Ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрч болзошгүй

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Эзнээ хүлээсэн багаж хэрэгслийн жагсаал”, “Ажлын байрыг хадгалах цахим жагсаал”-ыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. “Эзнээ хүлээсэн багаж хэрэгслийн жагсаал”-д салбар бүрийн 500 гаруй компанийн, ажлын 1000 орчим багажийг байрлуулсан юм. Коронавирусийн тархалтын улмаас манай улсад хөл хорио тогтоогоод 100 гаруй хоног өнгөрсөн. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт, ашиг нь багасан, 46 000 орчим хүн ажилгүй болжээ. Цаашид ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрч, 240 000 орчим хүн ажилгүй болж болзошгүй хэмээн тооцсон гэнэ. Энэ нь ядуурлын түвшнийг бараг хоёр дахин өсгөж, 50 хувьд хүргэх магадлалтайг МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин дурдав. Тиймээс тус танхимаас эдийн засгийг эрчимжүүлэх, үүсээд буй хямралыг хохирол багатай даван туулах, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлсэн 10 багц бодлого, саналыг 2020 оны сонгуульд оролцох намуудад хүлээлгэн өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)