Азид хамгийн их

Ази тив нүүрс олборлолт болон хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Тус тивд манай гаргийн нүүрсний эрэлтийн 75 хувь ногддог. Тэр дундаа Хятад хамгийн том хэрэглэгч. Тус улсын араас Энэтхэг, Япон, БНСУ жагсдаг аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн онд Зүүн өмнөд Ази цахилгаан үйлдвэрлэхийн тулд нүүрсний хэрэглээгээ өсгөсөн цор ганц бүс нутаг болжээ.

Дэлхийн нүүрсний хэрэглээ 2013 онд дээд цэгтээ хүрч, 5.4 тэрбум тонн болсон байна. Гэхдээ 2019 оны статистикаас үзвэл, өнгөрсөн онд эрэлт оргил үеийн түвшнээс ердөө 2.5 хувиар буурсан аж. Хятад улс бусад аль ч орноос илүү нүүрсхүчлийн хий ялгаруулсаар байна. 2013 онд Бээжин нүүрсний хэрэглээгээ 50 хувиар бууруулах таван жилийн төлөвлөгөөгөө баталж, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Өдгөө тус улсад дэлхийн салхин турбиний гуравны нэг, нарны зай хураагуурын дөрөвний нэг нь бий тухай Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлсэн байна.

Өнгөрсөн онд Энэтхэгт ч, Хятадад ч сэргээгдэх эрчим хүч 25 хувиар нэмэгдсэн нь дэлхийн өсөлтийн тал орчим хувийг эзэлжээ.

Нарендра Моди 2014 онд Ерөнхий сайд болсноос хойш түүний Засгийн газар Энэтхэгийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн хүчин чадлыг 2022 он гэхэд дөрөв дахин нэмж, 175 гигаваттад хүргэх төлөвлөгөөгөө зарласан юм. Ийм эрчим хүчний эзлэх хувь хэмжээ нь 7.8-аас 19 хувь болж өсөх аж. Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн дүн шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Тим Баклигийн хэлснээр, Энэтхэгт сэргээгдэх эрчим хүч нэг киловатт/цаг нь гурав хүрэхгүй рупигийн (0.04 ам доллар) үнэтэй байгаа нь нэг киловатт/цаг нь дөрвөн рупи байдаг тус улсын нүүрсний үнээс хамаагүй хямд юм.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)