Агаарын тээврийн либералчлалд амь орох “Изинис”

-МИАТ хадны завсарт хавчуулагджээ-

Үйл ажиллагааг нь эргэн сэргээж буй “Изинис эйрвэйз” авиа компани хаашаа нисэх вэ? Үндэсний хөрөнгө оруулагч “Ньюком” компани 2006 онд “Изинис”-ийг дотоодын нислэг үйлдэх зорилгоор байгуулсан түүхтэй. Орон нутгийн 14 чиглэл, мөн ӨМӨЗО-ы Хайлаар хот руу нислэг үйлддэг болтлоо өргөжсөн тус компани 2014 оны хавар дампуурлаа гэнэт зарласан.

Тоймгүй их алдагдал үүрч, өр ширэнд баригдсан учраас татан буулгахаас өөр арга байсангүй гэж тухайн үед “Ньюком” компанийн удирдлага тайлбарлаж байв. Учир мэдэх хүмүүс “Изинис эйрвэйз” компанийг найдвартай нислэг үйлдэх зорилгоор нас залуу онгоц өндөр үнээр түрээсэлж байсан учраас “Аэромонголиа”, “Хүннү эйр” зэрэг өрсөлдөгчдөө ялагдсан гэж ярьдаг.

“Изинис эйрвэйз”-ийг эцэг компани нь дахин амьдруулж, агаарт хөөргөх гээгүй аж. Харин “Ньюком”-ынхон авиа компаниа хөрөнгө оруулагчдад худалджээ. Монголын нөлөө бүхий 13 улстөрч, бизнесмэнийн хөрөнгө оруулалтаар “Изинис” эргэн сэргэж байгаа гэнэ.

Ингэхдээ ихээхэн том амбийц өвөртөлснийг эх сурвалжууд дуулгалаа. “Изинис” авиа компани Баян-Өлгий аймаг руу ч юм уу, эвсэл Хайлаар руу зорчигч тээвэрлэхгүй юм байх. Энэ компанийн том амбийц бол Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх гэнэ.

Энэ чиглэлд төрийн бодлогоор МИАТ компани дангаар ноёрхож байгааг бид мэднэ. Тодруулбал, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 3.8-д “Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх бэлтгэлийг хангах зорилгоор үндэсний агаарын тээвэрлэгчийн олон улсын үндсэн нислэгийн чиглэлд (Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар) хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байх, бусад тээвэрлэгчийг олон улсын бусад шугамд, орон нутаг, бүс нутгийн шугамд хуваарилах зарчмаар агаарын тээврийн зах зээлийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтална” гэж заасан.

Зам, тээврийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ ам нээх болгондоо агаарын тээврийг либералчилна хэмээн ярих болов. Тэрбээр иргэдэд хямд үнээр зорчих боломж олгох, МИАТ-ийг өрсөлдөөнд оруулж, үргүй зардлыг нь багасгах зорилгоор либералчлал хийх хэрэгтэй гэж тайлбарлаж буй.

Салбарын сайдын бодлогоос улбаалаад УИХ Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 хүртэл баримтлах бодлогыг “задлах”-аар тун удахгүй хэлэлцэх нь мадаггүй.

МИАТ-ийг төрөөс дэмжих бодлогыг “задлах”санаачилгын ард “Изинис эйрвэйз”-ийг хөлд оруулах амбийц явж байгаа юм биш үү. Нэгэн эх сурвалж “Энэ бол Ч.Хоролсүрэн нарын хийж байгаа ажил” гэж эрс шулуун хэлэв.


...Улс орон бүр аюул, гамшиг, албан айлчлал гэх мэт шаардлагатай тохиолдолд өөрийн дураар унах тээвэрлэгчтэй байхыг эрмэлздэг. Тэгвэл чөлөөт өрсөлдөөний хаана нь үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжих бодлого үлдэх гээд байна вэ? Либералчлалын дүнд төрийн өмчит компани дампуураад, хувийнх нь торойгоод үлдэх юм биш үү. Либералчлах бодлоготой зэрэгцүүлээд МИАТ-ийг хувьчилна гэсэн яриа Зам, тээврийн сайдын амнаас гарлаа. Ингэнгүүт энэ салбарынхан хардах эрхээ ханатлаа эдэлж эхлэв. “Изинис”-тэй өрсөлдүүлж МИАТ-ийг доройтуулаад хямдхан хувьчлах нь байна гэж тэд болгоомжилж байна...


