Ази, Европыг холбосон хамгийн дөт замыг тавина

Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын хамтарсан “Транзит Монгол 2017” форумыг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулна.

Форумын үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Монгол Улсын төмөр замын салбарын өнөөгийн байдал, “Талын зам”, “Бүс ба зам” санаачилгуудын уялдаа” сэдвээр илтгэл тавих юм.

Тодруулбал, Монгол Улс төмөр замын нөөц боломжоо танилцуулж, цаашдын хөгжлийн бодлого, төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, хил нэвтрэлтийн талаар болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд тээвэр зуучийн байгууллага, төмөр зам, далайн боомтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Мөн БНХАУ-ын талаас төмөр замын Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааны талаар, ОХУ-ын талаас төмөр замын бодлого, дамжин өнгөрөх тээврийн талаар танилцуулна.

Монгол Улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах, зам тээвэр, ложистикийн сүлжээ, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хоёр том гүрний дунд орших Монгол Улс хоёр хөршөө төдийгүй Ази, Европыг холбох хамгийн дөт зам байхаар зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Хятад гурван улсын хоорондын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж 2015 онд Монгол-Хятадын худалдааны эргэлт 7.3 тэрбум ам.доллар, Хятад-Оросын худалдааны эргэлт 64.2 тэрбум ам долларт хүрчээ.

Хятадын аж ахуй нэгжүүдийн Монгол, Орос улсуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ тус бүр 4 тэрбум болон 33 тэрбум ам.долларт хүрч томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Дэлхийн хоёр дахь эдийн засаг болж чадсан Хятад улсын “Бүс ба зам” төсөл хэрэгжсэнээр 4.4 тэрбум хүн амтай, 21 их наяд ам.долларын бараа эргэлттэй эдийн засгийн шинэ бүс бий болно.

Тиймээс 2016 оны зургаадугаар сарын 23-нд Ташкент хотноо Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар  гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр нь “Бүс ба зам” төслийн хүрээнд бий болох зургаан том коридорын нэг болох юм.

2015 онд хөрш хоёр улсын Монголын худалдааны эргэлт 68 тэрбум ам.доллар байсан бол Монголын талын зам төмөр замын коридорууд байгуулагдсанаар 2020 онд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)