Азийн зуун айсуй

АНУ, түүний холбоотнуудын өмнө тулгамдсан асуудлын тухай нийтлэл Туркийн “Cumhuriyet” сонинд гарчээ. XXI зуунд АНУ 1990-ээд оных шиг хамгийн хүчирхэг гүрэн байж чадахгүй бололтой. Ийм нөхцөлд АНУ шударга бус аргаар ноёрхлоо үргэлжлүүлэхийг оролдож байна. Хүч хэрэглэхээр сүрдүүлэхийн сацуу Энэтхэг, Хятадыг муудалцуулахыг оролдож байгаа тухай өгүүлжээ.

Бидний аж төрж буй үеийн хамгийн чухал баримт нь XXI зууныг Америкийн зуун болгох АНУ-ын мөрөөдөл биелэхгүй болсон баримт юм. XXI зуун Азийнх болно. Америкийн империализм үүнийг зүгээр хүлээн зөвшөөрөхгүйд эргэлзэх явдал үгүй. АНУ-ын наран жаргахыг тэд тэвчихгүй. Орос, Хятадын түншлэлийн эсрэг АНУ, Энэтхэгийн холбоо байгуулахаас эхлээд Хятадтай хамтдаа тэргүүлэх гээд Азийн зууныг эсэргүүцэх олон хувилбар бий. АНУ-ын талаас үзвэл асуудал нь эдгээр хувилбарын ихэнх нь бодит байдлаас хол байгаад оршино. Үйлдвэрлэлээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт гол нь асуудал оршиж буй боловч энэ талаар өрнөдийнхөн хөгшдөх болжээ. 

Саяхан гарсан дуулиант мэдээлэлд өнөөгийн капиталист ертөнцийнхөн социализмд найддаг болсон тухай дурдсан байв. “National interest” сэтгүүлд нийтэлсэн “Harris poll” судалгаанаас үзвэл, АНУ-д 1981-1996 онд төрсөн 23-38 насны залуучуудын 49.6 хувь нь социалист оронд амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Америкчуудын дөрөвний гурав нь эрүүл мэнд, гуравны хоёр нь боловсролын салбараа үнэ төлбөргүй олгохыг хүсдэг аж. Өөрөөр хэлбэл, капитализм дотроосоо үгүйсгэгдэж байна.

АМЕРИКЧУУД ХЯТАДЫН ЭСРЭГ ХОЛБООТНУУДЫН ЭРЭЛД

Үнэндээ АНУ-ын бодит амьдралыг мэддэг бол дээрх дүр зургийг гайхахгүй. Учир нь АНУ, Хятад хоорондын эдийн засгийн ялгаа арилж байгааг Америкийн шинжээчид 1990-ээд оноос эхэлж харжээ. Бүтэн зууны хоцрогдол ийм хурдан арилна чинээ таамаглаагүй нь мэдээж. Тус хоёр орны эдийн засгийн ялгаа 2050 оноос арилна хэмээн 1990-ээд онд тэд үзэж байсан бол 2000 оны эхээр таамгаа наашлуулж, 2030 он хэмээж байв. Гэтэл Хятадын хоцрогдол 2014 онд арилжээ.

Харин одоо үйлдвэрлэл, худалдаа, эдийн засгийн өсөлтийн салбарын ноёрхлоо алдсанаа АНУ цэргийн хүчээр нөхөхийг оролдож буй. Эл хүчтэй эн тэнцэх үнэндээ хэцүү.

Стратегийн түвшинд байдал хэд хэдэн үе шатаар хөгжсөн. Эхлээд 1990-ээд онд Хятадын эсрэг Өрнөдийн стратегийг хэрэглэнэ хэмээн АНУ төлөвлөж байжээ. Хятадыг тогтоон барих Өрнөдийн орнуудын тоонд Оросыг оруулахыг зарим шинжээч санал болгоод зогсохгүй Орос, Европын Холбоо болон Орос, НАТО-гийн хооронд зохих харилцаа үүсгэхийг оролдож байв. Гэвч ийм хүчин чармайлт Өрнөдийн удирдагчдын анхаарлыг татаагүй учир үр дүнд хүрээгүй. Оростой эвсэх гэсэн Өрнөдийн оролдлого ийн амжилт олоогүйгээр барахгүй ОХУ Хятадын стратегийн түнш болжээ.

