Авьяас билгээ тордон хөгжүүл

Н.БАГАБАНДИ

Авьяас нь хүнд хайрласан онцгой бөгөөд ховор бэлэг. Тэрхүү ховор, үнэт бэлгийг байгаль эх хайрладаг гэж нэг хэсэг нь ярьдаг бол нөгөө хэсэг нь яах аргагүй тэнгэр бурхны хишиг гэж үзнэ. Авьяас тэнгэр бурхны хишиг мөн юм бол хүн болгонд авьяасын үр хөврөл, гарваль үндэс байх ёстой. Яагаад гэвэл тэнгэр бурханд алагчлах үзэл үгүй бөгөөд хүн болгонд анхны өгөгдөхүүнийг адил хайрласан байж таарна. Тэгвэл яагаад цөөн хүн тас харанхуй шөнө тэнгэрт гялалзах одод адил бусдаас тод ялгаран онцгойрч, авьяас билгээрээ шагшигдан гайхагддаг хэрэг вэ? Авьяасын үр хөврөл надад байна гэдгээ мэдэрч, түүнийгээ тордон хөгжүүлсэн хэсэг нь онцгой авьяастан болон тодордог байна. Их зохиолч А.П.Чехов “Авьяас гэдэг нь юуны өмнө хөдөлмөр юм” гэсэн бол хөгжмийн алдар суут зохиолч П.И.Чайковский ”Их авьяас их хөдөлмөрлөхийг шаарддаг” хэмээсэн байна.

Хүн төрөлхтөн авьяасыг нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн эдгээр суутан авьяас нь хөдөлмөрөөр хөгждөг гэдгийг өөрсдийн үзсэн амьдрал, туулсан туршлага дээрээ үндэслэн тодорхойлж хэлжээ. Амжилтад хүрч, түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс өөрсдийнх нь амжилтын цөөн хувь нь төрөлх авьяастай нь холбоотойг хэлж, ихэнх нь нөр их хөдөлмөрийн үр дүнгээр бүтсэнийг дурссан байна. Авьяастнууд хийж буй зүйлдээ сэтгэлээ бүрэн шингээж, жижиг сажиг, аахар шаахар зүйлд ч маш нягт нямбай хандаж, үйл хэрэгтээ өөрт байгаа бүхнээ зориулдаг. Хийж байгаа зүйлдээ байгаа бүхнээ зориулж, өөрийнх нь хайрласан хишгийг тордон хөгжүүлж байгаа хүнд тэнгэр бурхан мутраа сунган адислаж, эргэн тойрных нь бүхий л зүйлс дэмжин тусална. Өөрөө өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг билээ. Өөрийгөө орхиж, гаргуунд нь хаясан хүн бурхны мэлмийд өртөж, мутрын адисыг нь хүртэх хувьгүй мартагдана.

Авьяастай гэдгээ мэдрэх нь онцгой чухал. Авьяастай хүн бүхий л зүйлд эвсэл сайтай, оюун ухаан сийрэг байхын хамт тодорхой нэгэн чиглэл нь гоц гойд хөгжсөн байна. Ямар нэг чиглэлд авьяастай гэдгээ мэдэрч, түүнийг эзэмдэж байна гэдэгтээ итгэлтэй байж л авьяасаа хөгжүүлэн төгөлдөржүүлэх уртын урт аян замд гарна. “Жинхэнэ авьяас ямар гол шинжтэй вэ? Энэ нь байнга хөгжиж, байнга өөрөө боловсронгуй болж байх явдал юм” (В.В.Стасов). Авьяасыг хөгжүүлэх наад захын хоёр арга зам бий. Нэг нь бусдаас шимтэн суралцах, нөгөөх нь өөрөө шамдан хөдөлмөрлөх юм. Өмнөх үеийн сайн оюунт, сод ухаант хүмүүсийн бүтээснээс шимтэн суралцаж, оюун ухаанаа тэлж, ур чадвараа зүлгэж байж авьяас алхам алхмаар хөгжин, боловсронгуй болно. Аугаа их И.Ньютон “Хэрвээ би бусдаас хол харсан бол мундаг аваргуудын мөрөн дээр зогсож байсных болой” гэж өмнөх суутнуудын бүтээснээс суралцаж, нээлт хийснээ уран сайхнаар дүрслэн хэлжээ. Манай энэ цаг үеийн хөгжмийн оргилуудын нэг, ардын цолтон Н.Жанцанноров ардын урлагийн өв сангаас байнга суралцдаг тухайгаа дурдаад, би тэндээс сурахгүй, санаа сэдэл авахгүй бол өөр хаанаас сурах юм бэ гэж эрс шулуун хэлэхийг сонслоо. Авьяастнууд өнгөрсөн болон өөрийн үеийнхнээсээ байнга суралцаж, авьяас билгээ зүлгэн хөгжүүлсээр байдаг байна.

