“Азгүй” хүүхдийн тоо буурчээ

Танхим дүүрэн хүн шавж, зарим нь үүдний хонгилоос толгойгоо бултайлган шагайна. Бүгд шахам гар хавсран суусныг харахад аль нэг бурханд, эсвэл хэн нэгний төлөө залбирч буй мэт. Гэтэл тэд аль нэг сүм, хийдэд бус, энгийн нэгэн цэцэрлэгийн танхимд ийнхүү сүсэглэн залбираад сууж байна. Хүүхдээ цэцэрлэгт хамруулах үндсэн эрхээ эдлэх гэж буй нь энэ. Танхимын урд цэцэрлэгийн эрхлэгч, багш гээд 3-4 хүн дэлгэц дээрх тусгай программ “азтай” хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож буй үйл явцыг эцэг, эхчүүдэд тайлбарлана. Энэ танхимаас баярлан, алга хавсарч, хүүхдийнхээ азтайг гайхан гарах нэгэн байхад гомдолтойгоор санаа алдаж, дараагийн “ажиллагаандаа” орохоор бухимдалтай гарч буй нь ч байлаа. Энэ бол Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит бүх цэцэрлэгт өнгөрсөн баасан гарагт болсон үйл явц. Ганц энэ удаад ч биш, сүүлийн хэдэн жилийн намар ийм үйл явц өрнөсөөр бараг уламжлал болжээ.

Энэ жил нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүмүүжихээр 2-5 насны 31 340 хүүхэд бүртгүүлжээ. Тэдний 19 764 нь хоёр, 4918 нь гурав, 3525 нь дөрөв, 3133 нь таван настай аж. Үүнээс ердөө 18 800-гийнх нь аз гийж, үлдсэн нь буюу 12 000 гаруй хүүхэд гэртээ хүмүүжих, эсвэл өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хамрагдах ёстой болох нь. Цэцэрлэгт хамруулах ажил хэрхэн өрнөж буйг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийг зорилоо.

130 мянга гаруй хүн амтай тус дүүрэгт төрийн өмчийн 33 цэцэрлэг бий аж. 2019-2020 оны хичээлийн жилд цахим бүртгэлд 2299 хүүхэд бүртгүүлжээ. Үүнээс 354 нь цэцэрлэггүй хоцорсон бөгөөд тэднийг цаашид хэрхэхийг шийдвэрлэхээр ажиллаж буй гэнэ. Учир нь зарим цэцэрлэгт авах ёстой хүүхдийн тоо хэтэрсэн байхад, нөгөөд нь хүрэхгүй, өөрөөр хэлбэл, орон тоо илүү гардаг гэнэ. Тиймээс заавал хамран сурах тойрогт нь бус, дүүрэгт хамаарч байгаа бусад цэцэрлэгт суралцуулахаар шийдвэрлэсэн байна.

...Гэтэл өнөөх сугалааны арга, хүүхдүүд өөрийн мэдэлгүй азтай, азгүйгээрээ дуудуулдаг асуудал тулгарсаар байна. 2016 онд сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 67 хувийг нь төрийн өмчийн цэцэрлэгт хамруулж байсан бол энэ онд 80.1 хувь болж өссөн байна...

Тухайлбал, тус дүүрэгт харьяалагдах XIV цэцэрлэгт энэ жил хоёр настай 50 хүүхэд хамруулах боломжтой аж. Гэтэл нийт 55 хүүхэд бүртгүүлсэн тул санамсаргүй түүврийн программ 50-ийг нь тэнцүүлжээ. Үлдсэн тавд нь сэтгэл гонсойлгом хариу өгсөн нь тодорхой. Харин тус дүүрэгт харьяалагдах I цэцэрлэгт хоёр настай 60 хүүхэд авах боломжтой гэсэн тоо гаргажээ. Гэтэл 38 хүүхэд бүртгүүлснээр 22 хүүхдийн сул орон тоо бий болжээ. Тиймээс дүүргийнхээ бусад цэцэрлэгээс сонгогдож чадаагүй хүүхдийг шилжүүлэн авах боломж бүрдсэн гэнэ.

