АЖИЛ ХАЯАД, УЛААНБААТАРААС ЗУГТАЦГААЯ

Ерөөсөө л ажил хаяцгаая. Тэгээд хөдөө тийш гараад жийчихье. Хайран сайхан зуны дэлгэр цагийг Улаанбаатарын уйтгарт гудамжинд уураа барж өнгөрүүлснээс тэр нь дээр. Улаанбаатарчууд энэ жил урьд урьдынхаасаа ч илүү хөгийн байдалд зуны гурван сарыг барах болчихоод байхад яагаад бүх нийтээрээ ажил хаяж болдоггүй юм. Гэхдээ энэ бол авдаг хэдийгээ голж, байсхийгээд л ажил хаясаар амташчихсан автобус компанийнхантай барьцаж байгаа хэрэг огтоос биш. Автобус компаниудын ажил хаядаг моод нийгэмд дэлгэрч, “Нээрээ ингэж санасандаа хүрч болдог юм байна шүү. Ажил хаяснаар хэн хохирох, хохирлыг хэзээ, хэрхэн барагдуулах нь хэнд ч хүртээлгүй юм байна” гэсэн хандлага олон нийтийн дунд бий болсон нь үнэн. Харин энэ удаагийн ажил хаялт бол дээрээс “хүлээн зөвшөөрсөн”, албан ёсных байх юм. “Энэ зун их бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх тул нийслэлчүүд минь бүх зүйлд хүлээцтэй, тэвчээртэй хандаж, зуны амралтаа хотоос гарч, хөдөө орон нутагт өнгөрөөгөөрэй” хэмээн хотын дарга уриалж байна, цаана чинь. Улаанбаатарчууд тэвчээгүй биш тэвчсэн. Олон жил загас мэт дуугүй л байсан. Гэвч тэвчээрт ч бас хязгаар бий.

Одоо бидэнд үнэндээ боож үхэх бор шидмэс ч олдохгүй боллоо. “Замын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашинуудыг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулна”, “Зогсоолгүй газарт машинаа тавибал ачна, дугуйг нь түгжинэ” гэхэд бид уужуу тайвнаар хүлээн зөвшөөрсөн. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн “Халуун усыг чинь 15 хоног хязгаарлаж, дулааны шугам сүлжээг өргөтгөж, засна” гэхээр нь орон сууцны айлууд халуун зун хир, хөлсөндөө баригдахаа юман чинээ бодолгүй, толгой дохисоор ирсэн. “Халуун ус тасрахаар хаана, ямар хамаатан садантай билээ гэдгээ санаад, харин ч зүгээр юм уу” хэмээн аанайхан тоглоом шоглоом болгохдоо Улаанбаатарынхан нэг л зүйлд итгэдэг байв. Бүх зүйл сайхан болно оо гэж. Жилийн жилд “Тэр ч замыг засна, энийг ч шинэчилнэ. Түүгээр биш, үүгээр яваарай” гэхэд нийслэлчүүд мөн л “За” гэдэг. Ямар ч үед хотын иргэд өөрсдийн эрх ашгаас улс, нийтийнхийг тэргүүнд тавьж байсныг энэ бэлхнээ харуулах бус уу. Харин саяхнаас “Зуслангийн чиглэлийн замуудыг энэ жил ёстой нэг зассан шиг засна. Та нар минь зусландаа гарахаа азнаарай” гэхэд нь эргэлзэж эхлэв. Хоолой гашуун оргиулсан утаанаас арайхийн салж, хоёр сар ч болов агаар салхинд гаръя гэтэл тэр эрхэнд нь хүртэл халдаж, хязгаарлаж байхад тэнэг л биш бол хүнд нэг юм бодогдоно биз дээ.

Гэхдээ бас “Сая гаруй хүн амтай хотын дэд бүтцийг шийдэх, автозамын түгжрэлийг бууруулна гэдэг нээрээ л амаргүй ажил биз” хэмээн уучлан бодож байв. Харин өнгөрсөн баасан гаригт нийслэлийн удирдлагуудын хийсэн мэдэгдэл олон хүнийг цус харвуулах шахав. “Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ жил 47.62 км автозам, 453 урт метр гүүр шинээр ашиглалтад оруулж, 37.65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг мөн өргөтгөн шинэчилнэ. Тиймээс энэ сарын 15-наас эхлэн автомашинуудын улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулна” гэж тэд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ зун нийслэлчүүд долоо хоногийн 3-4 өдөр нь автомашингүй байх бөгөөд ажилдаа явган таваргах ёстой болж байна. Эс бөгөөс тэн хагас нь ажил хаячихаад буй нөгөө нийтийн тээврийнхнээ нүдээ хөхөртөл хүлээн байж хөл дүүжлэхээс өөр замгүй. Гэвч хотын төвийн олон замыг ээлж дараалан хааж, дулаан, цэвэр усны шугамуудыг өргөтгөн, шинэчлэх учраас автобусанд суулаа ч зорьсон газраасаа тээр холуур гээгдэх нигууртай.

