Ажил горьдогсод салхи Дамбий мэт давхилдах цаг айсуй

Олон жилийн өмнөх эчнээ танил М.Найданхүү доктор БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн шинжлэх ухаан, дээд боловсролын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдоод ихэд идэвхтэй ажиллаж байгааг харахад гадаадад олон жил амьдарсан гэлтгүй эх орондоо байдаг, гагцхүү аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг, ёстой л элдүүр нь ханасан мэт, ийш тийш гажиж давхиад байхгүй хүмүүсээр төрийн албыг бүрдүүлдэг ч болоосой гэхээр. Өндөр хөгжилтэй улс оронд сурч, боловсорч, хөгжсөн монголчуудыг М.Найданхүү доктороор төлөөлүүлэн жишээ авч л буй хэрэг. Тэрбээр хэдэн жилийн өмнө сурсан, мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулахаар сэтгэл шулуудан олон жил сайхан амьдарсан Норвег орныг орхиод иртэл ажил олдоогүй учраас буцаад явсныг мэдэх юм. Өөрийгөө улс орондоо хэрэгтэй хүн гэж үзээд, ажиллая, мэдэх, чадахаа хүн арддаа зориулъя гэсэн ч, ажил олоогүй. Бараг гутарсан ч байх. Яагаад ийнхүү жишээ татав гэхээр түүн шиг хүн, тодруулбал өндөр боловсролтой, соёлт ертөнцийн эд эс болсон боловсон хүчин манай улсад өдгөө маш олон байгаа ч олонх нь байраа олоогүй, өдөр хоногийг аргацаах маягтай ажиллаж байгааг харж харамсдагаа илэрхийлэх гэснийх.

Их Британид магистр хамгаалсан мэдээллийн технологийн инженер залуу санаанд оромгүй ажил хийж байхад нь яагаад гэдгийг асуухад “Энэ хавьд гэртэй болсон. Хувийн бизнесээ удирддаг. Зах зээл гадаадад. Гэрээсээ ажилладаг болохоор бензиний мөнгөнд нэмэр юм уу гээд өдөртөө энд аар саархан ажил хийдэг юм. Эхнэр өглөө, орой хүргэж өгдөг, амар” гэж байлаа. Тэрбээр уг нь гадаадад төгсөж ирсэн даруйдаа өөрийнхөө байх ёстой газар гэж бодсон нэг бус байгууллагад ажиллах саналаа илэрхийлэхэд орон тоо байхгүй гээд аваагүй юм билээ. Тэгэхээр нь эргэлзэх юмгүй хувийн бизнес эхлүүлжээ. Буруу юм байхгүй. Хувь хүн ажилтай, орлоготой байх нь түүний хэрэг бөгөөд улсын ч баялаг.

...Лав Ардчисан нам засгийн эрх барьж байх үед дүүргүүд дэх жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэгжүүдэд ажиллаж байсан хүмүүсийн дунд тэр нь гайгүй, жинхнээсээ жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сэтгэлтэй юм гэхээр хүн бараг байгаагүй юм даг. Нэгжийн дарга нар нь бүгд дүүргийнхээ Засаг дарга нарын пиарчид байж билээ...

Америкт хуулийн чиглэлээр магистр хамгаалаад ирсэн бүсгүй өмнө нь ажиллаж байсан газраа буюу банканд ажилд орсон ч, удалгүй өөр тийш шилжжээ. Яагаад тийм сонголт хийснийг асуухад “Би Монголынхоо банкны салбарыг хөгжиж байна гэж хардаг байсан. Америкт сурч байхдаа ч тэгж бодож байлаа. Гэтэл ирээд албан тушаал бага зэрэг ахиулаад ажилдаа ортол бүх юм хуучнаараа, арга барил, ер нь аль аль талаараа дэлхийн систем, стандартаас хоцорсон, түүнийгээ мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй, ажилтнууд нь хөгжих тухай бодохгүй, ойр зуурын хов живээр “хоол” хийж амьдардаг нь ажиглагдсан. Сэтгэл гаргаад хэлж үзтэл ад үзэгдэх тийшээ болоод ирлээ. Ажилдаа сэтгэл ханамжгүйгээр хэд хонох билээ. Гадаадын хуулийн фирм Монголд үйл ажиллагаа явуулж эхлэхэд нь саналаа өгөөд орсон. Одоо бол ажил маш их, гэхдээ цалин сайн, сэтгэл хангалуун байгаа” гэсэн юм. Түүний сүүлд хэлсэн нэг өгүүлбэрийн ард хөдөлмөрийн маш их бүтээмж агуулагдаж байх шиг санагдаж байлаа. Хоёр ч жишээ татаж юу хэлэх гэв гэхээр манай улсад төрийн ч бай, хувийн ч бай байгууллагуудад, өөрөөр хэлбэл, нийгэм даяар боловсон хүчний бодлого алдагджээ гэж урьдын адил хэлэх гэснийх.

