“Агуй”-д сонссон хөгжим, түүх

Театрын музейд морин хуур эгшиглэж, ятга уянгалж, товшуур дундуур нь “хэвлүүхэн” дуугарах агаад хааяа хэнгэрэг зөөлөн нүргэлэхийн сацуу хүмүүс хөгжмийн хэмнэлд аядуу намуухнаар дуулна. Хөөмийлөх нь ч сонсогдоно. Музейн үзмэрүүд амилаагүй ээ. Язгуур урлагийн “Алтай” хамтлагийнхан удахгүй эхлүүлэх, сурагчдад монгол үндэсний язгуур урлагийн тухай цогц ойлголт өгөхийн зэрэгцээ олон нийтийн анхаарлыг эл музей рүү хандуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа нь энэ. Ерөнхий боловсролын сургуулийн 6-7 дугаар ангийн сурагчдын иргэний ёс зүйн боловсрол болон хөгжмийн хичээлийн хүрээнд олж авбал зохих мэдлэгийг нь баяжуулах, хамгийн гол нь гажуулж, гуйвуулаагүй мэдээлэл хүргэж, мэдлэг олгох нь уг хөтөлбөрийн зорилго. Мөн Театрын музейд буй хосгүй үнэт бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж, үнэ цэнийг нь тодотгох зорилготой юм байна. Хөтөлбөрийг санаачлагч нь хамтлагийн продюсер, хөгжимчин, соёл судлаач Д.Ганпүрэв бөгөөд уг ажилд багаараа хүчин зүтгэж байгаа аж.

Монгол үндэсний язгуур хөгжим гэж юу вэ, хэзээ, яаж бий болсон, хэн, хэрхэн тоглож ирсэн талаар судалгаанд үндэслэн дэлгэрэнгүй танилцуулахын тулд монголчуудын өвөг дээдэс, улмаар эртний монголчууд хэрхэн амьдарсан талаарх ойлголт ч өгөх шаардлагатай юм байна. Хүмүүс байгальд, өөрөөр хэлбэл, агуй, оромжид амьдардаг байсан үеэс эхлэн ярих тул орчныг дүрслэн тайзаа ийнхүү зассан аж. Агуй хэлбэрийн тайз бодит мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Биднийг очиход соёл судлаач Д.Ганпүрэв хөтөлбөрийг нь сонирхож, судлахаар ирсэн багш нарт Театрын музей дэх монгол хөгжмийн зэмсгүүдийг танилцуулж байсан юм. Морин хуур, шанз, ятга гээд олон төрлийн зэмсэг байв. Алдарт хуурч, Улсын алдарт гавьяат хөгжимчин Д.Түдэвийн 1950-иад онд тоглож байсан морин хуур ч байх юм. Мөн төрийн их ятгын тухай мэдэж авлаа. Энэ нь нүүдэлчдийн хөгжим бөгөөд монголчууд үүгээр XIII зуунд тоглож байжээ. Морин дээр явахдаа ч тоглодог учраас их биеэс доош чиглэсэн бас нэг гартай. Түүнийг нь гутлын түрийдээ “суулгаад” морин дээр тоглож явдаг тухай судар, номд бичсэн байдаг гэнэ. СУИС-ийнхан уг зэмсгийг сэргээсэн нь сайн ч музейд хадгалуулахдаа тайлбарт нь энэ мэт мэдээллийг багтаасан бол илүү сонирхолтой байж хэмээн бодлоо.

Лимбэ 43 мянган жилийн түүхтэй юм байна. Зэрлэг гахайн шилбээр урласан, гурван нүхтэй лимбэ Австри улсын Хиле хотын Угсаатны музейд байдаг нь үүнийг нотолдог гэнэ. Гурван нүхтэй зэмсгээс таван эгшиг гарах бүрэн боломжтой бөгөөд тэр үед хүн төрөлхтөнд бүтээлч сэтгэлгээ байсныг гэрчилнэ. БНХАУ-ын археологичид нарийн, 12 төрлийн хулсан лимбэ олсон нь МЭӨ 7000 жилийн тэртээ хүмүүс уг зэмсгээр тоглож байсныг илтгэх ажгуу. “Дэлхийн хөгжмийн түүхэнд судалгааны энэ мэт баримт бий атал бид хойч үедээ монгол хоньчин хүүхэд дэрсээр тоглож байгаад лимбэ хөгжмийг үүсгэсэн гэх зэргээр ойлгуулж болохгүй нь” хэмээн судлаач ярилаа.

