Ажлын хэсгийн “ажиллаагүй” дүгнэлт

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий, УИХ-аас томилсон ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэхдээ ямар шалтгаан, үндэслэлээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг олон нийт мэдэхгүй байгаа юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хийсэн танилцуулгаас эш татан хүргэе. Танилцуулгад “Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний 2.2 (b) заалтад “Далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны дагуу “Оюутолгой” төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлд тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэж заасан.

Гэвч 4.2 дахь заалтад “Техник, эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй төсөөллүүдэд тулгуурласан, бодит гүйцэтгэл нь техник, эдийн засгийн үндэслэлд зааснаас өөр гарч болох тооцооллуудаас бүрдэх бөгөөд эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш болохыг талууд хүлээн зөвшөөрөв” гэсэн нь Монгол Улсын хүртэх 53 хувийн өгөөж, төслийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах боломжгүй болгож байна” гэжээ. Энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг зөрчсөн гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна.

Дээр дурдсан сүүлийн заалт нь “Дубайн гэрээ”-г цуцлах гол үндэслэл болж байгаа аж. Техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзэх үү гэдэг бол маргаантай асуудал. Уул уурхайн салбарт мэргэшин ажиллаж буй эдийн засагчид “Техник, эдийн үндэслэл бол баримжаа, төсөөлөл гаргах төдий баримт бичиг. Тиймээс хөдөлбөргүй хэрэгжүүлэх эрх зүйн баримт бичиг гэж үзэж болохгүй” гэдэг. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт газрын 1300 метрийн гүнд үргэлжилж байгаа. Геологийн харилцан адилгүй тогтоц бүхий чулуулгыг ухаж, хонгил барихад зардлыг нь яг таг гаргах боломжгүй. Тиймээс техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан хөрөнгө оруулалт буурч, эсвэл нэмэгдэж болно. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллароор хэтэрсэн гэсэн маргаан нь техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзсэнээс үүдэлтэй байв. Санаж буй бол энэ маргаанаас үүдэн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт хэдэн жил зогссон билээ. Эцэст нь хоёр тал маргаанаа зогсоож, цаашид техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзэхгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Уул уурхайн салбарынхан техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзэхийг утгагүй зүйл гэдэг. Тэгвэл ажлын хэсгийнхэн техник, эдийн засгийн үндэслэлийг эрх зүйн баримт бичиг гэж үзэх ёстой гэсэн байр сууринаас ханджээ.

Ажлын хэсгийнхэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт, оруулах шаардлагатай гэж үзсэн. Тэд танилцуулгадаа “УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж, нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний үндсэн хугацаа, түүний сунгалттай холбон тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгасан байна” гэжээ. Ажлын хэсгийнхэн 2041 оноос өмнө “Оюутолгой” төслийн 50 хувийг эзэмших ёстой хэмээн үзэж, үүнийг эрх зүйн алдаа гэж тодорхойлсон бололтой. “Монгол Улс “Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулагчаас зээл авч оролцох ёсгүй байсан. Харин татвар хураамжаар дамжуулан баялгийнхаа үр ашгийг хүртэх нь зөв байсан” гэж олон эдийн засагч ярьдаг. Үүнийг хамгийн зөв хувилбар гэсэн хандлага давамгайлах боллоо. Эрх зүйн орчин бүрдүүлж гэрээнд өөрчлөлт оруулахаар болбол хувь эзэмшлээс татгалзах нь зөв болов уу.

“Дубайн гэрээ”-г цуцлах дүгнэлт гаргалаа гэж сүрхий мэдэгдэл хийсэн, УИХ-ын 12 гишүүнээс бүрдсэн, салбарын төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага, мэргэжилтнүүдээр хамжуулж, туслуулсан ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэлүүд ердөө л энэ. Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулсан юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг жил судалсан ажлын хэсгийнхэн иймэрхүү “но” олжээ.

Түүнчлэн ажлын хэсгийнхэн “Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний 16-д заасны дагуу Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50 болгож нэмэгдүүлэх хэдий ч төслийн менежментийн одоо мөрдөж буй эрх цаашид хөрөнгө оруулагч талд хэвээр хадгалагдаж, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр “Айвенхоу майнз”-ын хувь нийлүүлэгчдийн саналаар бүрэн шийдвэрлэгдэж байхаар тусгажээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 34.6-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хуулиар хязгаарлаж болно” гэж, 63.5-д “Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, ...бол Төлөөлөн удирдах зөвлөлийн (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг тус тус зөрчжээ” гэж дүгнэв.

