АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭЛД АЛХАМ ДӨХҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ

“Made in Mongolia” гэх тамгатай автомашин хэзээ үйлдвэрлэлд нэвтэрч, бидний магнайг тэнийлгэх бол гэсэн бодол танд төрж байсан уу? Мянгуужингийн үлгэр биз дээ хэмээн мөрөөдлөө үгүйсгэж, бидний үр хүүхэд ч тэр сайхан цагийг үзэхгүй л болов уу хэмээн халаглаж суухын оронд автомашин үйлдвэрлэхэд алхам дөхүүлэх судалгаа шинжилгээний ажлуудыг дэмжиж, үйлдвэрлэлд нэвтрүүлцгээе. Бидэнд нэг том дутагдал бий. Эсгий шаахай, арьсан хэтэвч төдийгөөр хязгаарлагдах үйлдвэрлэлээ өргөн цар хүрээтэй хөгжүүлэхийн тулд эцсийн бүтээгдэхүүнд л анхаарал хандуулдгаас завсрын шат, дамжлагыг төдийлэн ойшоодоггүй. Гэтэл хэтдээ автомашин үйлдвэрлэж эхлэхийн тулд юун түрүүнд дэлхийн хөгжлөөс даруй 40-50 жилээр хоцорч буй төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх учиртай.

Манай орны хувьд төмрийн хүдрийг баяжмал хэлбэрээр гадагш экспортолдог байсан бөгөөд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард “Бэрэн” групп ширэм хайлах үйлдвэр байгуулснаар түүхий эдийг боловсруулдаг болоод байгаа билээ. Гэхдээ гангийн үйлдвэрлэлийн дэлхийн жишгээс харахад төмрийн хүдрийг баяжмал, баяжмалаа хэлбэржүүлэн орц, найрлагыг чанартай бүтээгдэхүүн гаргахуйц болгон боловсруулж түүнийгээ ширэм хайлахад ашигладаг бол манай орны хувьд одоогоор баяжмалаа брикет хэлбэрээр ашиглан ширэм хийж байна. Харин эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, аль ч гангийн үйлдвэрийн түүхий эд болохуйц ширэм гаргаж авахын тулд баяжмал боловсруулах технологийн ашигтай загварыг монгол залуус хэдийнэ бүтээж, оюуны өмчөөр баталгаажуулжээ. Товчхондоо бид залуусаа дэмжиж судалгааны бүтээлийг нь нэвтрүүлбэл өнөөх мөрөөдлийн автомашины үйлдвэрлэлдээ алхам дөхнө гэсэн үг.

Аргалж, хорголж хэмээн үндэснийхээ хэв маягийг тусгасан бүтээгдэхүүнийг ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Метал судлалын IV ангийн оюутан О.Ууганзаяа, Б.Нандин-Эрдэнэ нар Машин үйлдвэрлэлийн профессорын багийн тэргүүлэх профессор М.Дэлгэрмаагаар удирдуулан бүтээжээ. Хэдийгээр хөгжингүй орнуудад манай аргалж, хорголжтой ижил загварын бүтээгдэхүүн гаргаж авах технологийг хэдийнэ боловсруулсан байдаг ч тухайн бүс нутаг, түүнээс олборлосон хүдрийн онцлогоос хамаарч зайлшгүй шинэ технологи гаргаж авах шаардлагатай болдог. Нэгэнт гадаадын үйлдвэрлэгчид манай орны онцлогт тохирсон төмөр боловсруулах технологийг судалж, зохион бүтээж бэлэн хоол бэлдэхгүйгээс хойш завсрын боловсруулалтын арга технологийг өөрсдөө хийж байж л эцсийн бүтээгдэхүүний талаар ярих боломжтой болно гэсэн үг. Харин автомашины үйлдвэрийг мөрөөдөх ч зориггүй байсан монголчуудад тэдний шинэ бүтээл итгэл найдвар авчрах нь ээ.

Тун удахгүй гэсэн баяр хөөртэй зэрэгцэн автомашин тэргүүтэй аж үйлдвэрлэлийн бусад бүтээгдэхүүнийг өөрсдөө хийдэг болтол бид аргалж, хорголжийг хэрхэн ашиглах вэ, бидэнд гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх нөөц боломж бий юү гэсэн асуулт урган гарна. Тэгвэл Монголын төмөрлөгийн зах зээл гадаадын үйлдвэрлэгчийн анхааралд хэдийнэ өртчихөж. Робот хийхэд шаардагддаг тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Японы компани хэдийнэ Монголд үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Тэд одоогоор түүхий эдээ гадаадаас авчран үйлдвэрлэл эрхэлж байгаа ч төмрийн нөөц ихтэй манай оронд гангийн үйлдвэр баригдчихвал Монголоос түүхий эдээ авах сонирхол ч байгаа гэнэ. Гадаадынханд нийлүүлэхээс гадна өдгөө төмрийн хаягдлыг түүхий эдээ болгон ашиглаж буй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” тэргүүтэй гангийн үйлдвэрүүдийг ч сайн чанарын түүхий эдээр хангах боломжтой гэсэн үг.

Монгол залуусын бүтээсэн аргалж, хорголжийг ширэм хайлахад ашиглаж эхэлбэл зуухны элэгдэл эрс багасч, ширэмний чанар ч эрс сайжрах гэнэ. Тэд “Бэрэн” группийн түүхий эдээ татдаг Архангай аймгийн Тамирын голын бүлэг ордын хүдэрт түшиглэн судалгаагаа хийсэн аж. Учир нь тус ордоос олборлодог төмрийн хүдэр нь хүхэр, цахиур, фосфорын ислийн агуулга өндөртэй, боловсруулахад хүндрэлтэй тул ширэм хайлахад завсрын технологи зайлшгүй ашиглах шаардлагатай.

Цахиур ихтэй төмрийн баяжмал нь ширэм хайлах зуухны доторлогоог иддэг гэх мэт сөрөг талтай байдаг гэнэ. Үнийн хувьд ч төмрийн хүдрээ тонн бүрийг 40 орчим ам.доллараар гадаадын орнууд руу экспортолдог бол төмрийн баяжмалыг 150 ам.доллараар борлуулдаг байхад аргалж, хорголжтой ижил төрлийн бүтээгдэхүүн 200 ам.доллараас буудаггүй аж. Монгол судлаач залуус бүтээгдэхүүн гаргаж авах технологийн ашигтай загварыг бүтээгээд зогссонгүй. Үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ч бэлэн болгож аргалж, хорголж үйлдвэрлэх төхөөрөмжийг бүтээгээд буй юм билээ. Ижил төрлийн төхөөрөмжийг урд хөршөөс худалдан авахад 30 сая орчим төгрөгийн ханштай байдаг бол ШУТИС-ийн судлаач оюутнууд арав дахин хямд зардлаар бүтээж чадна гэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)