, анхны бэлгийн хавьтлаа хойшлуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгч буй. 2003-2013 он хүртэл “Глобал сан”, 2013 оноос хойш Монгол Улсын Засгийн газар ХДХВ-ын халдвар авсан хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм тариаг үнэ төлбөргүй өгдөг. Өдгөө манай улсад ХДХВ-тэй 17 ээж, 25 хүүхэд төрүүлсэн бөгөөд бүгд эрүүл саруул өсөж байна. Өвчтэй ээжээс яагаад эрүүл хүүхэд төрж байна гэж гайхаж магадгүй. Учир нь ээж нь эмчилгээгээ сайн хийлгэж, эмээ тогтмол уусан болохоор тэр. Уг өвчин эхийн сүүгээр дамжин халдварладаг тул эхний зургаан сарын хүүхдийн тэжээлийг Монгол Улсын Засгийн газар бүрэн хариуцдаг.

Оюутнууд бус, сурагчид БЗХӨ-өөр өвчлөх нь ихэссэн

С.НАМСРАЙЖАВ (МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн ахлагч)

-Манай нийгэмлэг өөрийн гэсэн эрүүл мэндийн хөтөлбөртэй байдаг юм. Тэр дундаа халдварт болон халдварт бус өвчний тархалтыг бууруулах зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад манай нийгэмлэгийн харьяа клуб үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг. Нэг клуб дунджаар 25-150 гишүүнтэй. Залуусаар дамжуулан ХДХВ болон ДОХ-ын талаар сургалт, сурталчилгаа тогтмол хийдэг. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулийн оюутнууд гэхээсээ илүү дунд, ахлах ангийн хүүхдүүд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол гаарсан. Тиймээс өсвөр үеийнхэнд энэ өвчний талаар мэдээлэл өгөх нь чухал болоод байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр “Дэвжээ” тэмцээн зохион байгуулдаг. Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж байна. Цаашид мэдээлэл өгөх зорилгоор өртөөчилсөн сургалт, зохион байгуулахаар төлөвлөсөн.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг ахлах ангийнханд хийх хэрэгтэй

О.ЛХАГВАСҮРЭН (МУИС-ийн оюутан)

-Бэлгийн замаар халдах тул нэг хавьтагчтай байх хэрэгтэй. Мөн гэр бүл болоогүй бол бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэх хэрэгтэй байх. Бэлгийн замын халдварт өвчнөөр ихэвчлэн эрэгтэй хүмүүс өвчилдөг гэж сонссон. Бас эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол шивээс хийлгэх нь их. Цусаар дамждаг тул ийм тохиолдлоор өвчин авдаг бололтой. Мөн ерөнхий боловсролын сургуульд энэ талаарх мэдлэгийг тэр бүр сайн өгдөггүй. Хүүхдүүд нэг нэгнээсээ ичиж, санаа зовсноос болж үүний талаар мэдлэгтэй болж чаддаггүй байх. Сүүлийн жилүүдэд охидын үзлэг хийхээ больсон байна лээ. Нэг талаараа хүний эрхэд халдсан боловч нөгөөтээгүүр тэднийг хамгаалж буй хэрэг шүү дээ. 

Залууст бэлгийн боловсрол олгох нь чухал

Г.БАЯСГАЛАН (Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн)

-Эхнэртэй болохоор энэ талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ ганц бие, гадаадад ажиллаж буй хүмүүс өвчлөх нь их юм шиг байна лээ. Мөн бэлгийн нэг хавьтагчтай, гэр бүлээс гадуур харилцаагүй бол өвчин тусахгүй шүү дээ. Бага байхад сургуульд энэ талаар тэр бүр мэдээлэл өгдөггүй байсан. Харин сүүлийн үеийн хүүхдүүд харьцангуй нээлттэй болсон тул энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэгсуухад нь харагддаг. Сүүлийн жилүүдэд мэр сэр тоо нь нэмэгдэх болсон байна лээ. Тиймээс залууст энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай байх.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Мэдээллээр хангах, бэлгэвч, нэг удаагийн тариур тараах, вирусийн эмчилгээ хийх арга хэрэглэж байна

ДОХ дэлхийн нийгмийн эрүүл мэндийн гол асуудлын нэг хэвээр буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Өнгөрсөн зуны байдлаар уг өвчнөөр 32 сая гаруй хүн нас барсан аж. 2018 онд ДОХ-оор 770 мянган хүн хорвоог орхисон байна. Мөн оны эцсээр манай гараг дахь халдвар тээгчдийн тоо 37.9 саяд хүрсэн гэнэ. Үүний 1.7 сая нь 2018 онд халдвар авчээ. ДОХ-ын халдвар тээгч насанд хүрэгчдийн 62, хүүхдийн 54 хувь нь өнгөрсөн онд вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдсан аж.