“Дубайн гэрээ”-г цуцлах дүгнэлт гаргалаа гэж сүрхий мэдэгдэл хийсэн, УИХ-ын 12 гишүүнээс бүрдсэн, салбарын төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага, мэргэжилтнүүдээр хамжуулж, туслуулсан ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэлүүд ердөө л энэ. Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулсан юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг жил судалсан ажлын хэсгийнхэн иймэрхүү “но” олжээ. Гэрээ хэлэлцээрт засаж сайжруулах, эрх ашгаа дээшүүлэх зүйл байж л байдаг. Гэхдээ нэг талдаа давуу ашиг өгөх гэрээ байдаггүй. Харилцан ашигтай байж л хамтарч ажиллана. Дэлхийд тэргүүнд тооцогдох, их хэмжээний хөрөнгө оруулалттай, том төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй. Ажлын хэсгийнхнийг гэрээний алдаа болон оноог тодорхойлж, цаашид ямар арга замаар сайжруулах санал, дүгнэлт гаргах болов уу гэж горьдож байв. Гэтэл танилцуулгаас нь хэтэрхий өнгөц хандаж, улстөржсөн, зориуд гацаах санаархалтай дүгнэлт гаргасан нь харагдаж байна. Үүнийг ажлын хэсгийн “ажиллаагүй” дүгнэлт гэж ёжлоход хилсдэхгүй. Хүртэх өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд зээлийнхээ хүүг бууруулах шаардлага бидэнд бий. Гэвч “Rio tinto”-гоос авсан хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах талаар ажлын хэсгийнхний танилцуулгад нэг ч өгүүлбэр алга.

Ажлын хэсгийнхэн санал, дүгнэлтийн танилцуулгадаа сонирхол татах тооцоолол дурдсан байна лээ. “Санхүүгийн загварт үндэслэн өнгөрсөн хугацаанд талуудад орсон мөнгөн урсгалыг оруулан тооцож үзэхэд баялагт суурилсан хувилбар буюу 2010-2031 он хүртэлх хугацаанд нийт төслийн мөнгөн урсгалаас хүртэх Монголын талын үр ашиг 44 хувь байх тооцоо бий бол хөрөнгө оруулагч талын хүртэх үр ашиг 56 хувь байх төсөлөөлтэй байна. Нөөцөд суурилсан хувилбар буюу 2010-2055 он хүртэл тооцсон мөнгөн урсгалын тооцооллоор Монголын талын хүртэх үр ашиг 31, хөрөнгө оруулагч талынх 69 хувь байх төсөөлөлтэй байгаа. Харин нөөцөд суурилсан, 2010-2055 оны тооцооллын үр дүнгээр төслийн нийт мөнгөн урсгал 37.8 тэрбум ам.доллар байна. Үүнээс Монголын талын мөнгөн урсгал 13.2 тэрбум ам.доллар буюу 35, хөрөнгө оруулагч талын мөнгөн урсгал 24.5 тэрбум ам.доллар буюу 65 хувийн өгөөж хүртэх байдалтай байна” гэж тэд “Rio tinto” болон Засгийн газрын хүртэх өгөөжийн харьцааг гаргажээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хийсэн 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлд Монголын талын өгөөжийг 53, хөрөнгө оруулагч талынхыг 47 хувь, мөн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөгөөр энэ хувь хэмжээг бууруулахгүй байхаар тус тус заасан. Хэрэв хөрөнгө оруулагч тал илүү өгөөж хүртэх нь үнэн бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөөс зайлшгүй. Төслийг өгөөжийн талаас илүү баялгийн эзэн авахгүй ёстой гэсэн байр сууринаасаа ухарч болохгүй. Гэвч тооцоолол хэр үндэслэлтэй вэ гэдэг нь эргэлзээтэй. Магадгүй тооцооллынхоо үндэслэлийг тайлбарлах шаардлага ажлын хэсгийнхэнд гарах биз.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)