Авто ослоор нэг өдөрт хоёр хүн нас барж, 12 хүн гэмтжээ

Ч.Туяа

             Нийслэлийн Хан-Уул дүүргийн V хороо Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд “Бичил Глобус” ББСБ-ын “Хьюндай аксент” автомашины жолооч Т нь Б-гийн жолоодож явсан “Хьюндай-55” маркийн бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас жолооч Т амиа алдаж, гурван зорчигч гэмтжээ. Энэ сарын 30-нд шилжих шөнө буюу өчигдөр 00.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн XX хороо, Товчооны замд “Тоёота приус” автомашины жолооч Т нь ачааны машинтай мөргөлдсөний улмаас зорчигч, нэр хаяг нь тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэй нас барж, дөрвөн хүн гэмтсэн харамсалтай явдал болжээ. Осол гаргасан жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Энэ мэтчилэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа аж. Энэ сарын 10-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд замын цагдаа нар нийт 1442 согтуу жолоочийг илрүүлсэн байна Ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулахаар заасныг хэлэхэд илүүдэхгүй биз.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)