АВЬЯАСТНУУД АХ НАМД ЭЛСЭВ

МАХН үзэл баримтлал, нэрээ өөрчлөхийг зорьж буй бол түүний нүүр царайг “одод” шинэчлэхээр шийджээ. Хөмсөг зангидсан, хямсгар улстөрчдийн хажуугаар энэ намынхан дотроос харагдаж байх урлаг, соёлынхны баясгалантай дүр төрх нэмэгдэв. 90 жилийн ойгоо угтах гэж буй уг намд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, УДЭТ-ын жүжигчин, найруулагч МУСТА Н.Наранбаатар, Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат нар өчигдөр МАХН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гардлаа. Урлаг, спортын ертөнцөд хэдийнэ байр сууриа олсон эдгээр эрхэм одоо улс төрд орох цаг нь болсон гэж үзжээ. Харин яагаад МАХН-ыг сонгосон юм бол. Тэдний сэтгэгдлийг сонирхлоо.


 

Б.САРАНТУЯА: ЭНЭ СОНГОЛТЫГ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ХИЙСЭН

-МАХН-ын сурталчилгаанд оролцоод 10 жил болсон байна. Тэр үеэс л үйл ажиллагаанд нь оролцсон. Манай аав ч энэ намын гишүүн байлаа. Гэнэ тийн сонголт биш. Олон жилийн өмнө энэ намыг сонгосон, гагцхүү хэзээ элсэх вэ гэдгээ л шийдээгүй байсан юм. Тэгээд энэ цаг үед тохиож байна. Нас маань болчихлоо. Хувь хүний, бас нийгэмд эзэлж буй байр суурийн хувьд ч улс төрийг сонирхох цаг ирсэн болов уу. Түшиг тулгуур болох, зөвлөх, урлагийн тайзнаа хамт явдаг уран бүтээлчид тэй гээ хамт Монголын хүчирхэг, олон гишүүнтэй, нэр хүндтэй намд элсэж буйдаа сэтгэл хангалуун байна. Намынхаа ажилд чин сэтгэлээсээ зүтгэнэ.

-Уран бүтээлчид намд элссэ нээрээ тухайн намын төлөө л ажиллаж, сурталчилгаанд нь тоглох уу?

-Бид бүх л намын сурталчилгаанд оролцох ёстой. Үүн д харьяалал байхгүй. Гэхдээ урлагийнханд хамгийн их анхаарал тавьдаг намын нэг нь МАХН.

-МАХН хуучин нэрээ сэргээж, үзэл баримтлалаа сольж байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Дэмжиж байгаа.

 

Н.ЭНХБАТ: УЛС ТӨР СОНИРХОХ НАС БОЛСОН

-МАХН төр барих хугацаанд бид томилолтоор олон удаа гадаад, дотоодод тэмцээн уралдаанд оролцож байлаа. 1989 онд Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөөс Монгол Улсын гавьяат цол гардсан. Ер нь нас тогтлоо. Найз нөхөдтэйгөө ярьж тохироод энэ намд элссэн юм.

-МАХН та бүхэнд санал тавьсан уу?

-Үгүй ээ. Би өөрөө шийдвэр гаргасан.


Д.ЖАРГАЛСАЙХАН: УДААН БОДОЖ БАЙЖ МАХН-ЫГ СОНГОЛОО

-Удаан бодож байж ийм сонголт хийлээ. МАХН-ын 90 жилийн ой тохиох гэж байгаа. Энэ намын өнгөрсөн 90 жилд ард түмнийхээ төлөө хийсэн гавьяа их юм байна гэж ойлгосон. Монгол Улсын сүүлийн 90 жилийн түүхийг энэ намгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уран бүтээлч бид ард түмнийхээ төлөө дуу хуураа өргөж явдаг. Бидний аав ээж, өвөө эмээ энэ намын төлөө зүтгэж явсныг үгүйсгэхгүй. 2010 оноос МАХН-ын удирдлагууд шинэчлэл хийж өөрийн уугуул нэр МАН-ыг сэргээх асуудлыг дэвшүүлж, ээлжит их хурлаараа ирээдүйн 20 жилийн хөгжлийг цогц байдлаар нь харж төлөвлөх бодолтой байгаа юм билээ. Энэ сайхан өдөр МАХН-ын гишүүнээр элссэндээ баяртай байна.


Н.НАРАНБААТАР: МАХН-ЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖСЭН

-Миний эцэг, эх МАХНын гишүүд. Миний хувьд амьдралынхаа томоохон сонголтыг хийлээ. Хувь хүний тухайд чухал сонголт байлаа. МАХН-ын үндсэн мөн чанар, зорилго, надад таалагддаг. Нөгөө талаас МАХН өөрчлөгдлөн шинэчлэгдэж Монгол Ардын Нам болж байна. МАН-ыг та бүхэн сайн мэдэж байгаа. Д.Бодоо МАН-ыг байгуулахад Богд хаан энэ намын нэрийг аравнайлсан юм билээ. Нэг ёсондоо ардаараа овоглосон нам болж дотроосоо шинэчлэгдэж, шинэ зорилго, шинэ эрч хүч, шинэ мөн чанартай болж байгаа нь надад таалагдсан. Миний хойноос олон залуу уран бүтээлч МАН-д элсэх болно.

-Урлагийнханд намд элсэх ямар шаардлага байдаг юм бол?

-Залуус бид эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ихийг хийх ёстой. Ийм сэтгэлийн үүднээс л намд элссэн.


Б.ДАШДОНДОГ: УРЛАГТ ОЙР НАМ

-МАХН залуу үеэ дэмждэг, хийж буй ажил нь үр дүнтэй байж чаддаг нам. Уран бүтээлч бидэнтэй хамтарч ажиллаж чаддаг нам. Олон сонгуулиар шинэ уран бүтээл хамтарч хийсэн. Энэ утгаараа бид ойр дотно болсон. Намын ажлаас бусад үед ард түмэндээ уран бүтээлээ хүргэнэ. Намын ажлын үеэр уран бүтээлээ зөвхөн намдаа л зориулна.

-Улстөрийн олон намаас МАХН юугаараа давуу юм бэ?

-МАХН-гүйгээр улс орны хөгжлийг тодорхойлоход хэцүү л дээ. Олон жил үйл ажиллагаа явуулсан, илүү их туршлагатай, олон гишүүнтэй, эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний төлөө хийсэн үйлийг нь, уран бүтээлч бидэнтэй ойр байсныг нь бодоод ийм сонголт хийсэн.

-МАХН-ын шинэчлэлийн талаар ямар байр суурьтай байна вэ?

- МАН бол анхны хувилбар нь. Нэр өөрчлөгдсөнөөр хувьсгалт гэдэг үгнээс татгалзаж шинэ үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэж үзэж дэмжинэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)