Монголын орчин цагийн утга зохиол, сэтгүүл зүйн салбарын нэгэн сүмбэр оргил нь Ардын уран зохиолч Лодонгийн Түдэв гуай гэдгийг үгүйсгэн маргах хүн байхгүй биз ээ. Л.Түдэв гуай туйлын ажилсаг хөдөлмөрч, насан туршдаа цаг нартай уралдан бүтээн туурвиж, авьяас билгээ тордон хөгжүүлсэн зохиолч. Түүнийг хэчнээн боть ном туурвисан тоог нарийн сайн мэдэхгүй, надад өөрөө бэлэглэсэн бүтээл нь одоогоор дөч гаруй боть ном байна. Хоногийн хорин дөрвөн цагийг уртасган сунгах боломжгүй. Тиймээс ажилсаг, бүтээлч хүмүүс цагийг алтнаас ч илүү үнэлдэг бөгөөд бүтээх цагаа уртасгахын тулд амьдралдаа дэглэм журам тогтоож, махран чармайн хөдөлмөрлөнө. Горим зөвтэй амьдарсан хүн бүтээлч байдаг ажээ. Л.Түдэв гуайтай хамт ажиллаж байсан нөхөд нь түүний ажил, амьдралын горим дэглэм, дүрэм журмыг гайхан шагшин ярьцгаадаг. Ямар ч их ажилтай байсан Л.Түдэв эрхлэгч оройн 18 цагт ажлаасаа гарч явна. Өөрт зориулах цаг нь орой үдэш, өглөө эртийн цөөн цаг. Энэ цаг хугацааг зохиол бүтээлээ бичиж туурвихад зориулдаг гэсэн гэж бахархан ярина. Л.Түдэв гуай чөлөөт уран бүтээлч байгаагүй, олон арван жил өндөр албан тушаал хашсан. Цаг завгүй, хариуцлагатай ажил хийгээд, өөрт ногдсон багахан цагт тийм олон боть ном туурвина гэдэг үнэхээр гайхалтай. Залуучуудын байгууллагад түүнтэй хамт ажиллаж байсан миний танил “Л.Түдэв дарга үнэхээр гайхамшигтай хөдөлмөрч, бичиг хэргийн зүйрлэшгүй өндөр чадвартай хүн. Гадаадад томилолтоор яваад ирэхэд нь бид тохойноос өндөр олон хуудас бичиг танилцуулахаар өглөө ширээн дээр нь тавихад өдөртөө л бүгдтэй нь танилцаад, улаан эрээн болгож засаад тавьчихсан байдагсан” гэж бахархан ярьж байсан. Зөвхөн бичиг баримттай танилцах бус, өчнөөн олон уулзалт, хурал өдрийн ажлын хуваарьт нь байгаа хэрэг.

Дээр нь Л.Түдэв гуайд мэдэхгүй, сонирхохгүй юм гэж байхгүй, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн нарийн ширийн зүйлээс авхуулаад хөгшид өвгөдийн түүх шастир, эрт эдүгээ, ирээдүй хойч, эх орон, дэлхий ертөнц гээд бүгдийг мэдчихсэн байдаг сан. Хэдийдээ тэр их зүйлийг уншиж мэдээд, ой тойндоо тогтоочихсон байдаг юм бэ, үнэхээр гайхамшигтай гэж бялдуучлах ямар ч шаардлагагүй, өөрийг нь мэдэх хүмүүс ярьдаг юм. Хөдөлмөр нь заншил болон тогтож, бие сэтгэлд нь бүрмөсөн шингэж орсон бүтээлч хүн ийнхүү ажил хөдөлмөрөөр авьяас билгээ тордон хөгжүүлсээр товойн ялгардаг байна. Онцгой эрчим, онцгой ажиллах чадваргүй бол авьяас заяалаа ч чансаатай цөөнийг ч, дорвитой ихийг ч бүтээж эс чадах билээ. Үргэлжилсэн үгийн зохиолын их мастер Александр Дюма маш их хөдөлмөрч нэгэн байсан байна. Тэрбээр дөчин жилийн турш өдөрт 16 цагийг зохиол бүтээлээ туурвихад зориулдаг байжээ. “Хөдөлмөрлөхгүй авьяас бол түргэн зуур нүд гялбуулаад, дараа нь юу ч үлддэггүй галын наадамтай адилхан” (Мартин дю Гар Роже).

