Авто замууд усанд автаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болов

Баянгол дүүрэг, 25 дугаар эмийн сангаас “Өргөө” кинотеатрын уулзвар өгсөх замд. 2020.06.24

Хэдэн хоног дараалан орсон борооны улмаас Төв, Говьсүмбэр аймагт үер бууж, дөрвөн хүн эндэн, эд хөрөнгийн багагүй хохирол учирсан. Нийслэлд өчигдөр дуу цахилгаантай, түр зуурын аадар орж, авто замууд усанд автав. Сонгинохайрхан дүүргийн нутаг, I хорооллын арын зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дэх Тасганы овоо, Баянбүрдийн тойрог, Баянгол дахь 25 дугаар эмийн сан, 28 дугаар сургуулийн урд, Баянзүрх дүүрэг дэх Дарь-Эхийн авто замын зорчих хэсэг усанд автан, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болжээ. Усанд түрэгдсэн чулуу, хог хаягдал Дарь-Эхийн замын зорчих хэсгийг хааснаас зохиомол түгжрэл үүссэн байна. Мөн нийтийн тээвэр, цөөнгүй автомашин зам дээр унтарч, хөдөлгөөнд ачаалал үүсгэснийг ТЦА-наас мэдээлэв. Зам дээр тогтсон ус, нүх тойрох гэж автомашинууд урсгал сөрсний улмаас осол гаргажээ.

Үер, усны дуудлагын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас тодруулахад “17.20 цагийн байдлаар үер, устай холбоотой 30 гаруй дуудлага хүлээн авсан. “Сонгуулийн санал авах байрны орчимд их хэмжээний ус тогтсоны улмаас иргэд нэвтрэх боломжгүй боллоо” гэсэн хоёр дуудлага ирлээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн XI хороо, 126 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн VI хороонд байрлах санал авах байрны гадна тогтсон усыг соруулж, цэвэрлэв. Айл гэр, албан байгуулага усанд автсан дуудлага ирээгүй” гэв. Геодези, усны барилга байгууламжийн газрын таван бригад хог, чулуунд бөглөрсөн суваг, шуудууг цэвэрлэж, тогтоол усыг хоёр машинаар зөөж байгаа аж. Ирэх амралтын өдрүүдэд ч дуу цахилгаантай бороо орох төлөвтэйг ЦУОШГ-аас анхааруулав. Үүр, Туул, Тэрэлж, Эг, Барх, Хурх, Онон, Балж, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см-ээр нэмэгдэн, Сөгнөгөр гол үерлэжээ. Хэнтий аймгийн Өндөрхаан сумд өчигдөр тэмээний хорголын чинээ мөндөр оров.