Автомашины ухаалаг зогсоол барьжээ

“Сворд отис” компанийнхан автомашины ухаалаг зогсоол барьжээ. Шилэн байгууламж дотор тавцангууд харагдах аж. Зогсоолын үүдэнд жолооч картаа уншуулахад хаалга нээгдэв. Нэгдүгээр давхрын тавцанд машинаа зөв байрлуулахад, өмнөх дэлгэцэд “Ок” гэсэн бичиг харагдлаа. Жолооч бууж, холдсоныг аюулгүйн дохио мэдэрч, машин зогссон тавцан дээш өргөгдлөө. Уг үйл явцад эргүүлэг бүхий гол цахилгаан шат, тавцан л оролцох аж. Энэ байгууламж суудлын 30, том оврын 22 машин байрлах зориулалт бүхий хоёр хэсэгтэй юм байна. Зургаан машин зогсох боломжтой талбайд ийнхүү 52-ыг багтаахад бэлэн болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал А.Нинжчимбэ “Манай компани 2006 оноос урсдаг болон цахилгаан шат 800 орчмыг суурилуулж, засвар, үйлчилгээ хийсэн. 

Онцолбол, БНХАУ-д тэргүүлэх “Xizi” группийн “Сворд отис” гэх цахилгаан, урсдаг шатны шийдлийг 2013 оноос, хоёр жилийн өмнөөс “Хизи смарт парк” буюу автомашины ухаалаг зогсоолыг Монголд албан ёсоор оруулж ирсэн. “Орчлон констракшн” компанийн саналын дагуу энэхүү автомашины ухаалаг зогсоолыг барьж дууслаа. Анх гүйцэтгэсэн тул Хятадын компанийн инженерийн хяналтад материал, төхөөрөмжөө бэлдэж, барилгын ажлыг нь өөрсдөө гүйцэтгэсэн” хэмээв. Ухаалаг авто зогсоолд машин тавих төлбөрийг захиалагч “Орчлон констракшн” компанийнхан тогтоох аж. Хятадын “Xizi” компани ухаалаг автомашины 20 шийдлийг угсардаг бөгөөд манайд нэгийг нь л ашиглаж эхэлсэн нь энэ. Манай улсад 16 давхар барилга барьчихаад, оршин суугчдын дөнгөж 30 хувийг л хангах автомашины зогсоол бий болгодгийг А.Нинжчимбэ захирал шүүмжилсэн.

Хэрэв төрөөс хамтран ажиллаж, газар олговол ийм ухаалаг зогсоол олныг барьж, нийслэлийн түгжрэлийг шийдэх боломжтойг тэрбээр дурдсан. Уг авто зогсоолыг барихдаа барилгын ажлыг нь ч гүйцэтгэсэн учир багагүй хөрөнгө зарцуулжээ. Хэрэв барьсан барилга дотор зөвхөн машин өргөх технологийг байршуулбал хямд өртөгтэй гэнэ.

Бэлтгэсэн: Б.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)