Аж ахуйн нэгжүүд 90 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэх боломжтой

Эрчим хүч хэмнэлтийн бодлого, хууль, эрх зүйн орчин, тус салбарын өнөөгийн байдлын талаарх зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос өчигдөр зохион байгууллаа. Цахилгааны хэрэглээ нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн байгууллагуудыг хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж нэрлэдэг. Тэдгээр байгууллагыг мэдээллээр хангах, техник, технологи нэвтрүүлэх, хэрэгжүүлэх туршлага, төслийг танилцуулах, санал солилцох, шийдлийг хэлэлцэх зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Үүнд 2016- 2019 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос тодорхойлж, бүртгэсэн 229 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцон цахилгааны хэмнэлттэй холбоотой үзэсгэлэн гаргаж, хууль, журам, хамтын ажиллагааны тухай хэлэлцлээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Уг зөвлөгөөний гол зорилго нь эдгээр байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, хамтран ажиллах юм. 

Манай улсын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 50 орчим хувь нь 135 байгууллагад ногддог. Тэд эрчим хүчний хэрэглээгээ бууруулж чадвал жилд 90 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн үг. Өдгөө Монгол Улс жилд 8.5 тэрбум кВт/ц эрчим хүч зарцуулдаг. Өнгөрсөн жил эрчим хүчний байгууллагууд 33, хувийн хэвшлийн байгууллагууд 19 сая кВт/ц эрчим хүч хэмнэсэн үзүүлэлт гарсан. Энэ нь мөнгөн дүнгээр найм орчим тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн үг. Жишээ нь, “Чингис” зочид буудал, “Ачит ихт” ХХК зэрэг байгууллага эрчим хүчний хэрэглээгээ хэмнэсэн” гэв. “Ачит ихт” компанийн эрчим хүчний хяналтын менежер И.Эрдэнэ “2017 онд Үндэсний аудитын газраас манайд есөн зөвлөмж өгсөн юм. Үүний дагуу бид 33 ширхэг давтамж хувиргуурыг 300 сая төгрөгөөр суурилуулсан. Үр дүнд нь өнгөрсөн гурван жилд 670 сая орчим төгрөг хэмнэлээ” гэв.

Бэлтгэсэн: Т.Идэр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)