Айдас - Өөр өнцөг булан

Өөр өнцөг булан

Өчигдөр  нөхөр минь ажилдаа явсангүй. Дахиад  ажлаа солих бодолтой байгаа бололтой. Түүнийг хараад эмчийн хэлсэн үгийг одоо хэлэх үү  дараа болох уу гэж удаан бодлоо. Биднийг анх гэрлэхэд тэр 21-тэй байсан. Одоо гуч гарчихжээ.  Хүүхдүүдийн аав анх дээд сургуулиа төгсөөд нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтнаар орсон юм. Тэнд удаагүй дээ. Зургаан сар болоод л гарсан.
 
Өөрийнх нь хэлсэнээр бол тасгийн дарга нь шинэ залуу ажилтанг өсч  дэвжихэд  саад болдог нэгэн аж. Төд удалгүй бидний хоёр ихэр хүү төрөв. Нөхөр маань аавынхаа компанид ажилд орлоо. Ихрүүдийг хадам ээж минь өсгөж, бид охинтой болов. Гэтэл хүүхдүүдийн минь эцэг дахиад ажлаасаа гарлаа.
 
Тэр “ Эцэг хүү хоёр нэг дор ажиллах нь дэмий юм. Аав намайг яг жаахан хүүхэд шиг захирах гээд байх юм”гэж ажлаас гарсан шалтгаанаа тайлбарлаж билээ. Үүнээс хойш нөхөр маань бараг жил тойрон ажилгүй байлаа. Хадам ээж түүнийг нэгэн танилдаа хэлж байж олон улсын байгууллагат ажлуулах болов. Тэр уг нь багаасаа гадаадад байсан болохоор англи, франц хэл сайн мэддэг юм.
 
Гэтэл орчуулагч хийх нь түүнд дэндүү уйтгартай санагджээ. Нөхөр маань “ Тоть шиг хүний хэлсэн үгийг нөгөөд нь давтаж хэлэх ямар ч сонирхол алга” гэж хэлээд нөгөө ажлаасаа гарчихлаа. Хэдэн сарын өмнө тэр манай ахын компанийн дэд захиралаар ажиллах болсон юм.
 
Гэр бүлийн хүрээнд ярьж байгаад түүнийг туршиж үзэхээр шийдсэн хэрэг. Өнгөрсөн хугацаанд би гэдэг хүн амрах завгүй ажиллаж ирлээ. Үүнийхээ ачаар би эрдмийн зэрэг хамгаалаад зогссонгүй хүрээлэнгийнхээ захирал болсон юм. Хэрэв хадам ээж минь байгаагүй бол би ийм амжилтад хүрэхгүй байсан биз. Хадам аавын буянаар ах маань хувийн компанитай болж, дүү нар маань дээд сургуульд оров.
 
Нөхрийгөө ажлаас гарах бүрийд зүрхээр хатгах шиг болдог юм. Хамгийн  анх манай гэрийн буйдан дороом эмэгтэй хүний дотоож гарч бид муудалцаж билээ. Тэгэхэд нөхөр минь “Чи юугаа яриад байгаа юм бэ. Чиний хэдэн салан дүү нарын чинь хийсэн ажил биз” гэж хэлсэн юм.
 
Би дүү нараасаа дотоожоо орхиогүй биз гэж асууж даанч чадсангүй. Манай нөхрийг гэртээ хүүхэн авчирсан үед нь хадам ээж ирсэн тул нөгөө “зочин” сандарсандаа зарим хувцасаа орхиод явсныг хожуу мэдсэн юм. Түүнийг ажилгүй байх бүрийдээ ямар нэгэн хэрэг тарьдагийг мэдээд удаж байна.
 
Бас хотын захад байдаг өвөөгийнхөө хуучин байрыг засч өгөх нэрийдлээр тэнд хэдэн хүн дагуулж очиж, хэдэн шөнө наргин цэнгэсэнийг нь ч мэднэ . Одоо харин ажилдаа явахгүй хэвтээд байх юм. Би түүнд “ Ажлаасаа дахиад гарвал чамаас салахаас өөр зам алга” гэвэл тэр өөдөөс “Бидний амьдрал болоод л байна шүү дээ. Юундаа бухимдаад байгаа юм бэ. Чи харж л байгаарай.
 
Нэг л өдөр чамаас илүү мундаг хүн болно” гэж хэлээд намайг тэвэрч үнслээ. Урьд нь түүнийг ингэж тэврэхэд нэг сонин мэдрэмж төрж, өөрийн эрхгүй энхрийлүүлэхийг хүсдэг байж билээ. Одоо харин  түүнээс салахын түүс болж байлаа. Яагаад гэвэл , сүүлийн үед миний ууц нуруугаар ойр ойрхон өвдөж, эмзэг газраар минь загтнаад байдаг болоод байгаа юм.
 
Эмчид үзүүлсэн чинь, “Ямар нэгэн халдварт өвчин байж магадгүй. Нөхөртэйгээ цуг ирж үзүүл”гэж хэллээ. Ажилд тогтдоггүй, үргэлж зугаа цэнгэл хөөж, өөр хүүхнүүдтэй нөхцөж явдаг нөхөртөө гомдсон сэтгэлээ барьж дийлэлгүй нэгэн үдшийг өөр хүнтэй өнгөрүүлж билээ.
 
Тэр намайг эргүүлээд удаж байгаа юм. Нөхрийгөө өвөөгийнхөө байшинг засахаар явлаа гэж худлаа хэлсэн тэр нэгэн орой би ажлынхаа газрын залуутай уулзсан . Түүнтэй зочид буудалд үдшийг өнгөрүүлсэнээ насан туршдаа нууцалж явахаар шийдсэн юмсан. Гэтэл одоо намайг эмчийн хэлсэн зүйл айлгаад байна. Хэрвээ шинжилгээ муу гарвал яах вэ Үүнд хэн буруутан болох вэ.
 
Нөхөр минь үү эсвэл ажлын газрын залуу юу. Би нөхөртөө юу гэж хэлэх вэ Ингэж бодохоос айдас төрж байна. Энэ  явдал дээсэн дөрөөн дээр байгаа манай амьдралыг сүйрүүлж болзошгүй гэж бодохоос бүр айж эхэллээ. Айдасаа үргээх  арга ухаанаа ч олохгүй байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)