Өөртөө итгэх итгэл, тухайн зүйлдээ чин сэтгэлээсээ дуртай байх нь авьяасаа хөгжүүлэх гол хөшүүрэг юм. Авьяас нь ажил хэрэгт дуртай мэдрэмжээс дэвжиж хөгждөг. Дургүй зүйлээ хийж оромдсоор авьяас нь товойн тодорсон тохиолдол орчлонд үгүй биз ээ. Өөртөө итгэх итгэл үгүй бол авьяас хөшиж царцана. Амжилттай яваа хүмүүсийн нэг онцлог нь тэдний юмс үзэгдэлд хандах хандлага юм. Тэд үйл явдалд ямагт эерэг хандана. Эерэг бодол хандлагаас л эерэг үр дүн тодордог билээ. Авьяастнууд тодорхой нэгэн зүйлд анхаарлаа гүн гүнзгий хандуулж, гүн бат төвлөрүүлж бүтээн туурвина. Эрдэмтэн И.П.Павлов “Суут гэдэг бол судалж буй зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх дээд зэргийн чанар мөн” гэж дүгнэжээ. Суут эрдэмтэн А.Эйнштейн сахлаа хусахдаа биеийн савангаа хэрэглэчихдэг байж. Сахлын саван яагаад хэрэглэдэггүй юм бэ гэж асуухад олон саван нэг дор байвал толгой эргүүлж, анхаарал сарниулахын нэмэр гэсэн гэнэ. Авьяастнууд бусдаас өөрөөр, тэгэхдээ томоор, холыг харж, өргөн цар хүрээтэй сэтгэнэ. Тэдний ургуулан бодох чадвар гойд хөгжилтэй, юмсыг ер бусын байдлаар харж дүгнэнэ. “Зарим хүн юмсыг байгаа чигээр нь хараад, яагаад гэдэг асуулт тавьдаг. Харин би юмсыг хэзээ ч байгаагүй хэлбэрээр нь харж, яагаад болохгүй гэж асуудаг” хэмээн Бернард Шоу бичжээ. Авьяастан жирийн хүмүүсийн олж хараагүйг тодоос тод харна, хүмүүсийн чихээрээ сонсохгүй байгаа зүйлийг дотоод сэтгэлдээ сонсоно, мэдрэхгүй байгаа зүйлийг зүрх сэтгэлээрээ соргог мэдэрнэ.

Авьяастнууд бол үнэний эрэлчид, аугаа үйлсийг бүтээгчид. “Үнэн бус зүйл аугаа их байж чадахгүй” (Г.Лессинг). Хөгжмийн суут зохиолч Л.Бетховен бурхан надад үнэнийг чанга хашхирч хэлдэг юм гэж ярьдаг байж. “Суу билигтнээс шаарддаг ганц зүйл бол үнэнд дуртай байх явдал”(И. Гёте). Авьяастныг араас нь түлхэх юм уу, гараас нь хөтөлж чангаах хэрэггүй, тэд өөрсдөө замаа гарган, бусдыг дагуулан өмнө нь явцгаадаг.

Авьяастныг хүмүүс ойлгохгүй байх нь түгээмэл тохиолдол. Тэдний зан ааш, юманд хандах хандлага, сэтгэх сэтгэлгээ, үнэлэх үнэлэмж арай өөр. Нийгмээс түрүүлж харж, урьтаж сэтгэн, урд нь явдаг болохоор ганцаардах, тэр ч бүү хэл хажиглагдан гадуурхагдах нь элбэг. Тийм ч учраас их зохиолч Ф.М.Достоевский “Хүмүүс тэднийг ойлгож, хөөрхий дөө гэж хандах явдал авьяастнуудад хэрэгтэй байдаг” гэж өмгөөлсөн байна.

Авьяасаа төгөлдөржүүлэн хөгжүүлье гэвэл мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй. Мэдрэмж тодорхой нөхцөлд хүч чадлыг орлож чадна. Авьяас хүнийг тэнгэрт дүүлэн нисгэх болно. Гэхдээ тэнгэрт цойлон ниссэн болгон газартаа буцаж буудгийг мартаж болохгүй. “Дээшээ товойж гарах амархан, энэ түвшиндээ өөрөө биеэ дааж үлдэх хэцүү” (Ж.Мишле). Гайхамшигт авьяастан Чарли Чаплин охиндоо бичсэн захидалдаа “Чи минь Монголын хаанд богтлогдсон Персийн гүнжийн дүрд хувилан бүжиглэж буйг мэднэ ээ. Гоо үзэсгэлэнгээ гайхуулан бүжиглэ, охин минь. Од болон гялалз, охин минь. Тэгэвч үзэгчдийн алга ташилт, уухайн дуунд мансуурч, цэцэгсийн үнэрт толгой эргэж эхэлбэл эцгийнхээ захидлыг уншиж, зүрх сэтгэлээ сонсоорой” гэж бичжээ. Авьяастан зүрх сэтгэлээ байнга сонсож байх хэрэгтэй. Чамд авьяас байгаа. Авьяас билгээ тордож хөгжүүлээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)