Ажлын байрны төлбөр асуудал дагуулж мэдэх нь

Шинэ коронавирусийн халдвар 213 оронд тархан, хилийн чанадад сууршсан монголчууд хүнд байдалд ороод буй. Ихэнх үйлдвэр, худалдааны төв, компани үүдээ барьснаар тэнд ажилладаг олон мянган монгол хүн ажилгүй болсон. Тухайлбал, Австралийн үзвэр, үйлчилгээ, жуулчлалын салбар уналтад орж, зочид буудал, зоогийн газрууд үүдээ барив. Тус улсад цөөнгүй монгол хүн ажиллаж, амьдардаг. Тэнд амьдралын өртөг өндөр, долоо хоногийн байрны түрээсэнд л дунджаар 650 австрали доллар буюу 1.2 сая төгрөг төлдөг. Үүнээс гадна Малайзад амьдардаг монголчууд аргаа барж буй. Тус улсад нөхцөл байдал илүү хүнд байгаа гэсэн. Учир нь тус улсад Монголыг төлөөлөх дипломат төлөөлөгчийн газар үгүй. Тэр хэрээр монголчуудын эрх ашиг хохирч буй гэнэ. Малайз дахь монголчууд “Орон сууцын түрээсийн төлбөр төлөх нь бүү хэл хүнс, хоолгүй гачигдаж байна” хэмээн цахим орчинд бичиж, тусламж эрэх болсон. Мөн Туркт ч нөхцөл байдал сайнгүй байгаа. Тус улсын олон үйлдвэр хаагдаж, тэнд ажилладаг монгол хүмүүс ажилгүй болсон. Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэд энэ мэт эрсдэлд орж, олсон хэдээ үрж дуусгаад, олонх нь ар гэрийнхнээсээ мөнгө авч голоо зогоож эхэлжээ. Тэгвэл манай улсад аж төрж буй гадаадын иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөл ямар байгаа бол.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын гадаадаас ажиллах хүч авах, ажиллах хүчний тооцоолол, хувь хэмжээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Хишигжаргал “Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд ажлаас халагдсан тохиолдол байхгүй. Нэгэнт хил хаасан тул тэдний виз болон хөдөлмөрийн гэрээг автоматаар сунгаж буй” гэх товчхон мэдээлэл өглөө.

Манай улсад өнөөдрийн байдлаар гадаадын 97 орны 4315 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Сүүлийн гурван жилийн дунджаар манай улсад нэг жилд 10 000 орчим гадаадын иргэн ажиллаж байж. 2019-2020 оны заагт нутаг руугаа явсан гадаадынхан өдгөө буцаж ирэх боломжгүй болсныг бид мэднэ. Тиймээс Монголд дээрх тооны гадаад иргэн ажиллаж буй. Энэ бол ХНХЯ-наас албан ёсны зөвшөөрөл авсан хөдөлмөр эрхлэгчийн тоо юм. Гадаад ажиллагсдын 3529 нь эрэгтэй. Үлдсэн нь эмэгтэй. Тэдний олонх нь БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ, Австралийн иргэн. Тодруулбал, Хятадын 1554, Оросын 324, Австралийн 376, Солонгосын 267, Америкийн 238 иргэн Монголын болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй. Бусад нь Вьетнам, Англи, Канад, Япон, Индонез зэрэг орноос иржээ. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг байршлаар нь авч үзвэл 55.4 хувь буюу 2391 нь орон нутагт, 44.6 хувь буюу 1924 нь нийслэлд бий. Тэдгээр иргэн манай уул уурхай олборлолт, боловсролын байгууллага, бөөний болон жижиглэн худалдаа, автомашин, мотоцикл засварын газар, боловсруулах үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байна. Бүр тодруулбал, “Оюутолгой” компани, нефть боловсруулах үйлдвэр, барилгын салбарт голдуу дээд боловсролтой инженер, техникийн мэргэжилтнүүд ажиллаж буй. Цаашид ч Монголд нарийн мэргэжилтэй гадаадынхны эрэлт хэрэгцээ нэмэгдэж “од” болох төлөвтэйг зарим хүн хэлсэн.

Албаны хүн дээр хэлсэнчлэн Монголд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн хувьд хүндрэл бараг гараагүй. Учир нь Засгийн газраас төр, хувийн хэвшил, гадаадын гэж ялгалгүй олонх аж ахуйн нэгжийнхний нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хүн амын орлогын албан татвараас хөнгөлсөн. Бас тэднийг эх орон руугаа буц хэмээн “хөөхгүй” байгаа билээ. Тиймээс Монголд ажиллаж буй гадаадынхан өөрсдийгөө азтайд тооцож буй сурагтай. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ХНХЯ-нд хандаж ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргаад эхэлжээ. “Ковид-19”-ийн дэгдэлттэй холбоотойгоор амралтын газруудын үйл ажиллагааг хязгаарласан. Үүний улмаас МАК-ийн харьяа, Богдхан уулын Залаатын аманд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын цогцолборын удирдлага компанийнхаа 100 гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ. Үүнээс гадна “Тэрэлж сүйх” компани гадаадын таван тогооч, “Бодиз автоматив” засварын газраас хоёр турк ажилтнаа ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэхийг хүсжээ. Өөрөөр хэлбэл, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэхийг хүссэн өргөдөл гаргах тохиолдол нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Гадаадын нэг ажилтны ажлын байрны сарын төлбөр 840 000 төгрөг байдаг. Уг төлбөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ордог. ХНХЯ-ныхан хүсэлтийг шийдвэрлэх эрх зүйн боломжгүй бөгөөд үндэслэл ч байхгүй. Тиймээс гадаадын иргэд хуульд заасны дагуу төлбөрөө төлөхөөс өөр сонголтгүй гэнэ.

Монгол Улсын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг 2001 онд баталсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эл хууль, тогтоомжоор гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгах давтамж, төлбөрийн асуудлыг нарийвчлан зохицуулаагүй билээ.

ХНХЯ-наас байгуулсан ажлын хэсэг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газарт өргөн барьсан. Улмаар байнгын хороодын хуралдаанаар уг хуулийг батлахыг дэмжсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ сарын 7-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт уг хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн шинэ төсөл таван бүлэг, 41 зүйлтэй. Хуулийн төсөлд хэд хэдэн зохицуулалтыг шинээр тусгасан байна. Тодруулбал, ажлын байрны төлбөрийн доод хэмжээг хуулиар тогтоож, салбарын онцлогийг харгалзан Засгийн газар ялгаатай тогтоох боломж бүрдүүлсэн аж. Мөн зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлуулагчийн очих ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцах зохицуулалт оруулсан байна.

Ташрамд дурдахад, коронавирусийн халдвар дэгдсэнээр манай улс хилээ хааж, зорчигч тээврийн хөдөлгөөнийг хориглосон. Тийм хэдий ч гадаадын хөрөнгө оруулагч компаниудаас ажиллах хүч Монголд ирүүлэх хүсэлт тасралтгүй гаргаж байгаа гэнэ. Тодруулбал, гадаадын 13 000 ажилтан манайд улсад ажиллах хүсэлт гаргасан байна. Тэдний олонх нь замын компанийн мэргэжилтэн. Дараа нь уул уурхай, барилгын компанийн ажиллагсад жагсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)