Авьяасын цуглуулга буюу уулга алдуулсан 40 хором

Үндэсний соёл амралтын хүрээлэнд гурван давхар байшинтай тэнцэхүйц явуулын асар босгожээ. Дотогш ормогц эрдэнэ шишийн үнэр ханхийж, хүүхдүүд шуугилдан, орос зохион байгуулагчид далайн гахайн хэлбэртэй дурсгалын зүйлс, шаар худалдаж буйтай таарлаа. “Монретранс” компанийн санаачилгаар “Московский дельфинарий” далайн амьтдын явуулын циркийнхэн Монголд ирсэн нь энэ.

Далайд гарцгүй манай орны хүүхдүүдэд дельфин харах завшаан олгох энэ ажлаа тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас төлөвлөсөн бөгөөд энэ байгууламжийг барихад гурван долоо хоног зарцуулсан гэнэ.Танхимын голд буй усан санд далайн гурван гахай айвуу тайван сэлж байснаа хөгжим эгшиглэж, тоглолт эхлэх дөхөхөд усаа ийш, тийш цацруулан сэргэлээ. “Аав” Вася 15, “ээж” Катя нь 13 настай бол тэдний “хүү” Дэйзн хоёртой. Гурван метр гүн, 18 метрийн диаметртэй эл санг 500 куб усаар дүүргэжээ.

Ингэхдээ тэдний амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд цэвэр усанд 18 тонн давс хийсэн байна. Сар гаруйн хугацаанд монгол багачуудыг баясгах тэднийг хооллохоор таван тонн загас авчирсан юм билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч нээлтийн тоглолтоо хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлсэн юм. Инээмсэглэж буй мэт нүдэнд дулаахан төрхтэй, нөхөрсөг энэ амьтан хүүхдийн сэтгэцэд эерэгээр нөлөөлж, аутизм өвчнийг эмчлэхэд тусалдаг юм билээ.

Олон улсын хэмжээний дасгалжуулагч Андрейн заавраар тэд вальс эргэж, танго, брейк бүжиглэн, зураг зурж, гурван давхар цагариг хошуугаараа эргүүлж үзүүлэхэд танхимд буй 500 гаруй хүүхэд уулга алдан алга ташицгааж байлаа. Сургагчийнхаа гарын хөдөлгөөний аясаар төрөл бүрийн авиа өнгө хоршуулан гаргаж буй нь эгээ л хормейстер найрал дуу удирдаж буйг санагдуулав.

Өмнө нь Монголд тоглож байсан амьтад сургагчийнхаа үгэнд оролгүй эвгүй байдалд оруулж байхтай таарсан ч далайн гахай ер алдаа гаргалгүй, хэзээний л тайзыг эзэгнэж, үзэгчдийн алга ташилтад улам урамшиж байсан юм. Амьтан сургагч Андрей “Би тэдэнтэй ажиллаад таван жил боллоо. Амьдрал дээр хийдэг хөдөлгөөнүүдийг нь уран сайхны аргаар найруулан, командалж буй болохоор далайн гахай амархан суралцдаг” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)