Автор л чухал

Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын жагсаалт дотор “Гэр бүлийн хүчирхийллийг зөрчилд тооцож байсныг өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барилаа” гэсэн хэсэг бий. Уг нь өмнөх УИХ-аар гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэг хэмээн тооцоод хүлээх хариуцлагыг зохицуулсан хууль баталчихсан юм шүү дээ.

Гэвч МАН эрх баригч болмогц энэ хуулийг хүчингүй болгочихсон. Тэгмэгцээ агуулгыг нь тоть мэт давтаад, цоо шинэ юм хийчихсэн мэтээр тайландаа тусгасан нь “хөгжилтэй”.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Ямар хуулиар зөрчилд тооцдог байсан юм бол. Зөрчил болон гэмт хэрэгт тооцох хуулиудын үйлчлэх хугацааг хойшлуулсан шиг санагдах юм” хэмээн жиргэжээ. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг ёсчлоогүй гэдэг шалтгаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэрэгжүүлэх хугацааг нь хойшуулсан билээ.

Мөн үүнтэй холбоотой хэрэгжих ёстой байсан процессын таван хуулийг буцаасны нэг нь дээрх Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх тухай хууль байсан билээ. Зөвхөн өргөн барьсан автор нь өөрчлөгдөхөд л бүх зүйлийг шинэчилсэн болдог бололтой. Ерөөсөө авторын хойноос л хөөцөлдөх нь улстөрчдөд чухал аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)