Ажиллах хүчний тухай хуулийн төслийг буцаана

Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад ажиллах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар ярьж буй. Хэлэлцэх эсэхийг нь хараахан шийдээгүй байгаа уг төслийг Засгийн газарт буцаах нь зүйтэй хэмээн МАХН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаас үзжээ. Ашигт малтмалын тухай хуульд заасан аливаа ажлын байранд нийт ажилтны 10 хувиас ихгүй нь гадаадын иргэн байж болох тухай хязгаарлалтыг дээрх төсөлд хүчингүй болгохоор оруулсан юм.

Үүнийг АН-ынхан “Монголыг хятаджуулах бодлого” хэмээн шүүмжилсэн. Тэгвэл МАХН-ын бүлгийн гишүүд ч гадаадын ажилтны тоо хязгаартай байх ёстой, 10 хувийн квотыг хэвээр үлдээх хэрэгтэй гэж үзжээ. Улс орны эрх ашгийг түлхүү анхаарах ёстой тул уг төслийг Засгийн газарт буцаая гэсэн шийдвэрийг тэд гаргасан байна. Мөн Жендерийн тухай хуулийн төслийг авч хэлэлцжээ.

Уг төсөлд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байх, улс төрийн томилогдох албан тушаалд 30-аас, төрийн захиргааны байгууллага, төрийн үйлчилгээнд 40-өөс доошгүй хувь байхаар хүйсийн харьцааг ойртуулахаар салбар бүрээр нарийвчлан тусгасан юм байна. Сонгуулийн тухай хуулийн төслийг батлаагүй, яг ямар тогтолцоог сонгох нь шийдэгдээгүй учраас УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй хүн байх заалтыг нээлттэй үлдээх нь зөв гэж үзжээ.

Сонгуулийн хуультай хамт ярих гэнэ. Бусад салбарын тухайд зарим нь эмэгтэй дарга давамгай байгаа, нэгэнт томилогдсон хүмүүсийг халах солихоос эхлээд хэрэгжүү- лэхэд асуудал үүсэх учир шатлалтайгаар хэрэгжүүлье, энэ тухай тусгай тогтоол гаргая гэсэн байна.


С.УУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)