Авчирч чадахгүй юм бол эртхэн зарлаач

Засгийн газар, УОК гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг авчрах ажлыг “яст мэлхийн” хурдаар зохион байгуулж буйгаа хүлээн зөвшөөрч, дутагдалдаа дүгнэлт хийн, шуурхай ажилламаар байна. Хуралдаад шийдэл ололгүй тардаг байдлаа халах цаг болжээ. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх “Хүн байтугай морь ч нутгаа зорин гүйдэг юм. Нэг ч монгол хүнийг хилийн цаана орхихгүй, бүгдийг авчирна” гэж хэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.
Сонгуулийн өмнө олон нийтээс оноо цуглуулах гэж ийм үг амнаасаа унагаагүй, чин сэтгэлээсээ хэлсэн байх хэмээн бодном. Энэ үгийг нь өнөөгийн цөвүүн цагт хэтрүүлбэл улсын Үндсэн хуультай зүйрлүүлэн авч үзэж, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дүрэм, журмыг үүнтэй нийцүүлэн өөрчилбөл өөрчлөөд “дайрсан” бол өдийд гадаадад гацсан гэх монголчуудаа бүгдийг нь авчирчих байлаа.

Тусгаар тогтносон Монгол Улсын агаарын тээврийн гол компани нь зорчигч зөөдөг хоёр, гуравхан онгоцтой, хүчин чадал хүрэхгүй, онгоцны үйлчлэгч нарын тоо 100 хүрэхгүй, явсан нь тусгаарлагдсаар байх аваас дараагийн ээлжинд үйлчлэх охид олдохгүй гэх зэрэг шалтгаан тоочоод байвал ирэх хүсэлтээ илэрхийлсэн 10 мянга орчим иргэнийг таван жилдээ ч татаж авч чадахгүй болов уу. Хэрэв үнэхээр энэ мэт шалтгаанд баригдаад хөдөлж чадахгүй, эс бөгөөс “Тарифаар л авчирна, өөр арга байхгүй” гэх МИАТ-д “тархиа атгуулаад” алхам хийхгүй юм бол иргэддээ үнэнийг ил цагаан хэлээд уучлалтай гуйх хэрэгтэй бус уу. Тэгвэл хүмүүс дэмий хүлээж, горьдлого тээхээ болиод аргаа олох замдаа орно шүү дээ. Яг Украин, украинчууд шиг. Эс бөгөөс үүсээд буй нөхцөл байдалд яаралтай дахин мониторинг хийж, менежментийн эрс шинэчлэл хийх шаардлагатай байна.

Юу болохгүй, дутаад иргэдийг гүйцэд авчирч чадахгүй байгаа юм бэ. Онгоц, үйлчлэгч хүрэхгүй байгаа юм бол хөрш орнуудтайгаа яриа, хэлэлцээ хийж болохгүй юу. Онгоцнууд нь сул зогсож байгаа шүү дээ. Үүн дээр л нисэхийн чиглэлийн олон улсын байгууллагын гишүүн орны хэрэг гарах юм биш үү. Гамшиг, өндөржүүлсэн бэлэн байдлын үед МИАТ-ийн тарифыг хатуу мөрдөнө гээд суух нь зүйд үл нийцнэ. Гадаадаас онгоц хөнгөлөлттэй үнээр дайчлаад, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс шийдэггүй юм уу.

УОК-ийн Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “ХӨСҮТ 250 ортой. Илүү хэмжээний ачаалал авбал бид халдварыг олон нийт дунд алдах магадал туйлын өндөр болно. Бидний хамгийн түрүүнд бодох зүйл бол энд байгаа гурван сая хүний аюулгүй байдал” гэж хэлсэн. Эмнэлгийн орны тоог 250-иар хязгаарлана гэдэг бол дэндүү ядуу сэтгэлгээ юм. Жишээ нь Яармагт шинэ, 300 гаруй ортой эмнэлгийг бэлэн байдалд байлгаж байгаа гээд зургийг нь харуулаад байсан, яасан бэ. Тажикистанд вирустэй хүмүүсийг тусгаарлахад бэлтгэлээ гээд ачааны чингэлгүүдийг цагаанаар будаад эгнүүлээд тавьчихсан байна билээ. Олон ч оронд хээрийн эмнэлэг зохион байгуулж ажилласан. Манайх хажууд нь диваажин биз дээ. Юу байна, газар байна, юу байна, гэр олон. Нийслэлийн ойролцоо эсгий гэр хотхонууд байгуулаад хүмүүсийг байрлуулаад, эмчлээд байж болохгүй юу.

