Агаарын шугамыг дутуу зассанаас хоёр аймаг дөрвөн хоног цахилгаангүй байх нь

Булган, Архангайд өнгөрсөн сарын сүүлчээр хүчтэй салхилан, аадар орсны улмаас Эрдэнэт, Булганы чиглэлийн цахилгаан дамжуулах 110 кВ-ын агаарын шугамд ноцтой гэмтэл гарсан. 14 тулгуур багана хугарч унаснаас зургаан аймгийн 150-иад сум цахилгаангүй гурав хоносон билээ.

Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг тухайн үед шуурхай ажиллан, гэмтлийг зассан талаар мэдээлж байв. Тэгвэл инженерүүд буруу холболт хийснээс агаарын шугамд дахин гэмтэл гарч, Архангай, Өвөрхангай аймаг цахилгаангүй дөрөв хоноход хүрчээ.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийнхнөөс лавлахад “Засварын ажил өнөө орой (өчигдөр)-ноос эхэлнэ гэж аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийнхөн хэллээ. Арвайхээр хотын 290 жилийн ой болох гэж байгаа учраас энэ ажил хойшилж магадгүй. Ямартай ч засвар хийхдээ алдаа гаргасан бололтой” гэв.

Харин Архангай аймгийн удирдлага “Яг ямар шалтгаанаар цахилгаан хязгаарлах гэж байгааг мэдэхгүй. IV ДЦС-ынхан засах юм гэсэн” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)