Музейн үзмэрүүдтэй танилцах зуур хамтлагийнхан тоглосоор байв. Агуй хэлбэрийн тайз нь бараандуу ногоон, саарал өнгөтэй бөгөөд яг л хад, асгатай орчинд буй мэт. Хадны бичиг, буган чулуун хөшөө, түүдэг гал гээд дутуу зүйлгүй ажээ. Хамтлагийн ах дүү гурван биелээч дуу, хөгжмийн ая, эгшигт биелж эхлэх нь сэтгэлд өег агаад бүжгийн хөдөлгөөнөөр үзүүлж буй үйлдлүүдээс монголчуудын өдөр тутмын ахуй амьдралын тухай мэдээлэл авлаа.

Язгуур урлагийн “Алтай” хамтлагийн ахлагч нь морин хуурч А.Санчир. Б.Баасанжаргал ятгачин, Т.Арван хөөмийч, морин хуурч, “ард” хоолойгоор дуулдаг. Ах дүү гурвын том нь Б.Гүрбазар бөгөөд тэрбээр биелж, хөөмийлөхөөс гадна аман хуур, товшуураар хөгжимдөнө. Дүү Б.Ганзориг нь биелж, икэл, шагайгаар тоглодог. Бага дүү Б.Золжаргал биелж, хэнгэрэг цохидог. Харин Б.Амардалай морин хуур, их хуур тоглож, шахаа хоолойгоор хөөмийлдөг. Тэд бүгд язгуур урлагийн 4-14 дэх үеийн өвлөн уламжлагч юм билээ. Залуус бие, сэтгэл, бараг зүрхээрээ тоглох ч шиг. Сурагчдад хөгжмийн хичээлийг бодит “үзүүлэн”-тэй заасан түүх байдаг ч биз. Гэхдээ өнөө цагт хэр олон багш хичээлээ ингэж зааж буй бол. Мөн мэргэшсэн хамтлагийн тоглолт сонсгож, хичээлээ сурагчдынхаа ой тоонд ортол дархалдаг нь хэд бол.

Тоглолтын дараа соёл судлаач Д.Ганпүрэвийг “шалгаав”. Тэрбээр “Тохирсон орчинд богино хугацаанд сонирхолтойгоор өгсөн мэдлэг мартагдахгүй. Агуй, оромж ямар учиртай юм, хана, улмаар гэр хэзээ бий болсон бэ гэх зэргээс эхлүүлээд монгол ахуй, соёлын тухай суурь ойлголт өгч, язгуур урлаг, түүний дотор хөгжим, бий биелгээ зэргийн талаар тайлбарлахад хүүхэд хормын төдийд ойлгож, сэтгэлдээ гүн бат суулгана. Багш нар ч мэдлэгээ батжуулна. Мэдлэгийг чанартай олгодог сайн судлаач, эрдэмтэн, багш нар тэтгэвэрт гарчихсан. Дараа, дараагийн хүмүүс нь судалдаг, заадаг ч өмнөх үеийнхнийхээ энд хүрдэггүй. Үүнтэй холбоотойгоор уламжлалт соёл, урлагийн тухай суурь мэдлэг жил ирэх тусам сулраад байна. Тиймээс ханасан уусмал гэдэг шиг, мэдлэгээр ханасан эрдэмтдийн үгийг сурагчдад, тэдэнд хичээл заадаг багш нарт сонсгох нь юу юунаас илүү үнэ цэнтэй гэж үзсэн. Тухайлбал, амнаасаа унагасан үг болгон нь мэдлэг, эрдэм байдаг, “Монгол уламжлал” академийн ерөнхийлөгч, доктор Л.Дашням, угсаатан судлаач Тангад нараар 30-хан минутад маш гоё лекц уншуулахад л хангалттай. Ерөнхий боловсролын сургуулийн 7-8 дугаар ангийнханд зориулж хичээлд нь нэмэр болгохоор ийм ажлууд төлөвлөсөн.

