Азербайжаны Гадаад хэргийн сайд Ж.Байрамов Москвад айлчилж байна

Бүс нутагтаа үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов өчигдөр ОХУ-ын нийслэлд очжээ. Үүний өмнө Оросын сайд Сергей Лавровтой уулзахаар Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян нь Москвад очсон тухай Арменийн тал мэдээлсэн билээ.

Байлдааны ажиллагаагаа зогсоож, хэлэлцээний ширээндээ эргэн суухыг НҮБ болон дэлхийн улс орнуудын удирдагчид уриалсаар байгаагийн сацуу ОХУ-ын зуучлалтайгаар сөргөлдөгч талууд хоёр ч удаа гал зогсоохоор тохиролцсон ч мөргөлдөөн үргэлжилсээр буй. Мөргөлдөөн нь хурцдаж байгааг нефть, байгалийн хий нийлүүлэх дамжин өнгөрөх шугамд нөлөөлөхийн төлөө тэмцэл, ашиг сонирхолтой холбоотой хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарладаг. Мөн Газар дундын тэнгисийн зүүн хэсэг, Ливи, Сирид болж буй үйл явдал ч тус бүс нутгийн сөргөлдөөнд нөлөөлсөөр байгаа.

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай Уулын Карабахын асуудлыг хэлэлцэхээр ОХУ-ын нийслэл Москвад, эсвэл өөр газарт очиход бэлэн байгаагаа ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. “Уулын Карабахын мөргөлдөөнийг тайван замаар шийдэх ёстой. Ийм үр дүнд хүрэхийн тулд бүх хүчин чармайлтаа тавьж, хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж Н.Пашинян хэлсэн. Гэхдээ тэрбээр Уулын Карабахын мөргөлдөөнийг харилцан буулт хийсний үндсэн дээр шийдэх ёстойг онцлон тэмдэглэдэг. “Аль нэг тал нь бус, харилцан буулт хийх ёстой” гэж Арменийн Ерөнхий сайд хэлжээ. Харин Азербайжаны Ерөнхийлөгч “Москвад, эсвэл өөр газарт Арменитай Карабахын асуудлаар хэлэлцээ хийхэд Баку бэлэн” гэж мэдэгдсэн байна. Армени, Азербайжаны мөргөлдөөн 1921 оноос эхтэй. Тэр үед Зөвлөлтийн улстөрчид хүн амын олонхыг нь армянчууд эзэлдэг Уулын Карабахыг Азербайжанд, азербайжанчуудын Нахичевань мужийг Арменид нэгтгэж, өөртөө засах эрх олгосон юм. ЗХУ задарсны дараа Кавказын бүс нутагт эл хоёр “бөмбөг” дэлбэрч, салан тусгаарлах гэсэн оролдлогууд олон хүн амь эрсдэхэд хүргэж, үндэсний цөөнхийг хоморголон устгаж, хүчээр дүрвүүлэхэд хүргэсэн юм.

Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсыг тойрсон байдал хурцадсанаас хойш буюу өнгөрсөн сарын 27-ноос Арменийн талаас гал нээж эхэлснээс өнөөг хүртэл хугацаанд зөвхөн Азербайжанд энгийн 63 иргэн амиа алдаж, 292 оршин суугч нь шархадсан тухай Ерөнхий прокурорын газраас нь мэдээллээ. Мөн иргэний 386 объект, хувийн 1981 байшин, 90 орон сууц эвдэрч, сүйдээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)