Азербайжаны Технологийн парктай танилцлаа

Бүгд Найрамдах Азербайжан Улсад ажлын айлчлал хийж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевын санаачилгаар 2016 онд ШУА-ийн дэргэд байгуулсан уг паркийн зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, түүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өнөөгийн шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, өндөр технологийн цар хүрээг өргөжүүлэх, судалгаа хийх, шинэ технологи эзэмшиж, нэвтрүүлэх орчин үеийн цогцолбор байгуулах зэрэгт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх явдал аж.

Тус улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон нефтийг ашиглан 200 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн гарган авсан талаараа тус төвийн удирдлага, эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн тэд нефтиэс гаргаж авсан техникийн тос, тосолгооны болон гоо сайхны материал зэрэг 50 гаруй бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Тус улсын ШУА-ийн ерөнхийлөгч Акиф Ализаде “Хөгжиж буй улсад ийм технологийн парк байгуулж, үр дүнтэй ажиллуулах шаардлагатай. Энэ салбарын туршлагаа Монгол Улстай хуваалцахдаа баяртай байх болно” гэж байлаа.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга “Азер-Илме” хивс, нэхмэлийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Хивс, нэхмэлийн төвийн дарга, үүсгэн байгуулагч Видади Мурадовын танилцуулснаар Азербайжаны үндэсний брэнд болсон тансаг хэрэглээний, өндөр үнэтэй хивсийг уламжлалт болон орчин үеийн арга технологиор тэнд үйлдвэрлэдэг юм байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч нийслэл Баку хотын Соёлын төвд зочлов. Хейдар Алиевын төв гэж нэрлэгддэг уг төв нь Азербайжаны ард түмний удирдагч Хейдар Алиевын үзэл баримтлалыг ул суурьтай судлах, улсынхаа түүх, хэл, соёл, үндэсний үнэт зүйлсийг бүх талаар хөгжүүлэн дэмжих зорилготой ажиллуулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч тус төвийн хүндэт зочны дэвтэрт “Хоёр улсын хамтын ажиллагаа олон түвшинд хөгжин, цэцэглэх болтугай” хэмээн бичив.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)