Авьяасыг үнэлье, алдаагаа залруулъя

Дэлхийн дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн, авьяаслаг төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн “Дэлхийн хэмжээнд мэргэжлийн, сонирхогч гэж ялгахаа больж байна” гэсэн гарчигтай ярилцлага өмнө минь байна. Тэрбээр энэ өдрүүдэд Испани улсын Уэска хотноо өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаан зохион байгуулж буй. Монгол Улсыг төлөөлөн Хөгжим бүжгийн коллежийн сурагчид Уэскагийн уралдаанд идэвхтэй оролцдог байсан бол энэ удаа Монголын хүүхдийн ордны зургаан сурагч тэдэн дээр нэмэгдэн авьяасаа сорих болжээ.

Орос, БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Итали, Испани, Канад зэрэг орны 53 авьяастан энэ уралдаанд оролцож, мэргэжлийн шүүгчдээс үнэлгээ сонсоно. Гэхдээ шүүгч нар хэн нь сонирхон суралцагч, хэн нь мэргэжлийн сургуулийнх вэ гэдэгт ач холбогдол өгөхгүй. Үүнийг л төгөлдөр хуурч бүсгүй онцолжээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын гэргий Д.Наранцацрал олон жил төгөлдөр хуурч шавь нараа бэлтгэн гадаадын уралдаанд амжилт гаргаж буй. Хоёр жилийн өмнө Францын Монтре Ле Биан хотод болсон 17 дахь удаагийн өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны гран прийг хүртэж байсан Э.Цовоо, Б.Анударь нар нэг л жишээ нь. Тэд том уралдааны тэргүүн шагналыг хүртсэн хэдий ч Монголдоо бол сонирхогч хэвээрээ. Соёл урлагийн их сургууль, эсвэл Хөгжим бүжгийн коллежид элсэн суралцахгүй л бол тэд хэзээ ч Монголд мэргэжлийн төгөлдөр хуурч болж чадахгүй.

Гэтэл энэ шударга гэж үү. Улаанбаатар хотод төгөлдөр хуурын сургалтын олон төв бий. Түүний зэрэгцээ ХБК, СУИС-ийн багш нар, мэргэжлийн хөгжимчид ч шавь сургалтаар ирээдүй хойчоо бэлтгэж байгаа. Харамсалтай нь, энэ бүхэн боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тэр ч бүү хэл БСШУСЯ-ны харьяалах асуудалд төгөлдөр хуур, балет, уран зураг болон урлагийн бусад чиглэлийн сургалтын төвийн үйл ажиллагаа хамаардаггүй. Албан бус боловсрол олгож, мэргэшүүлж байгаа гэж үзээд Хөдөлмөр, нийгмийн хамгаалаллын яамны харьяалах ажил болгон хуваарилсан байх юм.

Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Монголын үндэсний балетын сургууль байгуулан мэргэжлийн ангид сурагчид элсүүлэн, тэдэнд “Бостон балет” компанийн хөтөлбөрийн дагуу хичээл зааж буй. Энэ сургууль ч албан ёсоор БСШУСЯ-нд хамаарахгүй нь. БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийнхэн бол Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хичээлийг л урлагийн боловсрол олгож буй хэлбэр гэж үзэж байсан. Хүүхдийг урлагаар дамжуулан хөгжүүлэхийн ач тусыг дэлхий нийт хэдийнэ хүлээн зөвшөөрчихөөд байгаа.

Монголд ч бас хөгжим судлаач болон мэргэжлийн багш нар урлаг хүүхдийг хэрхэн бүтээлч болгож, баруун тархийг нь хөгжүүлдэг тухай ярьсаар л байна. Жирийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Х.Тамир найман жилийн турш балетаар тасралтгүй хичээллэж, Ц.Жаргалан багшид шавилан суралцсаар Сөүлийн уралдаанд амжилттай оролцож, тэндхийн балетын сургуульд сурах урилга хүртэл гардсан жишээг мөн энд дурдаж болно. Найман жилийн турш ХБК-ийн сурагчдаас дутахгүй хичээл зүтгэл, цаг заваа зориулж суралцсан болохоор тэр үнэлэгдэж чадсан. Гэтэл Монголд түүнийг мөн л сонирхогч гэж хэлэх нь.

