Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээлээ

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү бага хурлын үеэр Монгол  Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах “Азийн автозамын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурах томоохон арга хэмжээ зохион байгуулагдлаа.Ёслолын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын нийт төлөөлөгчдөд хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Д.Ганбат:Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр нь бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой

Эрхэм хүндэт Гүйцэтгэх нарийн бичгийн дарга аа

Хүндэт ОХУ-ын Тээврийн дэд сайд аа

Хүндэт БНХАУ-ын Тээврийн дэд сайд аа

Хатагтай ноёд оо

Юуны өмнө НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн сайд нарын бага хурлыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулж буй ОХУ-ын Тээврийн яам болон Тээврийн дэд сайд Николай Анатольевич Асаулд гүн талархлаа илэрхийлье.

Өнөөдөр Монгол Улсын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болж байна. Монгол Улсын зам, тээврийн салбарт анх удаа хоёр найрамдалт хөрштэйгээ Азийн автозамын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын 3 талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бол 2016 оны 06 дугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй хамгийн анхны гэрээ хэлэлцээр гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой юм.

Энэхүү хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн зурж буй БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лю Сяоминь танд чин сэтгэлийн талархал илэрхийлж,  хятадын талаас энэхүү гэрээг байгуулахад онцгой хүчин чармайлт гарсаныг онцлон тэмдэглье.

Эрхэм нөхөд өө,

Өнө эртнээс хаяа хатган зэрэгцэн оршсон манай гурван улсыг дамжсан худалдааны зам, жингийн цуваа олон зууны туршид биднийг холбож, ойртуулж ирсэн.Өнөөдөр бид энэхүү харилцааг албан ёсоор баталгаажуулж, гурван талт хэлэлцээрийг анх удаа байгуулж, энэхүү чухал үйл явдлын гэрч нь болж байгаадаа Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд туйлын баяртай байна.

Энэхүү бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болох хэлэлцээрт маань цаашид олон улс нэгдэн орж, Ази, Номхон далайн бүс нутагт зам, тээврийн салбарынхарилцан ашигтай олон талт хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Энэ хэлэлцээр нь Монгол, Орос, Хятад гурван улсыг дамжин Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулах нь эргэлзээгүй.

Цаашлаад манай 3 улс хамтран хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон Эдийн засгийн коридорбайгуулах хөтөлбөр гэсэн том зорилт бидний өмнө байгаа ба хөтөлбөрийн хүрээнд гурван улсыг холбосон төмөр зам, авто замын дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжинэ. Эдгээр төслүүдийг бид эвийн хүчийг нэгтгэн амжилттай хэрэгжүүлэхийн төлөө та бүхнийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга доктор хатагтай Шамшад Ахтар танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлэхийн ялдамд АНДЭЗНК биднийг тэргүүлэн дэмжиж, уялдуулан холбон ажиллаж, өнөөдрийн энэхүү үйл явдалд онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд, Сайд нарын бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

Москва, ОХУ                                                                                                             2016.12.08

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)