Үнэ цэнтэй мэргэжилтнүүдийг зөв байршуулж хүч, нөөцийг нь ашиглах ухаан төрд ч, хувийн байгууллагуудад ч ховор байх юм. Тэр минь, энэ минь олон жил ажилласан, ар гэрээ авч явдаг, тэрний ч танил, үүний ч захиас гээд орон тоо бөглүүлээд байлгаад байдаг. Нэг талаар тодорхой шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөх нь хууль зөрчсөн хэрэг болдог байх. Гэхдээ ажил сайжруулах шаардлагаар мэргэжлийн сонгон шалгаруулалт явуулж, байгаагаас илүү ур чадвартай, өндөр бүтээмжтэй хүн байваас ажиллуулах нь тухайн байгууллагад төдийгүй системд нийтэд нь тустай баймаар. Өдгөө мэргэжлийн шалгалт буюу аттестатчилал явуулж, шилдгүүдийг үлдээж, таарахгүйг холдуулдаг нь мэргэжлийн урлагийн байгууллагууд л байна. Яах аргагүй олны өмнө, тайзан дээр юу чаддагаа харуулахад бүх юм тодроод ирдэг. Маргаад ч нэмэргүй, уйлаад ч барахгүй. Тухайлбал, төрийн бусад байгууллага ийм шалгаруулалт явуулж ажилтнуудаасаа үлдээхийг нь үлдээж, явуулахыг нь явуулж, орон тоон дээр нь хаалганы цаана боломж хүлээж зогсоо хүмүүсийг урьж, шалган, илүү сайн байвал ажилд урих нь дэвшил байлтай. Харшлах, зөрчих хууль байдаг бол чиглэл, чиглэлдээ асуудал болгон дэвшүүлж, шийдүүлж болно шүү дээ. Хууль амьдралаас урган гардаг.

Ингэж улиглахын учир бас бий. Ялангуяа төрийн алба, тэр дундаа нийслэл, орон нутагт чадваргүй хүмүүсээр сандал, ширээ дүүрэн байгаа нь хаа саагүй. Өдгөө сонгууль хүлээсэн хүмүүс энд тэндгүй. Дэмждэг нам нь, аав, ээж, ах, эгч, найз, нөхөд нь сонгуульд ялахыг хүлээн, ажил горьдогсод бишгүй. Боловсрол нимгэн, ухамсар дорой зарим нь нэр дэвшигч дэмжиж буй нэрээр харсан зүг рүүгээ салхи Дамбий мэт хурдлан давхилдах өдрүүд айсуй. Нам нь ялбал ажилтай болох гэж байгаа нь тэр. Түрүүчийн сонгуулиар ажилтай болсон, өдгөө “Нөгөө нам гараад ирвэл яана аа” гэсэн айдас, хүйдэстэй улс бүлэг бүлгээрээ байна. Чухамхүү ийм сул дорой улс орон тоо бөглөж суудаг нь нууц биш. Энэ ч гэсэн боловсон хүчний буюу хүний нөөцийн бодлого алдагдсаны тод илрэл. Тухайлбал, эдийн засаг, гадаад худалдаа, хуулийн өндөр мэдлэг шаарддаг төрийн нэг чухал агентлагийн даргын ажлын байрны тодорхойлолтод орос хэлний мэдлэгтэй байх гэсэн шалгуур нэмж байв. Гэтэл тэр суудалд тавих хүн нь хөдөөгийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан нэгэн юм санж.

Ажлын байрны тодорхойлолт боловсруулахдаа өөрсдийн эрх ашигт нийцүүлэх, тухайн ажлын байр, орон тоонд хаа хамаагүй мэргэжлийн хүн ажиллаж болно гэж ичих нүүргүй бичих, түүнийг нь байж болох мэтээр батлах зэрэг бол хавтгайрсан.

2012 онд Ардчилсан нам ялахад төрийн захиргааны бүхий л шатны албан тушаалуудад энэ намын хүмүүсийг хачиг, хувалз мэт тараан байршуулсныг санаж байна. Зарим нь ажлын байраа голж, “Намайг тийшээ оч гэж байна лээ, чадахгүй л гэсэн” хэмээн их зан гаргаж байсан нь нүдэнд харагдаж байна. Чухам тэр үед Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гээчийг байгуулж, дүүрэг бүрт нэгжүүд ажиллуулж эхэлсэн юм. Энэ нь анхнаасаа эрх мэдэлд ойр хүмүүсийн мөнгө угаах цех болж байсныг ч харж байлаа. Ардчилсан намынхны гарсан замаар 2016 онд төр, засгийн эрхэнд гарсан Ар дын намынхан хурдтай жийгээд гэнэдчихсэн. Энэ яах вэ, түмэнд ил болсон хэрэг.

Лав Ардчисан нам засгийн эрх барьж байх үед дүүргүүд дэх жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэгжүүдэд ажиллаж байсан хүмүүсийн дунд тэр нь гайгүй, жинхнээсээ жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сэтгэлтэй юм гэхээр хүн бараг байгаагүй юм даг. Нэгжийн дарга нар нь бүгд дүүргийнхээ Засаг дарга нарын пиарчид байж билээ. Яагаад энэ талаар сайн мэдэж байна гэхээр тухайн үед бидний хэдэн хүн бизнссийн чиглэлийн сэтгүүл эрхлэн гаргахаар судалгаа хийж, улмаар хэд хэдэн дугаар ард гарч байсан үе юм. Ярилцсан хүн бүр “намчид” байсан даа. Байдал одоо ч хэвээрээ. Цалинтай, суудалтай орон тоо бүрийг “намчид” эзэлчихээд гадаадад ч бай, эх орондоо ч бай сайн сурч мэргэжил эзэмшсэн, шинэ сэргэг, сэтгэлгээ илүү залууст боломж олгодогүй, дунд эргэм насныханд бол тас хаалттай тийм орон зай болж л дээ, Монго лын хүний нөөцийн талбар.

Улсын хүний нөөцийн бодлого гэдэг ухаалаг төрийн хар хайрцагны бодлого байлтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)