Дээрх жишээнүүдийг дэмий дурдсангүй. Учир юу гэвээс шавь сургалт буюу гэрийн боловсролыг Монголд хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Ялангуяа авьяаст суурилсан, бүжигчин, хөгжимчин, циркчин, уран зураач зэрэг мэргэжлийг гэрийн сургалтаар эзэмшүүлэхийг зөвшөөрч, тэдэнд ур чадвараа үнэлүүлэх боломж олгох хэрэгтэй юм.

Европын орнууд энэ талаар арвин туршлагатай. Хөгжмийн боловсролыг гэртээ эзэмшиж, цаашлаад мэргэшин суралцах хүсэлтэй хүмүүс нь тусгай шалгалт өгч, сертификат аван, дараа дараагийн мэргэжлийн сургуульдаа элсдэг байна. БНХАУ-д ч бас өндөр өртөгтэй хөгжмийн сургалтыг гэрээр эзэмшихийг зөвшөөрдөг аж. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Хөгжмийн сургуульд багшилж буй удирдаач Б.Лхагвасүрэн “Бүх боловсрол олгох систем дотроос хамгийн их өртөгтэй нь хөгжмийнх байдаг. Учир нь мэргэжлийн хичээлүүд ганцаарчилсан буюу нэг багш-нэг сурагч гэсэн хэлбэрээр явагддаг. Мөн олон жил шаардагдана.

Тиймээс сургалтаа ямар хэлбэрээр явуулах нь улс бүрийн хувьд анхаарал татсан асуудал болдог. Социалист системд байсан улсуудад хөгжмийн бага, дунд боловсролыг тусгай мэргэжлийн сургуульд эзэмшиж, дараа нь консерватори буюу хөгжмийн дээд сургууль дүүргэснээр мэргэжлийн хөгжимчин болох боломжтой. Тухайн улсад хөгжмийн 10 дунд сургууль, нэг их сургууль гэсэн зарчим хамгийн багадаа үйлчлэх учиртай.

Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн өөр нэг тогтолцоо нь хөгжмийн мэргэжлийн сургууль болон гэрийн сургалт хоёрыг хослуулах юм. Ингэхдээ гэрийн сургалтыг системжүүлсэн байдаг бөгөөд мэргэжлийн сургалтын түвшинд хүлээн зөвшөөрдөг. Гэрийн хөгжмийн боловсрол эзэмшиж, зохих шалгалтаа өгч, тусгай мэргэжлийн сертификат авах эрхтэй байдаг” хэмээн ярилаа. Хөгжмийн хоёр дахь их сургуулиа албан ёсоор зарлах гэж байгаа манай улсын хувьд хөгжмийн бага, дунд сургуулийн тоог нэмэгдүүлэх, эсвэл гэрийн хөгжмийн боловсролыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт үлдээгүй байна.

Ирэх онд ХБК-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй 700 хүүхэд саяхан уралдаант шалгаруулалтад оролцлоо. Тэдний 35 нь л энэ сургуулийн сурагч болно. Хүсэл, тэмүүлэлтэй, хөгжим сурахыг хүссэн 600 гаруй хүүхэд ард нь сургуульгүй үлдэж буй юм. Тэд бүгд авьяасгүй биш. ХБК орон тоондоо тааруулж, маш нарийн шигшиж, онцгой авьяастай хүүхдүүдийг элсүүлж буй учраас л эдгээр хүүхэд хасагдсан хэрэг. Магадгүй тэдэнд суралцах боломж олдвол авьяасаа хөгжүүлсээр замын дундаас ХБК-д шалгуулан элсэж, цаашлаад консерватори төгсөх боломж нээгддэг бол юутай сайхан билээ.

Эцэст нь, мэргэжлийн математик, “сайн дурын” математик гэж байдаггүй. Тиймээс урлагийг ч бас мэргэжлийн, мэргэжлийн бус гэж зааглахаа больё. Хэрэв мэргэжлийн бус, сонирхогч гэж хэлэгдэж буй тухайн хүн үнэхээр авьяастай, чадалтай бол түүнд боломж олгоё. Өндөр өртөгтэй, ганцаарчилсан сургалттай, авьяастай байж л эзэмшдэг мэргэжлүүдэд шавь сургалт, гэрийн боловсролыг хүлээн зөвшөөрье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)