Адуучдын наадмаар монгол өв соёлыг түгээжээ

“Агтана хүрээт-2019” Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрхны энгэрт хоёр дахь жилдээ боллоо. Энэ удаа Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийнхнаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-оос уяач, адуучид ирж оролцов. Наадмын хүрээнд өнгөрсөн жилийн гэрэл зургийн уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ. Мөн адууг уналга, эдэлгээнд ашигласан түүхийг харуулах эд өлгийн зүйлс, аймгийн Угсаатны зүйн музейн үзмэрүүдийг дотоод, гадаадын жуулчдад дэлгэн харуулав. Үүнээс гадна галын наадам, тойрон бүжиг, язгуур урлагийн тоглолтыг аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчид толилуулжээ. “Монгол адуутай холбоотой өв соёл, уламжлалаа залууст өвлүүлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх нь “Агтана хүрээт”-ийн гол зорилго. Түүнчлэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл, уламжлал, ахуйгаа гэрэл зургийн хальсанд мөнхлөн, дэлхий нийтэд сурталчлах төлөвлөгөө ч бий. Наадмын цар хүрээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тэлсэн нь сайшаалтай. Цаашид улсын хэмжээний, өвлийн аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох төлөвлөгөөтэй” гэж наадам зохион байгуулагч Сүхбаатар аймгийн ИТХ-аас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)