Ажлын хэсэг байгуулах саналыг байнгын хороодоор хэлэлцэхээр боллоо

 УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр /2013.05.06/ хийж, энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслүүдээр байр сууриа илэрхийллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 410 хуулиас 200 гаруйг нь өөрчлөх, шинэчлэн найруулах санал тусгажээ. Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулахаар болов. Ингэхдээ хуульд өнгөц засвар бус ард иргэдийн амьдрал ахуй, улс оны нийгэм, эдийн засагт ахиц дэвшил авчрах томоохон бодлогын өөрчлөлт хийх ёстой гэж үзэж буйгаа гишүүд илэрхийллээ. Ялангуяа УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрт улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн аж амьдралыг сайжруулах зорилгоор тусгасан хуулиудыг энэ жагсаалтад оруулах шаардлагатай гэж үзэж байна.      

Мөн Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан төсвийн өнөөгийн байдал, төсвийн орлого зарлага, хэрэглээний индекс, өрийн асуудлыг нухацтай судлах учиртайг МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт онцоллоо. Үүнээс гадна “Чингис” бонд, Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөвтэй уялдуулах, тэдгээрийн зарцуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатайг сануулав. Энэ утгаараа МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад гарсан зарим асуудлыг тодруулах үүднээс ажлын хэсэг байгуулах саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод тавьсан билээ. 

Төрийн албаны орон тоо нэмэгдсэн эсэх, төрийн албан хаагчдыг хоморголон халж буй эсэх, бондын хөрөнгийг зориулалт бус зүйлд зарцуулсан эсэх талаар ард иргэд тодорхой мэдээлэлгүй байгаа. Тиймээс өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголбанкинд бондын зарцуулалтыг нягтлах ажлын хэсэг байгуулах асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр жагсаалтад оруулжээ. Энэ ажлын хэсэгт МАН-ын бүлгээс өмнө нь дээрх асуудлаар Төрийн албаны зөвлөл, Монголбанкинд ажилласан УИХ-ын гишүүд орох юм.         

УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлаар МАН-ын бүлгийн байр суурь хэвээрээ байна. Ард түмний сонголтыг хэрэгжүүлэх үүднээс Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулсан Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний тангараг өргөх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Өвөрхангай аймгийн 10, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн сонгуульд ард иргэдийн дийлэнх олонхийн саналыг авч сонгогдсон С.Чинзориг, Д.Сумъяабазар нарыг тангараг өргүүлэх ёстой. Төсвөөс эхлээд улс орны амьдралтай холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Гэтэл тангараг өргөх энэхүү асуудал шийдэгдэхгүй удааширч байгаад УИХ-д төлөөлөл нь баталгаажаагүй тойргийн сонгогчид бухимдаж бидэнд хандаж байна” гэлээ.              

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар сонгуулийн санал тооллогын автомат машинаас үүдсэн эргэлзээг арилгахын тулд боловсруулсан хуулийн төслөө энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэх юм. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид  автомат машины санал тооллогыг сайжруулах санал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулсан үйл явц, 200 гаруй хуулийг өөрчлөн найруулах болсон шалтгаан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэх талаар МАН-ын бүлгийн удирдлагуудаас асууж тодрууллаа.      

Тухайлбал, өнгөрсөн бямба гаригт болсон МАН-ын Бага хурлаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэрхэн тодруулсныг асуув. Уг Бага хурал нээлттэй, ил тод, ардчилалтай, цензургүй болсон бөгөөд ард түмний хэлэлцүүлгээр гарч ирсэн дөрвөн хүнийг өрсөлдүүлж, санал хураалтаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх авсныг намын бүлгийн удирдлагууд мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)