Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Н.Номтойбаяр болон Л.Энх-Амгалан нар "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай"  хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, олон мянган аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдож байгаатай холбогдуулан УИХ-аас Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоолыг өнгөрсөн тавдугаар сарын 8-нд баталсан билээ. Эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахад баялаг бүтээгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх, нийгмийн дундаж давхарга, хувийн хэвшилд хувийн жингээрээ дийлэнх хувийг эзэлж байдаг жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын татварын ачааллыг бууруулах, түүнийг тайлагнах журмыг хөнгөвчлөх, бизнесийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх, далд эдийн засгийг бууруулах чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан ийнхүү өргөн мэдүүлжээ. Энэ нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэн хувийн хэвшлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзжээ. 2012 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуйн нэгж нийт 78748 байна. 1.5 тэрбумын борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн төлдөг татвар нийт борлуулалтын орлогын 13-15 хувийг эзэлдэг гэсэн судалгаа байдгийгхууль санаачилсан дээрх гишүүд дурджээ. Хуульд ийнхүү өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын ил тод, нээлттэй байдал хангагдах, татварын байгууллагын ачаалал, захиргааны зардал багасах, төр бизнесийн байгууллагуудын харилцан итгэлцлийг бий болгож, шат дамжлагыг багасгах зэрэг олон давуу тал бий болно хэмээн тэд үзэж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)