Азийн буддистууд Монголд чуулав

Азийн буддистууд Монголд ирлээ. Монгол, Энэтхэг, Солонгос, Шри-Ланка, Орос, Япон, Вьетнам, Лаос, Камбож зэрэг 14 орны шашны тэргүүн, 150 орчим төлөөлөл цугларч, XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлсийг ирээдүй хойчид үлдээхээр өнгөрсөн баасан гаргаас эхлэн гурав хоног чууллаа. Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганыг НҮБ-аас хамтран зохион байгуулсан юм.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болсон чуулганыг “Сэргээе, урагшилъя” уриатайгаар зохион байгуулсан. Таван улсын 30 гаруй эрдэмтэн судлаач хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлсэн уг чуулган дэлхий дахинд өв соёл, уламжлалаа таниулах ач холбогдолтой байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх Ц.Хулан энэ талаар “Олон мянган жилийн турш бясалгаж ирсэн үнэт зүйл нь монголчуудын хувьд уламжлалт бурхны шашин. Бурхны шашин дэлхийн дахинд энх тайванч, хүнлэг энэрэнгүй, шинжлэх ухаанч үзэл, онол, номлол, томьёоллоороо гайхагддаг. 

Буддын шашин хэчнээн өргөн цараатай, шинжлэх ухаанч хандлагатайг өдөр ирэх бүр, эрин зуун өнгөрөх тусам хүн төрөлхтөн нээсээр буй. Монголчууд аз хувьтай. Яагаад гэвэл одоогоос 50 мянган жилийн тэртээ бурхны шашинтай шүтэн барилдлага тогтоосон. Үүнийг Монголын хойч үе мэдэх ёстой. Баталгаа болгож 50 жилийн ой нь тохиож буй Азийн буддистуудын энх тайвны чуулганыг Улаанбаатарт зохион байгууллаа. Энэ бол монголчуудыг даян дэлхийн энхийн төлөөх үйлсэд нэгтгэсэн хэрэг юм. Чуулганаар юу ярьж, ямар зорилт дэвшүүлснийг залуус анхаарах ёстой” хэмээсэн. 

Чуулганы танхимын голд орон орны шашны түүх, соёлыг илтгэсэн үзэсгэлэн дэлгэжээ. Энэ нь чуулганд оролцогчдын анхаарлыг ихэд татаж байв. Мөн Монголын түүх, соёлыг өгүүлсэн баримтат кино үзүүлсэн нь зочдын анхаарлыг гойд татсан.

Чуулганд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

МОНГОЛ ӨВ СОЁЛ, ТҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

Поп Сан (БНСУ-ын шашны байгууллагын төлөөлөл):

-Чингис хааны үр садыг тал шигээ уужим сэтгэлтэй гэдэг. Тэдэнтэй нүүр тулж уулзсандаа сэтгэл тааламжтай байна. Хоёр орны лам нарын хувцас, хэрэглэл бага зэрэг өөр юм. Гэхдээ монгол, солонгос хүмүүс ялгах аргагүй царай төрхтэйг харлаа. Манай улсаас найман лам, гадаад харилцааны таван ажилтан ирж, Монголын өв соёл, түүхтэй танилцаж байна.

МОСКВА БИДНИЙ ҮГИЙГ СОНСДОГ

Дамба-Аюуш (ОХУ-ын бурхны шашны Санг-Ха нийгэмлэгийн тэргүүн, Иволгын дацангийн хамба лам):

-Шашны байгууллага улс орон, хүний төлөө ажиллах хэрэгтэй. Энэ чуулганы үр өгөөж хэмжээлшгүй юм. Манай оронд христос, лал, бурхны шашинтнууд зэрэгцэн аж төрж байна. Улс орон, ард иргэдэд аюул нүүрлэхэд тэд нэгдэж чаддаг. Шашны төлөөллүүд ярилцаж, ард түмэнд хамтран тусалдаг. Олон шашин бий ч төр бүгдийнх нь үгийг сонсоно. Оросын үндэсний баяр болоход Москвад биднийг уриад, саналыг минь сонсох жишээтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)