Мөн XIV цэцэрлэгийн гурван настнуудын ангид зургаан хүүхдийн орон тоо байсан ч есөн хүүхэд бүртгүүлжээ. Тиймээс мөн л гурван хүүхэд цэцэрлэггүй хоцрох болов. Харин дүүргийн Боловсролын хэлтсээс бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж буй. Сонгогдоогүй хүүхдүүдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт хамруулж чадахгүй ч яаж ийж байгаад өөр “алба” олж өгөх учир эцэг, эхчүүд санаа зовох хэрэггүй гэж Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн хэллээ.

Таван настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх бэлтгэл гэдэг утгаар заавал цэцэрлэгт хамруулах ёстойг Д.Адьяасүрэн дарга онцолсон. Тэрбээр “Манай дүүргийнхэн бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах бодлого баримталж байгаа. Тэр дундаа таван настнуудыг ямар ч тохиолдолд хамруулах үүрэгтэй. Бусад дүүрэг ч энэ зарчмаар ажиллаж байгаа биз ээ. Манайх бусад дүүргийг бодвол цэцэрлэгийн хүртээмж сайн. Гэхдээ 100 хувь шийдэгдээгүй л байна. Энэ жил гурван шинэ цэцэрлэг ашиглалтад оруулах юм. Тэгвэл хүүхдүүд сугалаагаар сонгогдоогүй гэх асуудал үүсэхгүй байх. Гэхдээ үүнд ханаж болохгүй. Учир нь стандартаараа нэг ангид 25-аас илүүгүй хүүхэд хамруулах ёстой. Гэтэл одоогоор 30 хүүхэдтэй анги ч цөөхөн байна шүү дээ. 40, 50 хүүхэдтэй анги цөөнгүй. Тиймээс эхний ээлжид бүгдийг нь чадахаараа хамруулдаг боллоо гэхэд дараагийн арга хэмжээ нь стандарт баримталдаг болох юм” гэв. Гэтэл зарим дүүрэгт бүгдийг нь хамруулах нь бүү хэл таван настай хүүхдүүдээ ч бүрэн авч чадахгүй байгаа бололтой.

Баянзүрх дүүргийн XI дүгээр хорооны оршин суугч М.Тунгалагийн хүүхэд нь таван настай, өнгөрсөн жил сугалаанд хамрагдсан ч бүтэлгүйтэж, хувийн цэцэрлэгт хүмүүжсэн гэнэ. Энэ жил мөн л цэцэрлэгт хамруулж чадахгүй болсноо учирлав. Тус хороонд “Ургах наран” хороолол, Баянзүрхийн товчоо, Ногоон зоорь, Хонхор тосгоныхон хамаардаг бөгөөд нийт 11 мянга гаруй өрхтэй. Гэтэл тус хороонд сургууль огт байдаггүй, ганцхан буюу нийслэлийн 200 дугаар цэцэрлэг л үйл ажиллагаа явуулдаг. М.Тунгалаг тус цэцэрлэгт хүүхдээ хамруулахаар өнгөрсөн жил бүртгүүлсэн ч сугалаанд “хожиж” чадаагүйгээс сарын 250 мянган төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт сургажээ. Гэтэл энэ жил хоёр настнуудаас бусдыг нь тус цэцэрлэгт бүртгээгүй аж. 

Учир нь өмнөх жилүүдэд суралцаж байсан хүүхдүүд шууд орох боломжтой байдгаас орон тоо гараагүй юм байна. Тэрбээр “Хувийн цэцэрлэгүүдийн төлбөр, мөнгийг нь хуруу хумсаа хугалан байж, хүүхдийнхээ төлөө гээд өгч болох ч сургалт тун тааруу. Улсын цэцэрлэгт сурч буй хүүхдүүдтэй харьцуулахад мэддэг дуу, шүлэг арай цөөн. Өнгөрсөн жил сугалаанд бүдэрсэн юм чинь энэ жил болох байх гэж бодтол цэцэрлэг нь бүртгэхгүй гэлээ. Уг нь дараа жил сургуульд орох хүүхдийг хамруулмаар юм. Энэ жил дахиад л хувийн цэцэрлэгт орууллаа гэхэд дараа жил сургуульд явуулна гэдэг бас л толгойны өвчин болох нь. Учир нь манай хороонд сургууль байдаггүй. Ботаник руу явж, сургуульд хамрагддаг. Оройд Ботаникийн автобусны буудлаас олон хүүхэд суудаг. 

