Агаарын бохирдлыг 2021 он гэхэд 80 хувиар бууруулна гэв

 УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Уг төсөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Ингэснээр байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувийг хамгаалах боломж бүрдэх бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10 483 га-гаар нэмэгдэх юм байна. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн баталсан төсвөөс гаргахаар зохицуулжээ. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх болов.

Мөн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Ингэхдээ барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоохоор тусгажээ. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын Хамгаалалтын арга хэмжээний хэлэлцээрт нийцүүлэн журам батлах, хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын тоо хэмжээний хязгаар болон гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоохоор тусгав.

Үргэлжлүүлэн Агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссон юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн агаар дахь PM 2.5 тоосонцрын агууламж нь 2016-2017 оныхоос 52, 2017-2018 оныхоос 48, 2018-2019 оныхоос 41 хувиар буурсныг салбарын сайд онцоллоо. Мөн сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль батлуулснаа дурдаад, гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг нийслэлд 100, орон нутагт 50 хувь хөнгөлсөн гэв. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан цогц арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлбэл 2021 онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах гэнэ.

Хуучирсан автомашин, техник хэрэгсэл нь агаарын бохирдолд тодорхой нөлөө үзүүлж байгааг Д.Лүндээжанцан гишүүн энэ үеэр хөндлөө. Түүний лавласны дагуу Эрчим хүчний сайд “Цахилгаан нөөцлүүртэй халаагуурыг хэрэглээнд нэвтрүүлэхээр судалж байгаа. Үнэ нь хямд байхад буюу шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулаад, түүгээрээ өдрийн турш халаадаг технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Амжилттай болбол 100 мянга орчим өрх эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай, нано халаагуур хэрэглэх боломж бүрдэх юм. Уг технологийг хэрэглээнд нэвтрүүлж, иргэдэд зээлээр олгохоор бол хүүг нь 50 хувь хөнгөлөх “ногоон зээл”-д хамрагдах боломж бүрдүүлнэ. Үүнийг арилжааны банкууд дэмжиж байгаа” гэв. Ийнхүү Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авснаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)