АИ-92 бензиний үнийг энэ он дуустал тогтвортой байлгана гэв

Ашигт малтмал, газрын тосны газар, Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлөөс өчигдөр хэвлэлийн хурал хийв. Дэлхийн зах зээлд газрын тосны ханш хямдарсантай холбоотойгоор шатахууны хилийн үнэ энэ сард дөрөвдүгээр сарынхаас 98-158 ам.доллароор буурчээ. Мөн “Brent” маркийнх нь нэг баррелийн болон импортын бүтээгдэхүүний үнэ энэ он гарснаас хойш 50 орчим хувиар багассан аж. Үүнтэй холбоотойгоор манай улсад өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас тавдугаар сарын 23-нд А-80 бензинийг литр тутамд нь 330, АИ-92-ыг 45-395, АИ-95-ыг 200, дизелийн түлшний үнийг 120-310 төгрөгөөр хямдруулжээ. Түүнчлэн энэ сарын 23-наас бүтээгдэхүүн тус бүрийн литр тутмын үнийг 50-200 төгрөгөөр бууруулсан байна. Ингэснээр сүүлийн хоёр сард А-80 автобензин 380, АИ-92 нь 475, АИ-95 440, дизелийн түлшний үнэ 590 төгрөгөөр хямдарчээ. Өдгөө Улаанбаатарт А-80 бензиний жижиглэн борлуулалтын дундаж үнэ 1350, АИ-92, АИ-95-ынх 1360, 1800, дизелийн түлшнийх 1990 төгрөг байгаа нь 10 жилийн өмнөх үеийн ханшид хүрсэн дүн болсон гэв. Улмаар энэ оныг дуустал АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт орохгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр онцлов. Мөн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Олон улсын зах зээлд түүхий тосны ханш өсвөл шатахууны үнийг нэмэх үү?

-Өнөөдрийн (өчигдөр) байдлаар “Brent” маркийн газрын тосны нэг баррелийг 35.77 ам.доллароор худалдсан. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 17.5 хувиар өссөн дүн болжээ. Дэлхий дахинд коронавирусийн тархалт дэгдэн, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор шатахууны эрэлт буурч, үнэ нь огцом хямдарсан ч өнгөрсөн долоо хоногоос өсөх хандлагатай байна. Гэхдээ цаашид түүхий тос, шатахууны хилийн үнэ нэмэгдсэн ч бид дотооддоо ханшийг нь тогтвортой байлгах бодлого баримтална. Энэ нь хөл хорионы улмаас ажил, орлогогүй болсон иргэдийн амьжиргааг дэмжих, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэд шатахууны ханшийн нөлөөллийг багасгах зорилготой юм. Тиймээс улсын хэмжээнд АИ-92 автобензиний үнэ энэ он дуустал өсөхгүй гэж иргэд ойлгох хэрэгтэй. Харин дизелийн түлш, А-80, АИ-95-ын өртөг ам.долларын ханшийн өсөлт, хилийн үнийн хэлбэлзэл зэргээс шалтгаалж нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Мэдээж дэлхийн зах зээлд бүтээгдэхүүний үнэ дахин хямдарвал дотооддоо ч бууруулах боломжтой.

-Шатахуун түгээх зарим станцад А-80 бензин борлуулахаа больсон. Улмаар тухайн бүтээгдэхүүнд октан дээшлүүлэгч бодис нэмж АИ-92 хэмээн зарж буй талаар цөөнгүй иргэн гомдол гаргасан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Нийслэл дэх шатахуун түгээх 250 станцын 40 нь А-80 бензин борлуулдаг. Ер нь энэ төрлийн шатахууны хэрэглээ Улаанбаатарт багассан. Тиймээс А-80 бензинийг борлуулах нь буурч, АИ-92 болгож байгаа гэх нь ташаа ойлголт юм. Аж ахуйн нэгжүүдэд холбогдох байгууллагууд нь шалгалт хийж байгаа. Бензиний чанартай холбоотой, хууль зөрчсөн, бүтээгдэхүүний нэр, төрлийг сольж, хооронд нь хольсон гэх нотолгоо байхгүй.

-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дийлэнх улс оронд шатахууны хэрэглээ буурч, эрэлт нь багассан. Манайд ямар байгаа бол?

-Уул уурхайн салбарын бүтээмж багасан, экспорт буурсан тул дизелийн түлшний хэрэглээ өнгөрсөн жилийн энэ үеийнхээс нэлээд хэмжээгээр багасжээ. Мөн А-80 бензиний импортын хэмжээ буурсан. Харин АИ-92-ын борлуулалтад төдийлөн өөрчлөлт ороогүй байна.

-Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямд байгаа энэ үед манай улс шатахуун тээврийн эргэлт, нөөцлөх савны хэмжээгээ нэмж, бүтээгдэхүүн хуримтлуулж, илүү урт хугацаанд хямдаар нийлүүлэх боломж бий юү?

-Шатахуун нь онцгой бүтээгдэхүүн тул их хэмжээгээр авчирч нөөцлөөд байна гэж бараг үгүй. Аж ахуйн нэгжүүд дэх агуулах, нөөцийн сав болон тээврийн хэрэгслийнхээ багтаамжид тохирсон хэмжээгээр бид импортолдог гэв.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн төлөөлөл мэдээлэл өгөв. Шатахууны жижиглэнгийн үнэ ийнхүү хямдарч буйтай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурах болов уу гэсэн хүлээлт иргэдэд үүссэн. Гэтэл одоогоор ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг хямдраагүй байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагаас мэдэгдлээ. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээний үнийг бууруулах боломжтойг дээрх байгууллагууд тооцсон аж. Тиймээс холбогдох байгууллагуудад хандан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг хямдруулах уриалга гаргалаа. Гэхдээ ямар ч байгууллага, зөвлөл уриалга гарган, зарим аж ахуйн нэгж, компанид шаардлага хүргүүлэхээс өөрөөр жижиглэн худалдаа эрхлэгч, хувиараа такси үйлчилгээ үзүүлэгчдэд нөлөөлөх боломжгүйг дуулгасан юм. Ташрамд дурдахад, манай улсад шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгж, 133 000 тонн хэмжээтэй бүтээгдэхүүн нөөцлөх сав ашиглан үйл ажиллагаа явуулж буй. Одоогоор улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн нөөцтэй. Үүнээс А-80 бензиний 61, АИ-92-ын 33, дизелийн түлшний 40, онгоцны түлшний найм хоногийн нөөц байгаа нь хэвийн хэмжээ болох гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)