Ингээд АНУ-ын үйл хэрэг амар хялбар болох бус, хүндрэв. Орос болон Хятад хоорондоо холбоотой болсны учир АНУ-д геополитикийн жин дарах холбоотон хэрэгтэй болох нь мэдээж. Хятад улс төдийгүй Хятад, Оросын холбоог давах тийм хүчтэй болох нь Америкийн зорилго байв.

Тийм холбоотон болох боломж зөвхөн Энэтхэгт бий. Өмнөд Азийн тус улс өнгөрсөн зууны эцэст хүн амын тоогоор Хятадыг гүйцээд зогсохгүй эдийн засаг нь түргэн өсөж буйд тооцогдох болжээ. Эцэст нь, Энэтхэг дэлхийн томоохон гүрнүүд болох АНУ, Европын Холбоо, Хятад, Оростой зэрэгцэн жагсаж, аажимдаа хүчний тав дахь төв гэгдэх болов.

ЭНЭТХЭГИЙН БОЛОН НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН СТРАТЕГИЙН ТУХАЙ ПЕНТАГОНЫ ИЛТГЭЛ

Хүйтэн дайны турш Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд нэгдэж, АНУ болон ЗХУ-ын лагерьт харьяалагдаагүй Энэтхэг улс үнэн хэрэгтээ урьдын байр сууриа эргүүлэн эзлэхийг чармайж буй. Тус улс АНУ-тай ч, Хятадтай ч сайн харилцаатай байхыг хичээж байна.

АНУ-ын төлөвлөгөөний хариу нүүдлээ ч Бээжин болон Москва хийж, Энэтхэгийг мөнхийн өрсөлдөгч хөрш Пакистантай нь хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болгосон. Энэтхэг, Пакистан хоёр улс харилцааны түүхэн маргаантай байдаг юм.

Үүний хариуд АНУ Энэтхэгээс татгалзаж, найр тавихгүй. Өнгөрсөн сарын 1-нд Пентагоноос нийтэлсэн Энэтхэг болон Номхон далайн бүс нутагт баримтлах АНУ-ын стратегийн тухай илтгэл нэршлээсээ эхлээд АНУ-ын хувьд Энэтхэг чухал болохыг онцлон тэмдэглэжээ. Үүнээс хойш Ази, Номхон далайн бүс нутаг гэхийн оронд Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутаг гэсэн ойлголтыг Пентагон ашиглах болж байна.

64 хуудас илтгэлийн гол утга нь АНУ-ын баруун эргээс Энэтхэгийн баруун эрэг хүртэлх бүс нутгийг ирээдүйн Америк орны хувьд хамгийн чухал бүсээр зарлахад оршжээ. Яагаад гэвэл дэлхийн томоохон, байнгын 10 армийн долоо нь энэ Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутагт бий. Тус бүс нутгийн зургаан орон цөмийн зэвсэгтэй. Дэлхийн хамгийн ачаалалтай 10 боомтын ес нь энэ бүс нутгийнх аж. Эндээс дэлхийн далайн худалдааны 60 хувийг хийдэг гэнэ.

Харин эдийн засаг, улс төр, цэргийн салбарт амжилт олж, XXI зууныг тодорхойлогч хүчин зүйл болсон Хятад улс АНУ-ын гол өрсөлдөгч болсныг Пентагоны илтгэл харуулжээ.

Холбоотны талаар гэвэл, Энэтхэгийг Америкийн батлан хамгаалахын томоохон түнш статустай болсныг уг илтгэлд дурдсан байна.

НЭГ “ИХ-20”-Д ХОЁР “ИХ-3”

Японд болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт маш чухал арга хэмжээ болсон. Дараагийн том өрсөлдөөнд Энэтхэг ямар байх суурь эзлэх бол? Тодруулбал, Осакагийн уулзалтын хүрээнд “Их-3”-ын дээд хэмжээний хоёр уулзалт болжээ. Эхнийх нь Хятад, Орос, Энэтхэг, хоёр дахь нь АНУ, Япон, Энэтхэг оролцсон арга хэмжээ болов. Тодруулан хэлбэл, энэ хоёр “Их-3”-т Энэтхэг улс оролцсон. 

Энэ байр суурь стратегийн хамгийн том хүчнүүдийн дунд эзлэх энэ улсын байр суурь томоохон оньсогод тооцогдож буй. Маш чухал хэмээн тодотгосон бүс нутагтаа АНУ Энэтхэгийг өөртөө татахын тулд ихийг хийх бололтой. Энэтхэг нь ШХАБ болон БРИКС-ийн хүрээнд Хятад, Оростой нягт хамтран ажилладаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)