Азийн хөгжлийн банк 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банк (АХБ)-наас манай улсад 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж нэмж олгохоор шийдвэрлэв. Энэхүү тусламжийг Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази, Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас олгох аж. “Монгол Улс “Ковид-19”-ийн эсрэг цогц арга хэмжээ авсны үр дүнд дэлхий нийтэд тохиолдсон нийгмийн эрүүл мэндийн хямралаас ангид байна. Гэвч эдийн засгийн байдал нь хүндэрсэн тул эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх, шаардлагатай нөөцөөр хангахад зориулж энэхүү дэмжлэгийг үзүүлэх болсон” гэж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран онцлов.

Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор АХБ манай улсад өнгөрсөн тавдугаар сард 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулах барих, хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасгийг шинэчлэх зэрэгт зориулан 30, “Хүнсний талон”, “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг санхүүжүүлэхээр 26.4 сая ам.долларын төслийг баталсан. Мөн Ази, Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас амьсгалын замын өвчний оношилгоо, эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг шаардлагатай хэрэгслээр хангахад зориулан өнгөрсөн гуравдугаар сард нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон юм.

АХБ-наас Монгол Улсад үзүүлэх тусламж, дэмжлэг үүгээр хязгаарлагдахгүй. Цаашид нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд зориулан 70, төсвийн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарыг дэмжихэд чиглэсэн 100 сая ам.долларын нэмэлт санхүүжилт батлахаар ажиллаж буй гэнэ.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)