Манайх дээд боловсролтой эмч нараар “хахаж” байгаа санагдана. Анагаахын чиглэлийн энэ олон сургуулийг төгссөн мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулан “Ковид”-оор мэргэшүүлж, чадавхжуулж болох мэт. Сувилагч ховор болсон гэсэн. Өнөөх олон эмч нар дунд түр зуур сувилагчаар ажиллах сэтгэлтэй нь байх л болов уу. Мэдээж эдгээр мэргэжилтэнд цалин хөлс хангалттай олгохын зэрэгцээ өдгөө авч хэрэгжүүлж буй шигээ хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцтай болгох урамшуулал нэмээд байвал бүгд л гараа өргөөд ажиллана биз дээ.

Гадаадад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихоод байгаа иргэд боломжийн саналууд дэвшүүлдэг. Гагцхүү түүнийг нь ажил хэрэгчээр сонсож, хүлээж авч, хурал, зөвлөгөөнийхөө үеэр ярьдаг юм уу, үгүй юм уу. Зүгээр сошиалын солиорол гээд оошоолгүй орхидог уу.

Иргэд юу хэлдэг вэ. Монгол нь онгоцгүй шахам улс гэдгийг мэддэгийн хувьд тэд орон гүрэн дамжсаар байгаад яваад ирвэл хил дээрээ хүлээж авах уу, аргаа олоод яваад очъё, болох уу гэж лав хоёр сарын өмнө асууж байсан. Жишээ нь энэ асуулт, саналд ямар хариу өгсөн бэ. Хэн нэгний амнаас гарсан ашиггүй хий гэж үзээд тоогоогүй юу. Оюутан охин Чех улсаас гарч, дамжсаар 20 гаруй хонон, хил дээр хүрээд ирэхэд нь “Оруулах боломжгүй, Орос руу буц” гэдэг гэнэ. Ингэж хэлсэн ажилтныг буруутгаж болох байх. Гэхдээ эндээс олныг “уншиж” болно. Юуны өмнө төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байна. Асуудлыг газар дээр нь шийдвэрлэх шуурхай байдал ч гэж алга. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах дүрэм, журам, техник, тактиктаа энэ мэтийн гэнэтийн тохиолдолд яах ёстой талаар урьдчилан бодож, харж томьёолсон зүйл, заалт байдаггүй юм байна.

Манай улс дахь АНУ-ын Энхтайвны корпус хэмээх байгууллагын үйл ажиллагааны дүрэм, журамд хүний төлөөх үйлчилгээг ямар нарийн зохицуулалттайгаар суулгаж өгсөн тухай мэдээд “биширч” байсан юм. Говийн ганц айлд амьдардаг америк ажилтан гэнэт хоолны хордлого болсон тухайгаа богино холбоогоор төвдөө мэдэгдвэл түргэн тусламжийн машиныг мэдээлэл авснаас тэр хэрийн хугацаанд багтааж замд гаргасан байна гэх зэргээр журамласан байдаг юм билээ. Үүнтэй харьцуулахад туурга тусгаар улсын маань өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дүрэм, журам гэж харийн газраас эх орон, эцэг эхээ гэж зүтгэн 20 гаруй хоног явж ирсэн оюутан хил дээр хүрээд ирэхэд нь “Уучлаарай, буц даа” гэх хэрийн хүчин чадалтай байна шүү дээ. Энэ мэт байдалдаа дүгнэлт хийж, бусдыг, ялангуяа ард иргэдээ сонсож, хэрэгтэй мэдээллүүдийг нь шүүрдэн авч, “боловсруулаад” ажил хэрэгтээ тусгавал аяндаа дүрэм, журам тань нэг заалт нь нөгөөгөө дэмжсэн уялдаа холбоо, логиктой болж, гадаадад гацсан элэг нэгтнүүдээ эх оронд нь энх тунх байгаа дээр нь авчирч болох бус уу. Хэрвээ чадахгүй юм бол энэ тухайгаа эртхэн зарлан, хүлээж, горьдсон монголчуудаа наашаа харж саравчлах хэрэггүй гэж сэтгэлийг нь шулуутгаач.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)