АДТАЙ, ОДТОЙ БООЁО

Монголын хошин урлагийн “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Бооёо буюу Н.Ариунболдын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Наян настай буурлаас, найман настай хүүхдийн дүрийг чадварлаг бүтээж, үзэгчдэд инээд хөөр бэлэглэж байдаг энэ эрхэм 1972 оны арванхоёрдугаар сарын 25-нд Т.Намсрайжавын ууган хүү болон мэндэлжээ.

Төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэхээр түүн рүү утас цохисон боловч авсангүй. Энэ сарын сүүлчээр толилуулах тоглолтоо бэлтгээд завгүй яваа сурагтай.

Ойр дотнынх нь эрхэм хүмүүс түүнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг уламжилъя.

“Шинэ үе” продакшны жүжигчин Л.СӨРӨЛТ:

Үргэлж үлгэр дуурайл болдог ахдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. 38 насныхаа төрсөн өдрөөр Бооёо ах “38-тай аав” дууг дуулж байсныг тод санаж байна.

Харин өнөөдөр дүү нь 38 хүрч байна. Цаг хугацааны эрхээр нас нэмдэг нь жам юм. Ахдаа болон гэр бүлийнхэнд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

Эгч Н.АРИУНЗУЛ:

Хайрт дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Амьдралд нь аз жаргал, хамт олонд нь уран бүтээлийн амжилт хүсье. Бид дүүгийнхээ төрсөн өдрийг жил бүр гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэдэг.

Мэндчилгээ дэвшүүлэн, гэр бүлээрээ ширээ тойрон сууж, халуун дотно яриа өрнүүлдэг. Бооёо маань ноолууран бүтээгдэхүүн бэлгэнд авах дуртай. Би ноолуурын үйлдвэрт ажилладаг болохоор дүүдээ дуртай бэлгийг нь өгөхийг хичээдэг.

Ээж Л.ДОРЖСҮРЭН:

Өвгөн бид хоёр урлагийн хүмүүс. Тийм болохоор хүүгээ маш сайн ойлгодог. Бооёо маань ямар ч ажилтай байсан төрсөн өдрөөрөө ээждээ цэцэг бариад ирдэг. Өөрөөсөө илүүтэй ээжийгээ л баярлуулахыг хичээдэг дээ, миний хүү.

Багын л адтай, одтой хүүхэд байсан. Наймдугаар ангиасаа төрсөн өдрөө тэмдэглэсэн. Ээждээ зориулж ил захидал илгээж байсныг нь мартдаггүй. Нэг удаа дөрвөлжин шугамтай тооны дэвтрийн цаасан дээр мэндчилгээ бичиж, бэлэглэж байсан юм.

Ээж, аав нь хүүгийндээ байнга очдоггүй ч сэтгэлээрээ үргэлж хамт байдаг юм шүү. Хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Хамт олон, гэр бүлийнхэнд нь эрүүл энхийг хүсье. Төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй.

Ж.СУВДМАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)