Шилжилтийн насанд нь хүүхдэд мэдээллийг ул суурьтай, бодитоор өгөх нь Монголыг ирээдүйд авч явах иргэдийг ухаалаг, аливаад шинжлэх ухаанчаар ханддаг болгон төлөвшүүлэхэд тустай. Энэ нь иргэний боловсролын болон нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудал юм. Энд хөдлөх болон үл хөдлөх дурсгал, соёлын биет болон биет бус өвийн тухай мэдээллийг бодитоор үзүүлэхэд зориулсан үзэсгэлэн гаргах ёстой. Дахин хэлэхэд, сурах бичиг муутай холбоотой юм уу, энэ төрлийн хичээл заадаг багш нарын мэдлэг үнэхээр сул юм билээ. Тийм болохоор хоёр байгууллага хамтарч иргэдийн боловсрол, нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс ийм санаачилга гарган, ажлаа эхлээд байна. Бид төсөл, хөтөлбөрөө боловсрол, соёл, урлагийн буюу соён гэгээрлийн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Театрын музейн сан хөмрөгт байдаг хөрөг зургуудыг олон нийт мэддэггүй. Уг нь энэ хүмүүс Монголын театрын түүхэнд гавьяатай уран бүтээлчид. Түүхээ мэдэхгүй хүмүүс бүхий л асуудалд хайнга хандана. Хөгжим бол нийгмийн нэгээхэн хэсэг. Хөгжмийн хичээлийн сурах бичигт Монголын хоньчин хүүхдүүд лимбэ хөгжмийг үүсгэжээ гэж бичсэн гэхээр санаанд багтахгүй байгаа юм. Ялангуяа үндэсний өв соёлтой холбоотой мэдээллийг буруу өгч болохгүй. Энэ чинь бидэнд байгаа ганц баялаг. Тиймээс нийтээрээ зөв ойлголттой байх ёстой. Үндэстний ялгарах шинж, оюуны дархлаа шүү дээ. Тиймээс одооноос үндэсний хөгжмийн язгуур нь юу юм, ангилал зүй нь ямар байх, түүхийн үечлэлийг хэрхэн зөв тогтоох ёстой гэхчлэн хийх ажил маш их, судалгааны хоосон орон зай байна даа” гэлээ.

“Алтай” хамтлагийн тоглолтын дараа үзэгч хүүхдүүд, багшийн сэтгэгдлийг сонссон юм.

Д.ХҮЧТӨГӨЛДӨР (Спортын дунд сургуулийн долдугаар ангийн сурагч):

-Манайд хөгжмийн хичээлээр язгуур урлагийн тухай заадаг.

Тэгэхдээ үүн шиг хамтлаг тоглуулж, бүхнийг тайлбарлаж өгөөгүй л дээ. Энд сонирхолтой байна. “Алтай” хамтлагийг гурав, дөрвөн жилийн өмнөөс мэднэ. “Өвгөдийн сургаал” гэдэг дуу нь гоё. Иргэний ёс зүйн боловсрол, хөгжмийн хичээлийг энд заавал гоё л юм байна. Гэхдээ манай сургуулийн багш нар спортоо л гэдэг л дээ.

Г.ТЭРГҮҮНБАЯР (Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн долдугаар ангийн сурагч):

-Манай ангид есдүгээр сард ардын хөгжмийн тухай хичээл заасан. Исгэрээ гэж юу вэ гэх зэргийг мэдэж авлаа. Би ойлгосон. Бусад хүүхэд яасан юм, бүү мэд. Манай ангийн багшийг Мөнгөнцэцэг гэдэг. Иргэний ёс зүйн боловсролын хичээл заадаг. Багш “Алтай” хамтлагийнхны тоглолтыг үзвэл сурагчдадаа ч үзүүлье гэж бодож магадгүй. Энэ ах, эгч нарын нэг нь л гэхэд хөгжимдөж, дуулж, хөөмийлж, зарим нь биелгээ хийдэг нь сонирхолтой.

Г.МӨНХБААСАН (Ерөнхий боловсролын “Гэрэлт ирээдүй” дунд сургуулийн иргэний боловсрол, ёс зүйн хичээлийн багш):

-Зургаа, долдугаар ангийн сурагчдад иргэний ёс зүйн боловсрол хичээлийн хүрээнд нэмэлт мэдээлэл өгөөд зогсохгүй 9-11 дүгээр ангийн нийгмийн ухааны хичээлийн “Соёл” бүлэгтэй уялдуулж болмоор санагдлаа. Уг бүлгийн хичээлээр заадаг агуулга нь сурагчдаар соёлын өвийг ялгуулах, ангилуулах төдий байдаг. Ингэхдээ зураг үзүүлж, ярьдаг. Хүүхдүүд цээжилснээрээ хариулдаг. Ийм материаллаг хэрэглэгдэхүүн аль ч сургуульд байхгүй. Сурагчдын төдийгүй багш нарын мэдлэгийг нэмэх чухал ажил санаачилжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)