Автомашины төлбөрөө онлайнаар болон Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой

Тээврийн хэрэгслийн татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг иргэдэд илүү хялбар, хурдан, шуурхай хүргэх зорилгоор SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем, гар утасны аппликейшнээр дамжуулан онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн.

SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системээр төлбөр төлөлтөнд банкны теллерийн систем нэвтрүүлэх, системд нэмэлт хөгжүүлэлт хийх асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын Ерөнхий газар, Үндэсний дата төв УТҮГ болон Улаанбаатар хотын банкны холбогдох хүмүүс уулзалт хийжээ.

Уулзалтаар Албан татвар, төлбөрийн нэхэмжлэхийг SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем, гар утасны аппликейшн ашиглаад банкны теллерийн системд холбогдон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, дүүргийн татвар хураах нэг цэгийн  үйлчилгээний байранд байрлах Улаанбаатар хотын банкны салбараар төлөх боломжтой эсэх талаар санал солилцжээ.

Банк теллерийн системд нэмэлт хөгжүүлэлт хийснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчид Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураамжыг онлайнаар болон банкнаас шууд төлөх боломжийг бүрдүүлэх юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)