Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч манай улсад айлчилна

Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо-ны (CACCI) Ерөнхийлөгч ноён Жемал Инайшвили ирэх сарын 05-наас 09-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

МҮХАҮТ айлчлалын бэлтгэл ажлыг урьдчилсан байдлаар хангаад байгаа юм. Түүний айлчлалтай холбогдуулан МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Алтан цом”-ын эзэдтэй өнөөдөр уулзаж, Холбооны Ерөнхийлөгчийн айлчлалын талаар санал солилцов.

Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Алтан цом”-ыг 2001 оноос Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниудад гардуулж эхэлсэн бөгөөд “Туушин”, “Бриж групп”, “Өгөөж чихэр боов” компани, “Номин Холдинг”, “Бишрэлт Холдинг”, “Таван богд”, “Петровис”, “Ган хийц”, “Монполимет” зэрэг Монголын шилдэг 16 компани авч байжээ.

Энэхүү шагналаар Ази номхон далайн бүс нутгийн орнууд дахь олон улсын чанартай бизнес эрхлэгч, шилдэг Энтрепрёнеруудыг шалгаруулан гардуулдаг.

Өнгөрсөн онд энэхүү шагналыг “Ай Ти Зон” компани авсан юм. Тус компанийн хувьд 2010 оноос боловсруулж эхэлсэн GREEN ERP байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, түүний анхны үндсэн модуль болох Green HRM хүний нөөцийн системийн клауд хувилбарыг Мьянмар, Шри-Ланка зэрэг улсуудад хүргэхээр зорин ажилласныг нь үнэлж тус шагналыг гардуулсан аж.

Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Жемал Инайшвили болон түүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид Монголын холбогдох албан тушаалтан, бизнесменүүдтэй уулзаж, Монголд худалдаа эрхлэх боломж, нөхцөл байдалтай танилцаж холбогдох мэдээллийг авах юм.

Мөн айлчлалын хүрээнд “Бизнес форум” болох бөгөөд төлөөлөгчид МҮХАҮТ-аас зохион байгуулдаг B2B уулзалтад оролцож, Засгийн газрын болон томоохон бизнесменүүдтэй уулзахаас гадна нэг өдрийг эмэгтэй бизнес эрхлэгчидтэй зөвлөлдөх хурлыг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн CACCI-н төлөөлөгчид Монголын аялал жуулчлалын гол бүсүүдээр айлчилж, монгол соёл уламжлалтай танилцана.

МҮХАҮТ нь Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)-нд 2002 онд үндсэн гишүүнээр элссэн бөгөөд тус холбооны үйл ажиллагааг Монголын бизнес эрхлэгчдэд хүргэн ажиллаж ирсэн юм.

CACCI нь анх 1966 онд байгуулагдсан ба өдгөө 28 орны 47 үндэсний болон орон нутгийн ХАҮТ-уудыг эгнээндээ нэгтгэсэн, бүсийн хэмжээнд бизнес, эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)