Ч.Хоролсүрэн өмнө нь МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан хүн. Дайны эрсдэлийн сан нэрээр их хэмжээний мөнгө цувчуулсан хэргээр түүнд шүүх ял оноож байв. Ч.Хоролсүрэн нь юутай ч эргэн сэргээж буй “Изинис”-тэй холбоотой бололтой.

Түүнтэй хэн гар нийлж байна вэ? Дээр дурдсан нэр нөлөө бүхий 13 улстөрч, бизнесмэний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын хөрөнгө байгааг өөр нэгэн эх сурвалж дуулгасан юм. Цаашлаад банкны эзэд гэх мэт нэлээд хүчтэй баг хөрөнгө оруулсан сурагтай. Хүчтэй бүлэглэлийн лообий төрийн бодлогод нөлөөлж байна гэж хардах үндэслэл бий аж.

УИХ-аар хэлэлцэж байж МИАТ-ийн ашгийнхаа дийлэнхийг олдог нислэгийн чиглэлийг либералчилна. Өөрөөр хэлбэл, өөр авиа компани энэ чиглэлд нислэг үйлдэх эрхийг нээнэ гэсэн үг. Агаарын тээвэр бол маш болгоомжтой хандах, үндэсний аюулгүй байдлын түвшинд авч хэлэлцэх ёстой салбар. Тиймээс халуухан хэлэлцүүлэг болох нь дамжиггүй.

Зах зээлд шилжсэнээс хойш олон жил алдагдалтай ажиллаж, нислэгийн чиглэл, дагалдах бизнес нь хөгжин, одоо л нэг хөл дээрээ тогтох итгэл найдвар тээж буй МИАТ компанийнхан агаарын тээврийг либералчлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм байр суурьтай байгаагаа ч тус компанийн удирдлага хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн.

Хэрэв агаарын тээврийн бодлогыг либералчлаад, МИАТ хамгийн ашигтай ажилладаг чиглэлд өрсөлдөөн үүсвэл ямар нөхцөл бий болох вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Сөүл, Бээжингийн чиглэлд МИАТ-ийн онгоц дүүрэн зорчигчтой нисдэггүй.

МИАТ компани 2017 онд Улаанбаатар-Бээжин-Улаанбаатарын чиглэлд 280 мянган суудал гаргажээ. Тэгвэл 200 гаруй мянган зорчигч тээвэрлэсэн байна. Мөн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлд 387 мянган суудал гаргасан статистик бий. Харин 332 мянган зорчигч тээвэрлэжээ. “Изинис эйрвэйз” компани дээрх чиглэлд МИАТ-тэй зэрэгцэж нисвэл зорчигчийг нь хувааж таарна. Илүү хямд тийз санал болговол үйлчлүүлэгчдийг нь булаана.

Ашиг олдог чиглэлийнхээ зорчигчийг буулгачихвал үндэсний агаарын тээвэрлэгч алдагдалтай ажиллаж, амьд үлдэх, эсэх нь эргэлзээтэй болох нь гарцаагүй. Угтаа Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого нь үндэсний агаарын тээвэрлэгчээ хөл дээр нь бат зогсоох зорилготой байсан юм. Харин энэ бодлогыг “задлах” санаачилгын ард ямар ололт, дэвшил байгааг тааварлашгүй.

Аялал жуулчлал хөгжүүлэх, иргэддээ хямд үнээр үйлчлэх нэрийн дор үндэсний агаарын тээвэрлэгчээ дампууруулсан жишээ маш олон бий. Аливаа улс, ялангуяа манайх шиг жижиг орон үндэсний агаарын тээвэрлэгчээ хөл дээр нь босгож, хэнтэй ч өрсөлдөхүйц хүч тамиртай болгосны дараа агаарын тээврээ аажмаар либералчилдаг.