Тэгээд хар халуунд хөлсөө гоожуулан, хөлөө холготол алхана гэсэн үг. Энэ зун зарим газрын халуун усыг гурван сараар хаах юм гэсэн. Мөн ч “гоё” юм болох гээд байгаа биз. Олон жилийн турш иргэдээ “хорионд” байлгахдаа нийслэлийн удирдлагууд ер нь юу хийж, ямар юмаа засаж, янзлаад байсан юм бэ гэдэг асуулт эндээс урган гарав. Харин өнгөрсөн жил ердөө л дөрөвхөн км шугам шинээр сольсон гэхээр хариулт нь ойлгомжтой. Нэг байшингийн дээвэр зассан нэр зүүгээд, таг чиг болно. Гэтэл ирэх жил нөгөөх нь шүүрэн шанага шиг, дээврээсээ ус гоожсон хэвээр байх нь зөвхөн Монголд байх, монголчуудын л хийж чадах засвар үйлчилгээ байх. Дээр суугаа дарга даамлуудын үгийг дагаад, энэ зун Шарга морьтын зусландаа гарахаа болихоор шийдсэн найз маань гэнэт дүрсхийн уурласан шалтгаан ч үүнээс үүдэлтэй. Өнгөрсөн жилийн хавар машиныхаа амартизаторыг солиод, зусландаа гартал зам нэртэй там дээр өглөө, оройгүй “ойж буусаар” гурван сарын дараа гэхэд дахиад шинийг авахаас өөр аргагүй болсон гэнэ.

Тэгээд энэ жил зуслангийн замыг нь засна хэмээн хөөрч байтал зөвхөн Шарга морьтын гүүр хүртэлх хэсгийг засаад, түүнээс цааших жинхэнэ “уран жолоодлого” шаардлагатай хэсгийг үлдээх болсонд тэр уурлаж буй юм. Арга ч үгүй биз. Нэгэнт төсөв хөрөнгийг нь шийдэж өгсөн юм бол замаа гүйцээгээд засчихгүй, нүглийн нүдийг гурилаар хуурсных нь шанг хойтон жил мань хүн дахиад л хүртэнэ. Чийг бамаас холдож зусландаа гаръя гэхнээ замыг нь засаж байгаа тул болохгүй. Дүүрсэн хэрэг гээд байрандаа зусах гэхээр халуун усгүй. Дээрээс нь үе үе цахилгаан тасалж, “чангалахаа” манайхан сайн мэднэ. Ажилдаа явъя аа, хөл дүүжлэх унаа олдохгүй. Олдсон өдөр нь харин машин маань “их бүтээн байгуулалтын” сүр бараан дахь замын түгжрэлд ороод хамаг уур барна. Үүнээс болж өчнөөн асуудал дэгдэх нь мэдээж. Наад зах нь ажлаас хоцорсон хэмээн даргадаа донгодуулах энүүхэнд. Ингээд л хөмсөг зангидсан улаанбаатарчууд нар ээж, бороо дусалсан, салхи сэвэлзэж, модод найгасан нэгэн сайхан зуныг мэдрэлгүй, даанч хайран өнгөрөөх нь.

Түүний оронд бүгдээрээ хөдөө сайхан амарч байгаад ирье. Тэр хооронд бүтээн байгуулалтын ажил дуусчих байлгүй. Хотын үе үеийн удирдлага өчнөөн жил “засаж байна, шинэчилж байна” гэж ард түмнийг хуурсан. Бид ч хууртаж ханадаггүй, хаширч өгдөггүй итгэмтгий хүмүүс. Энэ удаад Бат-Үүл дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөр барьж буй орон сууцны барилгуудаа төвийн дулаанд холбож, Дэнжийн 1000, VII хороолол орчмын 8000 гаруй өрхөд шугам татаж өгөхөөр “том” хөдөлснийг ойлгохгүй биш, ойлгож байна. Гэхдээ тэр ажлыг ч бас хоноцын сэтгэлээр хийх эрх танд болоод танай хамтран зүтгэгчдэд байхгүйг сануулъя. Ирэх онд Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл хангах гээд хэрээсээ хэтэрсэн их ажил төлөвлөчихөөд, нийслэлчүүдийн эрх ашгийг гаргуунд нь хаян байж, их бүтээн байгуулалт өрнүүлж буйг тань ч ойлгохыг хичээж байна. Тиймээс хэн хэндээ дараа болохгүйн тулд хориотой хотын чинь иргэд нэг л өдөр ажил хаявал та бас ойлгоорой. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)