ДОХ бүрэн эмчлэх боломжгүй, өнөөг болтол үхлийн аюултай өвчин хэвээр байна. Гэхдээ хүний бие дэх вирусийн тархалтыг хянах олон арга бий ч хамгийн түгээмэл нь вирусийн эсрэг эмчилгээ юм. Ийм эмчилгээ хийлгэснээр өвчний вирусийн бөөгнөрлийг хамгийн бага болтол бууруулах боломжтой. Ингэснээр өвчтөний дархлаа бүрэн биш ч, вирустэй бие даан тэмцэхэд шаардлагатай хэмжээнд хүртэл дээшилдэг аж. Манай гараг даяар ДОХ-оос сэргийлэх, өөрөөр хэлбэл, мэдээлэл түгээх, хамгаалах хэрэгсэл, нэг удаагийн тариур тараах болон вирусийн эсрэг эмчилгээ хийх нэг ижил арга хэрэгжүүлж байна. Энэ оны гуравдугаар сард дүнг нь танилцуулсан, “London school of hygiene & tropical medicine” байгууллагаас Замби, ӨАБНУ-д явуулсан судалгаанаас үзвэл гэрээр ДОХ-ын вирус шалгах, халдвар авсан хүмүүсийг мэдээллээр хангах зэрэг сэргийлэх арга халдвар авсан тохиолдлын тоог 30 хувиар бууруулжээ. Халдвар авсан хүнийг цаг алдалгүй илрүүлэн, вирусийн эсрэг эмчилгээг нэн даруй эхлүүлж, насан туршид нь үргэлжлүүлэн хийх нь үр дүнд хүрэхэд чухал ач холбогдолтой аж. Шинжилгээний эерэг үзүүлэлт гарсан хүн бүр үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэхийн тулд ДОХ-оос сэргийлэх, тэмцэх төвд хандах ёстой. Гэвч санхүүжилтийн улмаас хүн бүр эмчилгээ, үйлчилгээ авч чаддаггүй гэнэ.

Манай хойд хөршид өнгөрсөн онд халдвар авсан хүмүүсийн 40.8, хяналтад байдаг өвчтөнүүдийн 56.6 хувь нь л вирусийн эмчилгээнд хамрагджээ. Харин Германд уг эмчилгээ өвчтөнүүдийн 87 хувьд хүрэлцдэг гэнэ. Сүүлийн 20 жилд тус улсад ДОХ-оор нас барагсдын тоо дөрөв дахин буурчээ. Өнгөрсөн оны дунд үеийн үзүүлэлтээс харвал манай гараг дахь ДОХ-ын халдвар тээгч хүмүүсийн 99 хувь нь аж төрдөг 182 улс вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх зөвлөмж батлан, хэрэгжүүлж байна.

НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөр (UNAIDS) 2015 онд тавьсан зорилгодоо 2020 онд багтаан ДОХ-ын вирусийн халдвар авсан хүмүүсийн 90 хувийг эмчилгээнд хамруулахаар тусгажээ. Тус хөтөлбөрийн мэдээлснээр өнгөрсөн оны зуны байдлаар манай гарагт 21.7 сая хүн эмчилгээнд хамрагдсан нь халдвар тээгчдийн 60 хувь нь аж. Энэ нь том дэвшил хэдий ч 2020 онд зорилгодоо хүрэхийн тулд уг үзүүлэлтийг жил бүр 2.8 саяар нэмэх шаардлагатай гэж шинжээчид тэмдэглэжээ.

ДОХ-той тэмцэх талаар хамгийн сүүлд зарласан дэвшил гэвэл Хятадын профессор Хэ Зянькуй түүхэнд анх удаа генийг нь өөрчилсөн хүүхэд төрүүлэх туршилт амжилттай явуулж, биологи, анагаах ухаанд жинхэнэ хувьсгал хийсэн. Түүний “төрүүлсэн” хүүхэд ДОХ-ын халдвар авахгүй гэдгээрээ онцлог юм. Туршилтаас нь үзвэл хүний генийг өөрчлөх аргаар өвчнийг анагаах бус, халдвар авахаас өмнө вирусийг устгаж болох аж.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)