Заримдаа автобуснууд нь тэр зогсоолд зогсохгүй, зугтаачихдаг. Уг нь Ногоон зоорь орчимд нэг сургууль барьж байгаа гэх. Гэтэл миний мэдэхийн есөн жил “царцлаа”. Хэзээ ашиглалтад орохыг мэдэхгүй” гэлээ. Тус дүүргийн 26 дугаар хорооны иргэн н.Баярцэцэг ч ийм асуудалтай тулгарснаа хэллээ. Тэрбээр гурван хүүхэдтэй бөгөөд нэгийг нь ч улсын цэцэрлэгт хамруулж чадаагүй аж. н.Баярцэцэг “2013 онд дунд хүүгээ цэцэрлэгт өгөхөөр хөөцөлдсөн ч оруулж чадаагүй. Тиймээс харьяаллынхаа 147 дугаар цэцэрлэгийн багшид 400 мянган төгрөг өгч, хүүгээ оруулахаар тохирсон. Гэтэл хичээл эхлээд долоо хонолгүй “Манайд шалгалт ирэх гэж байна. Хэд хоногтоо гэртээ харж бай” гэсэн. Бараг хагас сар гэртээ харж байгаад дахиад л өгнө. 

Мөн л долоо ч хонолгүй дээрх шиг шалтаг хэлсээр шинэ жил хүргээд сүүлдээ бүр авахаа больсон. Дараа нь олон хүнээс иймэрхүү байдлаар мөнгө авсан нь илэрч, ажлаасаа халагдсан байсан. Тиймээс тус цэцэрлэгийн захиргаа хариуцлага хүлээхгүй гэсэн. Өнгөрсөн жил бага охиноо цэцэрлэгт бүртгүүлээд, сонгогдоогүй тул өөр хаяг руу шилжиж үзлээ. Чингэлтэй дүүргийн XV хороо руу шилжиж, бүртгүүлсэн ч бас л сонгогдсонгүй. Дараа жил сургуульд орох ёстой хүүхэд. Би тэтгэвэрт гарсан аав, ээж, гурван хүүхдийн хамт амьдардаг. Би л ажил хийж энэ таван хүнийг тэжээхгүй бол болохгүй. Тиймээс охиноо цэцэрлэгт хамруулчихмаар байна. Хувийн цэцэрлэгийн төлбөр өндөр шүү дээ. Бүх л аргаа хэрэглэлээ. Гэтэл хүүхэд нь сонгогдсон атал заавал хувийн цэцэрлэгт оруулна гэж байгаа эцэг, эхчүүд байх юм. Тийм бол эхнээс нь бүртгүүлж, бусдынхаа боломжийг хаах ямар хэрэг байна” гэв. 

Үүнээс харахад хүн ам олонтой дүүрэгт цэцэрлэгийн хүртээмж муу байгаа нь илт. Цахим ертөнцөөр ч “гомдоллосон” эцэг, эхчүүдийн сэтгэгдэл дүүрэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд өнгөрсөн гуравдугаар сард дээрх салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр жил бүр сугалаа сугалж, хүүхдээ цэцэрлэгт хүмүүжүүлэх, эсэхээ шийддэгийг цэгцлэхээр ажиллаж эхэлснээ дуулгасан. Тодруулбал, “Энэ онд 132, ирэх онд 42 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөжээ. Ингэснээр нийт 26 350 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ” гэсэн билээ. Гэтэл өнөөх сугалааны арга, хүүхдүүд өөрийн мэдэлгүй азтай, азгүйгээрээ дуудуулдаг асуудал тулгарсаар байна. 2016 онд сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 67 хувийг төрийн өмчийн цэцэрлэгт хамруулсан бол энэ онд 80.1 хувь болж өсжээ. Энэ нь гэртээ хүмүүжих хүүхдийн тоо цөөрч буйг илтгэх боловч стандартын шаардлага хангасан нь хэд байгааг санах хэрэгтэй. Нэг ангид дунджаар 40-50 хүүхэд сургаж буй нь манай улсаас өөр оронд байж боломгүй асуудал гэдгийг хүн бүр мэдэх биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)