Дэлхийн олон оронд үндэсний агаарын тээвэрлэгчээ төрөөс бодлогоор дэмжиж, бүхнээс дээгүүр тавьдаг жишиг бий. Улс орон бүр аюул, гамшиг, албан айлчлал гэх мэт шаардлагатай тохиолдолд өөрийн дураар унах тээвэрлэгчтэй байхыг эрмэлздэг.

Тэгвэл чөлөөт өрсөлдөөний хаана нь үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжих бодлого үлдэх гээд байна вэ? Либералчлалын дүнд төрийн өмчит компани дампуураад, хувийнх нь торойгоод үлдэх юм биш үү.

Либералчлах бодлоготой зэрэгцүүлээд МИАТ-ийг хувьчилна гэсэн яриа Зам, тээврийн сайдын амнаас гарлаа. Ингэнгүүт энэ салбарынхан хардах эрхээ ханатлаа эдэлж эхлэв. “Изинис”-тэй өрсөлдүүлж МИАТ-ийг доройтуулаад хямдхан хувьчлах нь байна гэж тэд болгоомжилж байна.

Засгийн газар төрийн өмчийг үнэд оруулж байж хувьчлах тухай ихээхэн ярьдаг. Энэ нь ч зүйд нийцэх шийдэл юм. Өнөөдрийн нөхцөлд МИАТ-ийг өрсөлдөөнд оруулаад, дараа нь хувьчлах шийдэл тун оновчгүй харагдаж байгаа.

“Изинис эйрвэйз”-ийг эргэн сэргээж буй хөрөнгө оруулагчид МИАТ-ийн хувьчлалд оролцож яагаад болохгүй гэж. МИАТ-ийн 49 хувийг хөрөнгө оруулагчид эзэмшээд үйл ажиллагааг нь сайжруулбал үндэсний агаарын тээвэрлэгч статустай компани нь томорч, торойх бус уу.

“Хүчээ нэгтгэе” уриатай төр, хувийн хэвшлийн хаврын чуулганаар Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо танилцуулсан. Энэ бодлогын хүрээнд хэрэгжүүлэх нэг арга хэмжээ нь агаарын тээврийг либералчлах байв.

Гурван тулгуурт бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэж, үндэсний агаарын тээвэрлэгчээ томруулах ёстой бус уу. Гэтэл хүчийг нь тарамдуулах бодлого хэрэгжүүлэх гээд ч байх шиг.

Төрийн өмчит МИАТ компанийн зах зээлээс “Изинис эйрвэйз” хуваалцаж болзошгүй нөхцөл нэгэнт бүрджээ. Эл компанид учирсан аюул дан ганц энэ биш юм. “Туркиш эйрлайнс” компаниас тавьж буй, долоо хоногт 1000 зорчигт тээвэрлэх санал ч тэднийг айлгаж байгаа.

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 3.9-д “Гадаад улсын үндсэн нислэгийн чиглэлээс Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд “нэг шугам-нэг тээвэрлэгч” бодлого баримталж, үндэсний компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, ижил тэнцүү орчинд өрсөлдөх боломж бүрдүүлнэ” гэсэн заалтыг өөрчилж, бусдад давуу эрх олговол “Туркиш эйрлайнс”-ынхны тавьж буй саналыг дэмжих эрх зүйн боломж нээгдэнэ.

“Туркиш эйрлайнс” компани Истанбулаас манай руу том онгоцоор олон хүн тээвэрлэдэг болбол МИАТ-ээр Бээжингээр дамжиж, баруун руу нисдэг зорчигчдоос хумслах нь дамжиггүй. Энэ талаар дараа дэлгэрэнгүй хөндөх болно.

МИАТ компани хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг амь тэмцэх цаг ирэх юм биш биз.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)