Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбооны гишүүнээр монгол хүн сонгогдов

Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоо нь 2020-2021 онд сонгогдон ажиллах дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгуулийг цахимаар зохион байгуулжээ. Тус холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнд Австрали, АНУ, Монгол, БНХАУ, БНЭУ, БНСУ, Япон, Малайз, Сингапур зэрэг улсын хуульчдын холбооны тэргүүлэгч, төлөөлөгч нарыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна. Манай улсаас хуульч Ж.Хунанг Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны гишүүнээр сонгов. Энэ нь монгол хуульч тус холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн болсон анхны тохиолдол аж. Гүйцэтгэх хороо нь найман гишүүнээс бүрдэнэ. Тэд тус холбооны Удирдах зөвлөлийн үүргийг гүйцэтгэх гэнэ. Түүнчлэн тус холбооноос хэрэгжүүлж буй ажлуудад зохион байгуулагчаар оролцон, бодлого, үйл ажиллагаа, цаашдынх нь чиглэлийг тодорхойлох аж. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх хорооны гишүүд нь тухайн холбоо болон гишүүн байгууллагуудын бүс нутгийн Хуульчдын холбоог холбох “гүүр” болох гэнэ.

Ташрамд дуулгахад, хуульч Ж.Хунан нь 2006-2007 онд Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын албанд мэргэжилтнээс эхлээд 2017-2019 онд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)